ЭЗБХ: Иргэний нисэх болон төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын баримт бичгүүдэд өөрчлөлт оруулахыг дэмжлээ

  2018-06-26 10:20  472

“Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжив

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.06.26) хуралдаан 10 цаг 34 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, долоон асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулахдаа Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл болон Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг хуулийн хугацаанд гаргасан гэдгээ тэмдэглэв. Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 7,274.9 тэрбум төгрөгт хүрч, 108.8 хувийн биелэлттэй. Зарлага 9,017.3  тэрбум төгрөгт хүрч 95 хувийн биелэлттэй гарч улмаар нэгдсэн төсвийн тэнцэл 1,742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай тайлагнасан байна. Байнгын хорооны хуралдаанд Үндэсний Статистикийн хорооны дарга, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Барилга, хот байгуулалтын сайд, Зам, тээврийн хөгжлийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Эрчим хүчний сайдын багцын төсвийн 41 шууд захирагч, төрийн 100 хувийн өмчит 68 аж ахуйн нэгж, Засгийн газрын гадаад зээл, буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 23 төсөл, төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг нэгтгэн танилцуулж байгаа гэв. Нэгдсэн төсвийн гүйцэтгэлээр Эдийн засгийн байнгын хороонд харъяалагдах төсвийн ерөнхийлөн захирагчдын нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 905 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөснөөс 134.2 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй байгаа аж. Урсгал зардалд 85.6 тэрбум төгрөг, хөрөнгийн зардалд 778.2 тэрбум төгрөгийг зарцуулсан байна. Нийт зарлага болон цэвэр зээлийн дүн 69.9 хувь буюу 632.3 тэрбум төгрөгийг Зам, тээврийн хөгжлийн сайд, 8.8 буюу 79.9 тэрбум төгрөгийг Барилга, хот байгуулалтын сайд, 17 хувь буюу 154.1 тэрбум төгрөгийг Эрчим хүчний сайд, 3.1 хувь буюу 28.3 тэрбум төгрөгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, 1.2 хувь буюу 10.3 тэрбум төгрөгийг Үндэсний Статистикийн хороо болон Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарын багцын зарлага эзэлж байгааг Сангийн сайд танилцууллаа. Тайлант онд улсын төсвөөс Барилга, хот байгуулалтын сайдын багцын 66.1 тэрбум, Зам, тээврийн хөгжлийн сайдын багцын 122.8 тэрбум, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын багцын 2.8 тэрбум, Эрчим хүчний сайдын багцын 89.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг санхүүжүүлсэн аж. Улсын төсвөөс 65 тэрбум төгрөгийн урсгал санхүүжилтийг олгосон бол төсөвт байгууллага өөрийн орлогоор 12.8 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг бүрдүүлжээ. Түүнчлэн улсын төсөвт 407.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн нь төлөвлөснөөс 4.8 тэрбум төгрөгөөр илүү байгаа юм байна. 

    Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Бүрэнбат танилцуулсан. Барилга, хот байгуулалтын сайдын санхүүгийн нэгдсэн тайлан “зөрчилгүй” хэмээн дүгнэгдсэн бол Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдынх “хязгаарлалттай” хэмээн дүгнэгдсэн байна. Зам тээврийн хөгжлийн болон Эрчим хүчний сайд, Үндэсний Статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн нэгдсэн тайлан тус тус “зөрчилгүй” гэсэн дүгнэгджээ. 


    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Л.Энх-Амгалан, Б.Баттөмөр нар асуулт асууж, Сангийн сайд болон ажлын хэсгээс хариулт авсан юм. Тухайлбал, санхүүгийн тайлангаар Монгол Улсын Засгийн газар нийтдээ 45.6 их наяд төгрөгийн хөрөнгөтэй, үүний 46 хувь буюу 14.2 их наяд төгрөгөөр 2017 онд нэмэгдсэн шалтгаан, эх үүсвэрийн талаар Ч.Хүрэлбаатар сайд тайлбарлав. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 12 тэрбум ширхэг хувьцааг 11.2 тэрбум төгрөгийн биет бус хөрөнгөөр бүртгэсний улмаас дээрх дүн гарч байгаа аж. Бусад нь эд хөрөнгө болон ажил үйлчилгээний худалдан авалтаас үүдсэн гэдгийг тайлбарласан. Мөн тэрбээр банкууд дээр байршиж буй 1.8 их наяд төгрөгийн талаар тодруулсан З.Нарантуяа гишүүний асуултад хариулт өгөв. 2017 оны арванхоёрдугаар сар гэхэд арилжааны банкуудад байршиж байсан Засгийн газрын бүх хөрөнгийг татаж, эмхэлсэн гэв. Мөн төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн хөрөнгийг ч Төрийн сан руу татан, нэгтгэсэн байна. Үндэсний аудитын газраас “Зөрчилгүй” хэмээх дүгнэлтийн талаар тайлбарлахдаа “Нийтдээ 6166 тайлан нэгтгэгдэж байгаа бөгөөд нийлбэрээрээ “Зөрчилгүй” хэмээн дүгнэгдсэн. Засгийн газрын санхүүгийн нэгдсэн тайлангийн материаллаг түвшин нь тайлан дахь нийт 12,164.5 тэрбум төгрөгийн нийт зардлын 2 хувь бөгөөд тайланд 200.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн учир дээрх дүгнэлт гарсан” хэмээн Ерөнхий аудиторын орлогч бөгөөд Тэргүүлэх аудитор С.Бүрэнбат тайлбарлалаа. 

    Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланг ажил хэрэгч байдлаар хэлэлцэх, дараа дараагийн үйл ажиллагаандаа энэ удаагийн аудитын дүгнэлтийг харгалзах, төсвийн зардлын реформыг хийх шаардлага тулгараад байгааг Сангийн яамны төлөөлөлд Л.Энх-Амгалан гишүүн анхааруулав. 210 орчим тэрбум төгрөгийн зөрчил илрүүлсэн атлаа “Зөрчилгүй” гэж дүгнэснийг тэрбээр шүүмжилсэн. Нэн тэргүүнд төсвийн зардлын хуваарилалтыг тэгш, шударга зарчимд нийцүүлэх, түүнчлэн төрийн үйлчилгээтэй холбоотой хүнд суртал, чирэгдлийг багасгах зорилготой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаагаа Сангийн сайд тайлбарлав. Төсвийн зардлын хэмжээ болон орлогын хэмжээг уялдаатай байлгах зарчмаар ажиллаж буйгаа хэлсэн. Засгийн газрын тусгай сангуудад хийсэн аудитын дүгнэлт, тэдгээртэй холбоотой Ерөнхий сайдад хүргүүлсэн зөвлөмжийн талаар Үндэсний аудитын газрын Санхүүгийн аудитын газрын захирал бөгөөд Тэргүүлэх аудитор Ц.Наранчимэг дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Төрийн аудитын байгууллага олон улсын стандартын дагуу дүгнэлт гаргадаг гэдгийг тэрбээр тэмдэглээд “Манай байгууллага “зөрчилгүй”, “хязгаарлалттай”, “сөрөг”, “татгалзсан” гэсэн дөрвөн төрлийн дүгнэлт гаргадаг. Аудитын баг материаллаг түвшинг үр дүнгийн тайлангаас 0.2-2 хувь байх шийдвэрийг гаргах стандарт мөрдөгддөг бөгөөд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд 243.3 тэрбум төгрөгөөс дээш материаллаг буюу залруулагдаагүй алдаа зөрчил илрэх юм бол “хязгаарлалттай” буюу цаашлаад шинж чанар, агуулгаар нь бусад дүгнэлтийг гарна. Харин тайланд аудит хийхэд 200.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн нь аудит хийсэн багийн орлого, үр дүнгийн тайлан, зардлаас материаллаг түвшин тогтоосон 2 хувь буюу 243.3 тэрбумаас бага учир олон улсын стандартын дагуу дээрх дүгнэлтийг гаргасан. Гэхдээ “Зөрчилгүй” гэсэн аудитын дүгнэлтийг 100 хувь зөрчилгүй гэж ойлгож болохгүй” гэдгийг тэрбээр тайлбарлалаа. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Б.Баттөмөр гишүүн санал хэлэв. Монгол Улсын хэмжээнд төсвийн сахилга, дэг журам бүрэн алдагдсан байдлыг “Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт “АСЕМ”-ыг зохион байгуулсан  үйл ажиллагаа, түүний гүйцэтгэл, үр дүн”-гийн тайлангаас харж болно гээд “Бид хэчнээн хөрөнгө оруулалт татаад, төсвийн орлогыг нэмэгдүүлж, зардлыг багасгах арга хэмжээ аваад ч сахилга, хариуцлагыг бэхжүүлэхгүйгээр энэ байдал засрахгүй” гэв. Иймд хариуцлага алдсан, зөрчил гаргагчдад хууль хяналтын болон холбогдох байгууллагууд хариуцлага хүлээлгэх ёстой гэдэг байр суурийг тэрбээр илэрхийллээ. Дараа нь “Монгол Улсын 2017 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжих санал хураалт явуулахад гишүүд 60 хувийн саналаар дэмжсэн тул энэ талаарх санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр боллоо. 

Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Валютын зохицуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хуралдаан үргэлжиллээ. Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн хууль эрх зүйн асуудал хариуцсан зөвлөх Р.Булгамаа танилцуулсан. Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан,  стратегийн ач холбогдол бүхий ач холбогдол ашигт малтмалын ордыг ашигладаг, Монголбанкнаас тодорхойлсон хэмжээний экспортын гадаад валютын орлого олдог шаардлагыг хангасан хуулийн этгээдийн төлбөр тооцооны дансыг Монголбанк өөр дээрээ байршуулж болохоор төсөлд тусгасан байна. Хууль батлагдсан тохиолдолд Монголбанк өөр дээрээ байршуулсан, тодорхой шаардлага хангасан хуулийн этгээдийн дансаар дамжуулан гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах, тэдгээрийн экспортын орлогыг Монгол Улсаар дамжуулах эерэг үр нөлөөтэй хэмээн үзжээ.


    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Ч.Хүрэлбаатар, Х.Болорчулуун, Д.Эрдэнэбат, Б.Баттөмөр асуулт асууж, хариулт авлаа. Т.Аюурсайхан гишүүн төслийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа илэрхийлээд энэ чухал асуудлыг тооцоо судалгаа, үндэслэлтэйгээр хөндөх нь зарчимд нийцнэ гэдгийг хэллээ. Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан стратегийн ач холбогдол бүхий орд ашиглаж байгаа тохиолдолд Монголбанкнаас тогтоосон доод хэмжээний экспортын гадаад валютын орлоготой аж ахуйн нэгж данс нээх, орлогоо байршуулах хүсэлтээ Төв банкинд гаргах зохицуулалыг илүү тодорхой болгох, заавал Монголбанк гэхгүйгээр “дотоодын банк” гэж нэмэн сонгох хувилбартай байлгах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа хэлсэн.  УИХ-ын гишүүн Б.Баттөмөр банкны салбарт эрх зүйн шинэчлэл хийгдэж байгааг, мөн Засгийн газар ОУВС-тай хамтран хөтөлбөр хэрэгжүүлж буйгаа тооцох ёстой гэдгийг тэмдэглээд төслийн үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Монгол Улс олон улсын дүрэм журмаас ангид үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд хуулийн төсөл дэх зохицуулалт нь Үндсэн хууль дахь хоёр шатлалт банкны тогтолцоог үгүйсгэж байгааг хэлээд “Арилжааны банкуудыг чадавхижуулан олон улсын стандартад нийцэхүйц үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлэх, мөн Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэцэн батлах замаар асуудлыг шийдвэрлэх боломжтой. Өөр олон асуудлыг шийдэх боломж байгаа” гээд төслийн үзэл баримтлалыг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун төслийн үзэл баримтлалыг дэмжиж байгаагаа хэлсэн бол З.Нарантуяа гишүүн “Төслийн үр нөлөөг хоёр талаас нь тооцох ёстой. Валютын ханшийн савалгаа бол зээлийн хүүгийн өндөр байгаагийн үндсэн шалтгааны нэг. Иймд зах зээл рүүгээ валют татахдаа ханшид нөлөө үзүүлэхгүй, савалгаа үүсгэхгүйгээр валютын урсгалыг нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авах зорилго бүхий төсөл. Гэхдээ үүнийг хуулиар биш УИХ-ын тогтоолоор шийдэх боломжтой гэж үзэж байна. Хоёр системт банкны тогтолцоо алдагдах гээд байгаа гэдэг нь үнэн юм. Тиймд ажлын хэсгийн хүрээнд үндсэн зарчмыг алдагдуулахгүйгээр хэрэгцээ шаардлагаа хангах дундын хувилбарыг тооцож, олох нь зүйтэй” гэв. Ийнхүү асуулт асууж, байр сууриа гишүүд илэрхийлсны дараа санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэмжсэн. Иймд төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаар ахлуулан байгуулахаар шийдвэрлэв. 

“Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

    “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгийн санал дүгнэлтийг Байнгын хорооны дарга Д.Дамба-Очир танилцуулав. Тогтоолын төслийг хууль зүйн техникийн талаас хянан үзэж, нэр томъёо, хэл найруулгын засвар, өөрчлөлтийг хийсэн байна. Түүнчлэн төслийн зарим заалт хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн байж болзошгүй учир холбогдох заалтыг нэмэх, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх заалтыг үндэслэн төслийн хавсралтад нэмэлт оруулах зарчмын зөрүүтэй саналын томъёолол бэлтгэсэн байна. Төслийг хэлэлцсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэв. 

Анхны хэлэлцүүлгийг хойшлуулах горимын саналыг гишүүд дэмжлээ

    Дараа нь “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан танилцууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Б.Баттөмөр, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир, Д.Эрдэнэбат нарын гишүүд ажиллажээ. Зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа төслийн талаарх дэд ажлын хэсгийн бэлтгэсэн мэдээлэлтэй танилцаж, холбогдох тодруулгуудыг хийсний дараа төслийн хавсралтын 4.1.1, 4.1.2 дахь заалтуудад өөрчлөлт оруулах тухай саналууд гаргасан бөгөөд холбогдох зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг боловсруулсан байна. 


    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авлаа. Үүний дараа УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат асуудлыг нухацтай хэлэлцэх шаардлагатай учир хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргав. Санал хураалтад оролцсон гишүүдийн 57.1 хувь нь дэмжсэн юм.

“Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    Үүний дараа “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм. Б.Жавхлан, Ж.Ганбаатар, Л.Мөнхбаатар, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн, Я.Содбаатар нар ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан бөгөөд зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаараа дэд ажлын хэсгийн бэлтгэсэн мэдээлэлтэй танилцан, шаардлагатай тодруулгуудыг хийсэн байна. Ингээд төслийн 1 дэх заалтын 1, 4, 5 дахь дэд заалтуудыг өөрчлөн найруулах, бүтээн байгуулалтын ажилд улс ашиглах тухай дэд заалт нэмэх тухай зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэсэн гэв. Танилцуулгатай холбогдуулан Х.Болорчулуун, Т.Аюурсайхан, М.Оюунчимэг, Б.Чойжилсүрэн, З.Нарантуяа, Б.Дэлгэрсайхан, Д.Эрдэнэбат нарын гишүүд асуулт асууж, хариулт авсан. Гишүүд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьчлах хэсгийн үнэ цэнэд хүргэх, үүнээс олсон хөрөнгөөр бүтээн байгуулалт хийхийн зэрэгцээ улсын өрийг барагдуулах санхүүжилт болгох, IPO-гийн бэлтгэлийг 180 хоногт хангах бөгөөд үүнийгээ бэлэн болохоор УИХ-д танилцуулах, үнэлгээтэй холбоотой тодруулга, эрсдэл гарсан тохиолдолд хувьчлалын зардлын зарцуулалтыг эрэмбэлсэн эсэх, “Эрдэнэс MGL” компанийн нөхцөл байдлын талаар тодруулж, ажлын хэсгийн ахлагч болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, дэд ажлын хэсгээс хариулт авсан юм. Ингээд ажлын хэсгээс бэлтгэсэн болон гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэрбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Цөөн тооны хүн “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшихээс сэргийлж, иргэдэд олгох 1072 хувьцааны бүртгэлжүүлэлтийг эрчимжүүлэх, дээр нь “Эрдэнэс MGL” компанийн 49 доошгүй хувийг нийт иргэдэд эзэмшүүлэх хэлбэрээр өөрчлөн зохион байгуулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт өгөхтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хэлэлцэн, шийдвэрлэсэн юм. 


Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод өөрчлөлт оруулахыг дэмжив

    “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалын хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжиллээ. Төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцууллаа. Манай орны эдийн засагт уул уурхайн салбарын оролцоо өндөр боловч экспортын зах зээлд үнийн ба үнийн бус хүчин зүйлсээс шалтгаалан өрсөлдөх чадвар хангалтгүй. Үүний нэг том шалтгаан нь Монгол Улс далайд гарцгүй, дэд бүтэц, тэр дундаа төмөр замын сүлжээ, нэвтрүүлэх чадвар сул байгаагаас үүдэлтэй. Иймд төмрийн хүдэр, нүүрсний болон бусад эрдэс баялгийн экспортыг дэмжих, төмөр замын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх зорилгоор Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д тусгахаар төслийг боловсруулжээ. Энэ хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрөөс тамар замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын 3.2.4 дэх заалтад “3.2.4.5. Зүүнбаян-Ханги-280 км, 3.2.4.6. Эрдэнэт-Овоот-Арцсуурь-780 км” гэж дэд заалт тус тус нэмэхээр, 3.2.4 дэх заалтын “нийт 900 орчим км” гэснийг “нийт 1900 орчим км” гэж өөрчлөхөөр төсөлд тусгасан байна. 

    Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Б.Дэлгэрсайхан, Х.Болорчулуун нар асуулт асуун Зам тээврийн хөгжлийн сайдаас хариулт авлаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Болд, Б.Дэлгэрсайхан нар төслийн үзэл баримтлалтай холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэж, УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Ундармаагаар ахлуулан байгууллаа. 

Иргэний нисэхийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулахыг дэмжлээ

    Хуралдааны төгсгөлд хэлэлцсэн асуудал бол “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх байлаа. Засгийн газраас 2018 оны зургаадугаар сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. 

    Бодлогын хувьд агаарын харилцааны үе шаттай либералчлалын бодлогыг хэрэгжүүлэх, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн агаарын тээврийн үйлчилгээг тэлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, олон улсын нислэгийн үнэ, тарифыг бууруулахад чиглэсэн бодлогын шийдвэр гарган хэрэгжүүлэх зорилгоор төслийг боловсруулжээ. 

    “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-ын 3.8, 3.9 дэх заалтыг “Агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, нислэгийн давтамжийг суудлын багтаамжтай уялдуулан үе шаттай нэмэгдүүлэх зарчмаар олон улсын нислэгийн шугамыг хуваарилах, агаарын тээврийг эдийн засгийн хувьд зохицуулах чиглэл баримтлах”, “Гадаад улсаас Монгол Улс руу хуваарьт нислэг үйлдэх тээвэрлэгчийн тухайд үндэсний компанийн өрсөлдөх чадварыг харгалзан, ижил тэнцүү орчинд өрсөлдөх бодлого баримтлах”-аар өөрчлөн найруулахаар тусгажээ. 

Төсөл батлагдан хэрэгжснээр агаарын харилцаанд чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, хоёр талын агаарын тээвэрлэгч зах зээлд ижил тэгш боломжоор хангагдан, зах зээлийн зарчмаар өрсөлдөх, зорчигч тээвэрлэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, тээвэрлэлтийн үнэ тарифыг бууруулах боломж нөхцөл бүрдэнэ хэмээн тооцсон байна. 


    Зам тээврийн хөгжлийн сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, М.Оюунчимэг, Л.Энх-Амгалан, Б.Ундармаа нар асуулт асууж, хариулт авлаа. Гишүүд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжиж буйгаа илэрхийлээд Монгол Улсын агаарын тээврийн боломжийг бодитой судалж, ашиглалтыг тэлэх гарцын талаар, үүнтэй холбоотой тооцоо судалгаа бий эсэхийг тодруулсан. Онгоцны шатахууны хангамж, импортын эх сурвалжийг нэмэгдүүлэх, үнэ өртгийг бууруулах чиглэлээр хийж буй ажлуудын талаар мэдээлэл, тайлбар авлаа. Ингээд “Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого”-д өөрчлөлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн 92.9 хувь нь дэмжив. Иймд энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болж, төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг М.Оюунчимэг гишүүнээр ахлуулан байгууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2018-06-26 19:28  472