Цэс

Холбоо барих

Хэсгийн ахлагчийг багийн Засаг даргын статустайгаар ажиллуулах санал дэвшүүллээ

“Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолын дагуу орон даяар өрнөж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн ээлжит хэлэлцүүлэг өнөөдөр /2015.08.29/ нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх Чингис Соосэ Олон улсын их сургуулийн хурлын танхимд боллоо. Улсын Их Хурлын Тамгын газраас томилогдсон долоон баг долдугаар сарын 31-нээс наймдугаар сарын 25-ны өдрүүдэд 21 аймаг, бүсчилсэн сумдад хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд нийслэлийн есөн дүүрэгт удаа дараа өрнөсөн хэлэлцүүлэг Сонгинохайрхан дүүргээр ийнхүү өндөрлөж байгаа юм. Хэлэлцүүлэгт тус дүүргийн 32 хорооны Засаг дарга нар, ЗДТГ-ын болон ИТХ-ын ажилтнууд, нийт иргэдийн төлөөлөл 460 орчим хүн оролцлоо. 


Энэ удаагийн хэлэлцүүлэгт Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн, гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Данзангийн Лүндээжанцан оролцсон нь хэлэлцүүлгийг ихээхэн ач холбогдолтой, "амьд", сонирхолтой болгосон юм. Төслийн талаар орон нутагт уулзалт, хэлэлцүүлэг зохиож, мэргэжил-аргазүйн туслалцаа үзүүлэх, иргэдээс санал авах үүрэг бүхий Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт ажлаа дуусгаад өнөөдөр нийслэлийн дүүргүүд дэх сүүлчийн хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь энэ билээ. Багийн бүрэлдэхүүнд Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат, Монгол Улсын гавьяат багш Р.Хатанбаатар, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, Тамгын газрын ажилтан Б.Гандулам, Г.Нарантуяа, С.Эрдэнэчимэг нар  ажиллав.

Хэлэлцүүлгийг нээж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн хэлсэн үгэндээ "Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар иргэд санал бодлоо илэрхийлэхдээ зөвхөн өөрсдийнх нь өдөр тутмын амьдралтай холбоотой асуудлуудыг хөндөх биш, түүний цаана байгаа дүүргийн төдийгүй нийт улс орны эрх ашигтай холбоотой амин чухал асуудлуудыг олж харж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах энэ түүхэн, том үйл явдалд хариуцлагатай хандан" саналаа өгөхийг иргэддээ хүслээ.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Сонгинохайрхан дүүргийн бүх хороонд 1-2 удаа, дүүргийн ЗДТГ-т хоёр удаа, дүүргийн хэмжээнд нийт 37 дахь удаагаа хэлэлцэж байгаа аж. Дүүргийн хэмжээнд 34 мянган саналын хуудас тарааснаас өнөөдрийн байдлаар 25058 санал аваад байгаагийн дээр одоо энэ хэлэлцүүлгийн үеэр саналын хуудас нэмж тарааж байгаа тул иргэдээс авах саналын тоо нэмэгдэнэ. Дүүргийн нийт хүн амын тоо 315 802 болохоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд өгөх саналын тоо ч манай дүүргийн хувьд харьцангуй олон байна гэж найдаж байна гэж дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, гадаад харилцааны тасгийн дарга М.Солонго ярьсан юм.

Хэлэлцүүлгийн эхэнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлэг орон даяар ямар үе шаттайгаар хэрхэн өрнөж, ямархуу явцтай байгаа талаар Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх, ажлын албаны дарга Ц.Батбаатар ярихдаа “Өнөөгийн байдлаар орон даяар 64 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж 12 мянган иргэнээс саналын хуудсаар санал аваад байна. Иргэдийн саналыг цахимаар, бичгээр гэхчлэн олон сувгаар авч байгаагаас 400 мянга гаруй иргэнээс бичгээр санал авахаар тооцоолж байгаа. Энэ удаагийн Үндсэн хуульд зургаан сэдвийн хүрээнд 20 гаруй өөрчлөлт оруулж байгаа бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлыг нэг нам дангаар санаачлан гүйцэтгэж байгаа бус, Улсын Их Хуралд  суудалтай намуудаас гадна МҮАН, ИЗНН-ын төлөөлөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурлын Тамгын газар, ЗГХЭГ, ХЭҮК зэрэг байгууллагын Үндсэн хууль судалдаг эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор энэхүү суурь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажил долоон үе шаттайгаар явж байна. Үүний өмнө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хуралд долоон төсөл хүргүүлсэн байдаг. Одоогийн төслийг 10 дугаар сарын 1-нд Улсын Их Хуралд өргөн барьсны дараа ард нийтийн санал асуулга явуулснаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд харин энэ нэмэлт, өөрчлөлт 2020, 2021 оноос хэрэгжиж эхлэх юм.  Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор өнөө хүчин төгөлдөр даган мөрдөж байгаа 480 гаруй органик хуульд өөрчлөлт оруулахад тодорхой цаг хугацаа шаардагдана” гэлээ.




Мөн Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ажлын албаны зөвлөх Б.Гандулам Улсын Их Хурлын тогтолцоо, түүний бүрэн эрхэд оруулж буй өөрчлөлтүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхтэй холбоо бүхий хоёр заалтыг танилцуулахдаа 1992 оны шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойшхи 25 жил, түүнд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойшхи 17 жилийн хугацаанд үйлчилж буй заалтуудыг өнөө хэлэлцэж буй төслөөр хэрхэн өөрчилж, илүү тодорхой болгож өгснийг тайлбарлалаа. Тухайлбал, "Үндсэн хуулийн зохицуулалтаар Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хасаж байгаа. Парламентын засаглалтай бусад улсын практикт Ерөнхийлөгч нь хууль санаачлах, өөрийн бүрэн эрхийн хэмжээнд Засгийн газарт чиглэл өгөх нь ховор байдаг. Гэхдээ УИХ-аас батлагдан гарсан хуульд хориг тавих эрхтэй байгаа нь хууль тогтоох үйл ажиллагаанд оролцох Ерөнхийлөгчийн эрхийг бүрмөсөн хязгаарлаагүй, тодорхой хэмжээгээр оролцож байна гэсэн үг. Энэ бүх нэмэлт, өөрчлөлт бол сонгодог парламентын засаглалтай орнуудын жишигт илүү ойртсон заалт юм" хэмээн тэмдэглэлээ.

Үүний дараа Засгийн газар, Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд оруулж буй дөрвөн өөрчлөлт, шүүх эрх мэдэлд оруулах өөрчлөлтүүдтэй холбоотойгоор төрийн албаны залгамж чанарыг хадгалахад чиглэсэн шинэ заалтууд төсөлд орж байгааг Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх, ажлын албаны дарга Ц.Батбаатар танилцуулав. Тэрбээр шүүхийн тогтолцоонд хотын шүүх гэдэг байгууллага бий болж байгаа, шүүгчийг шилж сонгох, шүүхийн хүний нөөцийн асуудлыг хариуцдаг Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагын бүрэлдэхүүн одоо үйлчилж байгаа хуулиар таван хүнтэй байгааг өөрчилж Үндсэн хуулийн анхны үзэл баримтлалд нийцүүлж 11 хүнтэй болгон нэмэгдүүлсэн зэрэг шүүгчийн томилгоотой холбоотой заалт, “Батламжилна”, “Ёсчилно” хэмээх  үүрэгжүүлсэн заалтуудын учрыг тайлбарлалаа.


Энэ удаагийн хэлэлцүүлэгт парламентад хамгийн олон удаа сонгогдсон туршлагатай хуульч Д.Лүндээжанцан оролцсоноор иргэд дүүргийнхээ төдийгүй улс орныхоо ирээдүй, төр, засгийн үйл ажиллагааны талаар санаа зовж буй асуудлаа илэн далангүй тавьж, санал бодлоо хуваалцсан юм. Д.Лүндээжанцан гишүүн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгааг төслийн зургаан сэдвийн хүрээнд иргэдэд нэн ойлгомжтой, энгийн үгээр дэлгэрэнгүй тайлбарлаад "Төрийн дээд эрхийг барих үйлсэд ард түмний оролцоог хангах гол түлхүүрийг атгаж байгаа ард иргэд хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож байгаа"-д талархлаа илэрхийлэв. “Үндсэн хууль бүр нийгмийн хөгжлийг дагаад өөрчлөгдөх шаардлагатай тулгардгийн дээр уг хуулийг анх боловсруулагчдын бүрэн харж, тооцоолж чадаагүй сорилт, шалгууруудтай тулгардаг. Үндсэн хууль нь эрх зүйн суурь баримт бичиг гэдэг утгаараа тогтвортой үйлчлэх шинж агуулж байдаг ч цаг үеийн шаардлагаар боловсронгуй болж төгөлдөржиж байх ёстой. Өнөөгийн Монголын нийгэм нь Үндсэн хууль боловсруулж байсан 1991 оныхоос нийгэм-эдийн засаг, улс төрийн хувьд ихээхэн өөрчлөгдсөнөөс хамаарч Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах  зайлшгүй шаардлага үүссэн” болохыг тэрбээр онцолж байлаа.


"Өнгөрсөн 25 жилийн хугацаанд Үндсэн хуульд 1999, 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа иргэдийнхээ оролцоог хангаагүй, улс төрийн явцуу хүрээнд Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчимд нийцээгүй арга, хэлбэрээр  шийдвэрлэсэн гэж өнөө хүртэл шүүмжилж байгаа. Үүнээс гадна сандал ширээ хуваарилах төдийхөн жижиг сажиг өөрчлөлт оруулах гэлээ гэсэн шүүмжлэл байгаа ч Үндсэн хуулийн гол архитектор гэгддэг Б.Чимид багшийн хэлснээр “Үндсэн хуульд оруулах жижиг сажиг өөрчлөлт гэж байдаггүй. Энэ хууль бол түр зуурын хэсэг хугацаанд хэрэгжүүлээд өнгөрдөг хөтөлбөр биш, зүйл, заалт бүр нь хоорондоо авцалдаатай суурь хууль учраас түүний үг, өгүүлбэр бүрийн утга, үзэл баримтлалыг нарийвчлан бодож боловсруулж байж өөрчлөлт хийх шаардлагатай байдаг”-ийг тэрбээр онцолж байв. Хэдийгээр 2000 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “дордуулсан долоон өөрчлөлт” гэдэг ч түүнд бас нааштай, авахуйц зүйл байсан, тухайлбал,  энэ өөрчлөлтөөр 8-9 шат дамжлага дамжиж байж эцэг хуульдаа өөрчлөлт оруулах олон цоож цуурга хийж, Үндсэн хуульд гар хүрэх хэмжээ, хязгаар тогтоож өгсөн нь зөв зүйл байсан. Хуулийг зарим хүмүүсийн бодож байгаачлан хэдхэн хүн юм уу эрх баригч нам өөрийн эрх ашигт нийцүүлэн өөрчлөх гэж байгаа бус, дэлхийн 194 орны Үндсэн хуулийн жишгийг судалж, амьдралын туршлагаар шалгагдсан асуудлуудыг нь харгалзан үзэж байж, тэр бүх сорилтыг заавал туулах гэхгүйгээр, Үндсэн хуулийнхаа үндсэн бүтцийг эвдэлгүй, уг хуулийн ач холбогдлыг хэвээр хадгалах, цагийн шалгалт сорилтыг даван туулсан хууль гаргах үүднээс нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа”-г Д.Дүндээжанцан гишүүүн тайлбарласан юм.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн зургаан сэдвийн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн сонирхож буй гол асуудал нь  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагатай холбоотойгоор хэрэв тус дүүрэг хотын статустай болбол хороод нь дүүрэг болж өөрчлөгдөх эсэх, аймгийн дайтай, түүнийг ч давсан хүн амтай хороод тус дүүрэгт байгаа болохоор хороодын тоо олшрох эсэх, ийм нөхцөлд төрийн үйлчилгээний хүртээмжээс аваад иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг олон асуудлыг  хэрхэн шийдвэрлэх тухай асуудал байлаа.   


Иргэд тухайн засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэртэй ч юм шиг, үгүй ч юм шиг тодорхойгүй байгааг онцлоод дүүрэг, хорооных нь нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тодорхой болгох асуудал тавьж, дүүргийн анхан шатны нэгж болох хорооны эрх мэдэл болон төсвийн задаргаагаар хуваарилагдах хөрөнгө мөнгийг нэмэгдүүлэхийг хүсэж, хороод дээр байгаа хэсэг л гэхэд мянга гаруй хүнтэй байдаг тул хүн амынх нь тоог харгалзан статус, цалин мөнгөний хувьд нэн доогуур байгаа хэсгийн ахлагч нарыг багийн Засаг дарга нарын статусаар ажиллуулах санал дэвшүүлж байв. Мөн хороод нь л гэхэд 20 гаруй мянган хүнтэй тус дүүргийн хувьд хэсгийн ахлагч нарын статусын тухай заалтыг төрийн албаны хуульд оруулбал томилгооны хүн даргаар ирнэ, тиймээс "Танихгүй газрын бурхнаас таньдаг газрын чөтгөр дээр" гэгчээр хэсгийнхээ иргэдийн амьдрал, ахуйг мэддэг хүнээ өөрсдөө сонгох нь зүйтэй гэсэн санал ч гарч байлаа.

Дүүргийн статусын тухайд 25 дугаар хорооны иргэн Ж.Түмэнжаргал дүүрэг нь статусаараа хот байж болох эсэх, байвал ямар төсөв, эдийн засагтай, ямар нутаг дэвсгэртэй байж болохыг асуугаад "Хүний эрхийг хэт дэмжсэнээр хүн амынх нь тал хувь нь хөдөөнөөс шилжин ирж хотод суурьших болсон тул суурин хүмүүсийн эрх ашиг зөрчигдөж байгаа"-г анхааруулсан юм. Иргэд мөн "Монгол Улсын Ерөнхийлөгч нь бэлгэдлийн чанартай Ерөнхийлөгч бус, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, идэвхтэй хүн байх ёстой"-г чухалчлахдаа Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарлах нь зөв эсэхэд эргэлзэж байгаагаа илэрхийлж, Ерөнхийлөгчөөр сонгох хүний насны хязгаарыг 50, УИХ-ын гишүүнийхийг 40, хүний амьдралыг шийддэг шүүгч нарынхыг мөн 40 гэж тогтоох нь зүйтэй гэсэн саналтай байлаа. Үүнээс гадна Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт 2020, 2021 оноос хэрэгжиж эхэлнэ гэдэг дээр "Дараагийн төр, засаг гарч ирээд энэ өөрчлөлтийг болиулахаас өмнө, хэрэгжих хугацааг нь хойш тавихгүйгэээр наашлуулах нь зүйтэй" гэсэн саналыг ч дэмжиж байв. 


Хэлэлцүүлгийн үеэр олон иргэн “УИХ гэдэг хэнд ч захирагдахгүй байгууллага, гишүүд нь халдашгүй эрхтэй төрийн түшээ гэдгээрээ далимдуулан хууль зөрчиж байна”  хэмээн шүүмжилж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдийг эргүүлэн татах хуулийн хатуу заалт оруулахыг хүсэж байв. Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны хувьд “Төрийн өмчийг аль болохоор задлаад нийтийн хяналтад оруулбал төрийн хянах тогтолцоо байх хэрэггүй” хэмээх санал ч нэмэрлэсэн юм. 

Ерөнхийлөгчийн засаглалтай болох талаар зарим иргэний дэвшүүлсэн саналтай холбогдуулан Д.Лүндээжанцан гишүүн ярихдаа "Төсөл боловсруулагчид хоёр их гүрний дунд байгаа улс орон төрийн дархлааны хувьд парламентын засаглалтай байх нь зүйтэй" гэж үзсэнийг тэмдэглээд Засгийн газрын бүрэн эрхтэй холбоотой асуудал дээр “Танхимын зарчмаар ажиллаж хамтаараа шийдвэр гарган хариуцлага хүлээдэг учир төслөөр тоон хязгаар тогтоож гуравны нэг нь Засгийн газрын гишүүн байж болно гэдэг хувилбарыг тусгасан. "Давхар дээл"-тэй байхыг бүрмөсөн хориглосон хатуу заалт парламентын засаглалтай орнуудад тэр бүр байдаггүй, ингэж хориглосноор Засгийн газрын үйл ажиллагааг Улсын Их Хурал дэмжихгүй байх магадлал байдаг гэдгийг иргэдэд тайлбарласан юм. Мөн шүүгчдийн томилгооны асуудлаар тэрбээр “Шүүгч нь номонд гарамгай, эрдэм мэдлэг төгс хүн байхаасаа илүү төрмөл байх ёстой. АНУ-д л гэхэд 45 нас хүрч байж анхан шатны шүүхийн шүүгч, 50 хүрч байж мужийн шүүгч, 60 хүрч байж Дээд шүүхийн шүүгч болдог" гэсэн хариулт өгсөн юм.


Иргэд Улсын Их Хурлын бүрэлдэхүүн, хууль эцэслэн батлах үеийн ирцэд ихээхэн шүүмжлэлтэй хандаж байсан бөгөөд 12 дугаар хорооны иргэн Ц.Дүгэрсүрэн “Нийслэлдээ хүн амынх нь 50 хувь нь суудаг манай орны хувьд Улсын Их Хурлын гишүүдийн 28 нь нийслэлээс, 48 нь орон нутгаас сонгогдсон байх жишээтэй байгаа” нь оновчгүй, тэнцвэргүй бүтэц, бүрэлдэхүүн болохыг онцлоод Үндсэн хуульд оффшор данс, мафи гэх мэт өнөөдрийн хурц асуудлуудтай холбоотой зүйл, заалт тусгахыг санал болгосон юм. Түүнчлэн Үндсэн хуулийн заалт тунхаг шинжтэй, тухайлбал, "Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй" гэж заасан ч цэвэрлэх байгууламжийн үнэр, агаарын бохирдлоос аваад эрүүл мэндэд халтай орчинд иргэд аж төрж байна. Ийм нөхцөлд эрүүл мэндийн байгууллагууд нь ард иргэдээ мөлжиж байна. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарыг яамдын нэрсийн жагсаалтад эн түрүүнд тусгах, хүний амь насыг авардаг эмч нарын цалинг шүүгчдийн цалинг нэмсэнтэй адил тодорхой хэмжээгээр нэмэх нь зүйтэй хэмээн ярьж байлаа. 19 дүгээр хорооны иргэн Ё.Цэвээнжав “Улсын Их Хурлын гишүүн ард түмнийхээ итгэлийг хүлээж гарч ирчихээд ажил үүргээ гүйцэтгэхгүй байвал сонгогчдын төчнөөн хувийн саналаар эргүүлэн татах заалт оруулах саналтай байгаагаа илэрхийлээд танил талаа ажилтай болгохоор Засгийн газрын орон тоог дураар данхайлган, төсвийн мөнгөнөөс хулгайлж байна, Яамдын сайд нар заавал мэргэжлийн хүмүүс байх ёстой” гэсэн бол зургадугаар хорооны иргэн Ж.Орилдий "Улсын Их Хурлын гишүүдийг эргүүлэн татах саналыг дэмжиж байна" гээд “Өнөөдөр зүүний нялхсын өвчин туссан хүмүүс Улсын Их Хуралд орж байна. Улсын Их Хурлын гишүүний насны хязгаарыг 40-өөс доошгүй гэж заах, Үндсэн хуулийн цэц, ШЕЗ-ийн гишүүдийн  ч насны хязгаарыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг томсгох саналтай" байгаагаа илэрхийлсэн юм.

Ийнхүү Улсын Их Хурлын Тамгын газрын ахлах зөвлөх Ц.Батбаатараар ахлуулсан ажлын хэсэг Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн иргэдээс санал авах ажлаа амжилттай өнпөрлөсний дараа Сонгинохайрхан дүүрэгт хэлэлцүүлэг зохион байгуулснаар 21 аймаг, бүсчилсэн сумд болон нийслэлийн есөн дүүрэг дэх хэлэлцүүлэг өндөрлөж байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.                 

Тодруулга

Нийслэлийн баруун хэсэгт орших Сонгинохайрхан уулын нэрээр нэрлэгдсэн Сонгинохайрхан дүүргийн түүх 1992 онд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу тухайн үеийн Октябрийн районоос өрх тусгаарласнаар эхэлжээ. Монгол Улсын Их Хурлын 1992 оны 18 дугаар тогтоолын дагуу Сонгинохайрхан дүүргийн ИТХ 100 төлөөлөгчтэйгөөр анхны хуралдаанаа хийж Сонгинохайрхан дүүргийг байгуулах тухай тогтоолыг 1992 оны 10 дугаар сарын 1-нд гаргаснаар тус дүүрэг албан ёсоор байгуулагдсан байна. 32 хороонд хуваагддаг тус дүүрэг 315 802 иргэнтэй, 1,200.6 км² газар нутагтай, 84 924 өрхийнх нь 63 100 нь гэр хороололд амьдардаг байна. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл