Цэс

Холбоо барих

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэгт Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үг


Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтган мэндчилье.

Юуны өмнө үндэсний хэлэлцүүлгийг дэмжиж, хамтран зохион байгуулж байгаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Швейцарийн хөгжлийн хамтын ажиллагааны газрын Монгол дахь Төлөөлөгчийн газрын тэргүүн бөгөөд Швейцарийн Холбооны Улсын Улаанбаатар дахь Консулын хэлтсийн дарга, хатагтай Габриэла Спирли-д чин сэтгэлийн талархал илэрхийлье.

“Бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын эрх зүйн орчныг бүрдүүлэх нь” үндэсний хэлэлцүүлэг хийж байгаа нь манай парламентын шинэчлэлийн зорилтын нэгэн чиглэл юм. Бид холбогдох хууль  тогтоомжуудыг батлан гаргахдаа иргэдийнхээ дуу хоолой, санал бодлыг сонсдог, сонсоод орхих бус хууль тогтоомжид тусгадаг, шийдлийг нь хамтаараа олдог байхыг зорьж байгаа.

Хэлэлцүүлгийн гол зорилго нь бэлчээрээ яаж хамгаалах вэ, бидний өмнө тулгамдаад байгаа дэлхийн дулаарал, цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, цөлжилтийг хэрхэн сааруулах вэ, малчдын нийгмийн асуудлыг яаж шийдвэрлэх вэ гэдэгт чиглэж байгаа юм.

Манай нэрт яруу найрагч Ц.Чимэддоржийн

Нарны даллагатай газар дээр хэдэн малаа л гэж

Намрын дунд сарын арван тавны тэнгэр ажигласан

Цаг цагийн үерт төрхөө алдаж эвдрээгүй

Цадиг түүх улбаалж өвгөдийнхөө нутагт эзэн суусан

Албаны тамгатай цаасыг униндаа хавчуулж мартсан

Адууныхаа тамгыг болохоор хадганд ороож залсан

Цуурай хадны сүгээс ч буурал намтар нь арилахгүй

Чулуун зэвсгийн үеэс хэдхэн дүү малчин гэж сайхан шүлэг байдаг.

Магадгүй, дэлхийн хамгийн эртний мэргэжил малчин байх. Тэнгэрийн араншинг ажиглаж, Монгол газар нутагтаа оршин амьдарч, нүүдлийн соёл иргэншлийг тээж, хадгалж, хөгжүүлж яваа хүмүүс бол малчин түмэн.

Цаг үе, агаар орчин, нийгэм өөрчлөгдөж байна. Малчидтай уулзаж байхад тэнгэрийн байдал, өвс ургамлын төрх, шувуудын жиргээ хүртэл өөрчлөгдөж байна гэж хэлдэг.

Манай улсын нийт газар нутгийн 73.8 хувийг эзэлж байгаа хөдөө аж ахуйн эдэлбэр газарт мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэхэд зориулагдсан бэлчээр, хадлангийн газар 96.1 хувийг эзэлдэг. Мал аж ахуйн салбарын нийт ажиллах хүчний 30.0 хувийг малчид эзэлж байна. Гэтэл манай эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай болсон. Ургадаггүй алтнаас ургадаг алт болох ноос, ноолуур, арьс шир гэх мэт түүхий эдийн үр шимийг хүртэх бодлого, тогтолцоо алдагдсан.

Та бүхний нөр хөдөлмөрийн үр дүнд малын тоо толгой 66.5 саяд хүрлээ. Энэ бол сайхан хэрэг. Гэвч хонин толгойд шилжүүлсэн дүнгээр малын тоо 110 сая орчим болж, бэлчээрийн даац 25 саяар хэтэрсэн байна.

Ургамал судлаачид, эрдэмтэд, малчдын ажиглаж мэдсэнээр ургамлын төрөл зүйл цөөрч, бэлчээр доройтож, цөлжиж, гол ус, нуур шандын усны түвшин буурч байгаа нь нийтлэг бэрхшээл болоод байна. Одоо амиа аргацааж, довоо шарлуулж явдаг цаг биш. Бидний амьжиргааны гол эх үүсвэр болсон, Монгол Улсын тусгаар тогтнолын үндэс газрыг, тэр дундаа бэлчээрийг яаж хамгаалах вэ, сайжруулах вэ гэдэгт бодлогоо хандуулах цаг болсон байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөр, “Монгол мал” үндэсний хөтөлбөр, Төрөөс малчдын талаар баримтлах бодлого, Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого  гээд мал аж ахуйн талаар маш олон баримт бичиг гаргасан. Хамгийн сүүлд Малын эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдсан. Хууль тогтоомж, бодлого шийдвэрийн үр дүнд мал аж ахуйн салбарын асуудал цэгцэрч байгаа ч газар, бэлчээрээ яаж хамгаалах зохицуулалт сул байна.

Тийм учраас Монгол Улсын Их Хурлаас энэ чиглэлээр олон жил ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтарч 21 аймаг, 330 сумын төлөөлөл болсон малчид, холбогдох яам, газрын мэргэжилтнүүдийг оролцуулан энэ хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа юм. Өнөөдөр жижиг бүлгүүдээр хэлэлцэж, хүн болгоны дуу хоолойг сонсоосой гэж бодож байна. Малчдынхаа нийтлэг бэрхшээлийг ярилцаж, асуудлаа шийдэх дорвитой гаргалгаа, шийдэл олно гэдэгт та бүхэнд итгэж байна.


Бэлчээрийн асуудал шинэ асуудал биш ээ. Намайг 2002 онд Хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байхад бэлчээрийн газрын нөхцөл байдал, газрын харилцаа, мал аж ахуйн тулгамдсан асуудлаар судалгааны ажил хийлгэж байсан. Бэлчээрийн даац, ургамлын төрөл зүйл тэр үеэс эрс цөөрсөн. Өнөөдрийн нарийвчилсан судалгаануудаас үзэхэд бэлчээрээ онцгой анхаарахгүй бол болохоо больжээ.

Монгол Улсын бэлчээрийн төлөв байдлын 2018 оны тайлангаар бэлчээрийн эдэлбэр газрын 57.0 орчим хувь тодорхой хэмжээгээр доройтолд орсон байна. Үүний 10.3 хувь нь дахин сэргэх боломжгүй, цөлжих эрсдэлд хэдийнэ өртжээ. Энэ бол санаа зовох асуудал мөн.

Бэлчээрийн нөөц чадавхид хэт ачаалал үүссэнээр биологийн олон янз байдлыг тэтгэдэг бэлчээрийн эко системийн төлөв байдал доройтож, ургамлын бүтэц бүрэлдэхүүн өөрчлөгдөх, малын тэжээлийн үндсэн нөөц болсон бэлчээр хумигдан, дөрвөн улирлаар нүүж сэлгэх нутаг багасч, хөрсний доройтол бий болж, иргэдийн дунд бэлчээр, нутгийн маргаан гарах болсон зэрэг олон сөрөг нөлөөлөл, үр дагавар бий болсныг та бүхэн сайн мэднэ. Үүнд олон хүчин зүйл нөлөөлж байгаа.

Тэдгээрээс зайлшгүй анхаарах ёстой хоёр хүчин зүйл байгаагийн нэг нь малыг эдийн засгийн эргэлтэд оруулах явдал юм. Энэ чиглэлээр Дэлхийн банктай хамтраад төсөл хэрэгжүүлж байгаа. Махаа боловсруулж, экспортод гаргадаг, эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр ард түмнээ хангадаг хуучны тогтолцоо алдагдсан. Үүнийг сэргээх хэрэгтэй байна. Хүнс эрүүл бол хүн эрүүл байна. Мал, махаа экспортод гаргадаг болохын зэрэгцээ арьс ширээ ашигладаг болох хэрэгтэй байна. Ноос, ноолуураа Америкт экспортолдог болох гэж байна. Монгол малын ноосоор “Монгол ноос” гэдэг компани даавуу үйлдвэрлэж байгаа. Энэ даавуугаар дээл, хувцас хийж хэрэглэе гэж уриалмаар байна. Би өөрөө ч өмсөж байгаа. Ийм байдлаар малын бүтээгдэхүүн эргэлтэд орж байх ёстой.

Нөгөө талаас хууль тогтоомжийн зохицуулалтаа илүү сайжруулмаар байна. Нийтээрээ ашигладаг бэлчээрийн газар мэт нийтийн юм эзэнгүйддэг. Нийтээрээ хамгаалдаг өвгөдийн ёс уламжлал, жудаг алдагджээ. Дундаа ашигладаг учраас хариуцлага хүлээдэггүй байдал бэлчээрийн харилцаанд сөргөөр нөлөөлж байна. Ийм учраас газрын болон бусад хууль тогтоомжуудад бэлчээрийн ашиглалт, хамгаалалттай холбоотой зохицуулалтууд хийх нь зөв гэж үзэж байна.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, бусад төсөл хөтөлбөрийн газартай хамтран малчид, орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийн дунд 2012, 2016, 2018 онд хэлэлцүүлэг зохион байгуулсан. Хэлэлцүүлэгт 15.0 мянга орчим малчин хамрагдсан тооцоо байдаг. Хамгийн сүүлийн 2018 оны хэлэлцүүлгийн дүнгээс харахад нийт оролцогчдын 77.9 хувь нь “Бэлчээрийн тухай хууль гаргах шаардлагатай”, 10.6 хувь нь “шаардлагагүй”, 11.5 хувь нь “мэдэхгүй” гэж хариулжээ. Эндээс харвал дийлэнх олонхи нь Бэлчээрийн тухай хуультай болохыг дэмжиж байгаа юм.

Малчид, сумын удирдлагуудтай уулзаад ярилцаж байхад бэлчээрийг төлбөртэй болгоё, төлбөрийг хонин толгойд шилжүүлж авъя, тэр мөнгийг сумын хөгжлийн санд төвлөрүүлж малчид худаг ус гаргах, бэлчээрээ сэргээх, хаших зэрэг ажилд өөрсдөө мэдэж зарцуулъя гэдэг. Ингэж чадвал малын тоо толгой ч бүрэн зөв гарна. Орон нутагтаа бэлчээрийн төлбөр хураамж, сантай болох санаачилгыг дэмжиж байж уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, урьдчилан сэргийлэх боломж олдоно. Гэхдээ бэлчээрийн хураамж байх уу, тогтоолоо гэхэд ямар хувь хэмжээтэй байх вэ гэдэг нь сум, аймгийн ИТХ-ын эрх мэдлийн асуудал байх юм. Ийм зохицуулалтыг Бэлчээрийн тухай хууль, Татварын хуульд тусгах бололцоотой.

Бид Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна. Малчдадаа төрийн бодлогыг хүргэх, бэлчээрийн удирдлага, зохицуулалт хийх хамгийн зөв арга бол Хүннү, Сүннүгийн үеэс хэрэглэж ирсэн аравтын систем юм байна гэж үзэж байгаа. 1923 оны Ардын засгийн түр дүрэмд ч гэсэн сонгуулийг арван гэрийн даргаас эхлэн Хурал, Засгийн байгууллагад сонгоно гэж заасан байдаг.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд сумын Засаг даргаа сумын иргэд өөрсдөө сонгодог болох өөрчлөлт явж байгаа. Багийн Засаг даргыг сумын Засаг дарга томилдог байхаар ярьж байна. Ингэснээр “төрлийн сонгууль”-ийг халж чадна.

Арван гэрийн дарга нар зөвлөлдөөд бэлчээр усаа зохицуулдаг хуучны уламжлал байж. Арван гэрийн дарга нар сумын ИТХ-д орж болно, мөн шаардлагаа тавьж ч болно. Ийм зохицуулалтыг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуульд оруулахаар төлөвлөж байна. Аймгийн түвшинд арай өөр байх болно.

Монгол Улсын хэмжээнд төрөө төр шиг байлгах, цэгцрэх  хөдөлгөөнийг өрнүүлж байна. Ард түмэндээ алагчлалгүй үйлчилдэг төрийн тогтолцоогоо ёс суртахуунтай, ёс жудагтай, чанартай болгох бодлогыг хэрэгжүүлж байна.


Эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш болгож, төрөлжүүлж, солонгоруулах, мал аж ахуйн бүтээгдэхүүнээ ашигладаг, боловсруулдаг байх бодлого хэрэгжүүлж байна. Жишээлбэл, “Монгол ноолуур” хөтөлбөр хэрэгжүүлж, махны үйлдвэрийг бүсчилж байгуулах ажил явж байгаа. Гол нь хөдөө аж ахуйн салбараа дэмжих төрийн бодлогыг хэрэгжүүлж байгаа юм.

Нийгмийн бодлого халамжийн нийгмээс бүтээмжийн нийгэм рүү гэсэн чиглэлтэй байна.

Эдгээр өөрчлөлт, шинэчлэлтийг хийх ажил амаргүй байх болно. 20 гаруй жил нөхөөс хийх байдлаар явлаа. Одоо засах ёстой. Эрс өөрчлөлт хийхээс өөр аргагүй болсон, хийгдэж байна. Өөрчлөлтийг хийхдээ Монгол Улсын хөгжлийн төлөө, Монголын ард түмний сайн сайхан амьдралын төлөө гэсэн ганц зарчмыг баримталж ажиллана.

Өнөөдрийн энэ хэлэлцүүлгийг УИХ-аас малчдынхаа санал бодлыг сонсож, түүнд нь тулгуурлаж шийдвэр гаргах зорилгоор хийж байна. Иймд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, санал бодлоо чөлөөтэй, шударгаар илэрхийлж, хууль тогтоомжийг бодитой батлан гаргахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна.

Монголчууд бидний хойч үедээ үлдээх  олон чухал зүйлээс хамгийн чухал нь газар нутаг, унаган байгаль, үржил шимт хөрс шороо маань юм. Тийм учраас бэлчээрийг ашиглах, доройтлоос сэргийлэх, сайжруулах, хамгаалах бодлого нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн суурь бодлого байх ёстой.

Энэхүү бодлогыг зөв хэрэгжүүлж, Монгол Улсын бэлчээр ашиглалт, хамгаалалтын эрх зүйн таатай орчныг бүрдүүлэхийн төлөө хамтран ажиллая.

Үндэсний хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд амжилт хүсье. 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл