Цэс

Холбоо барих

ХЗБХ: Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2022.04.12/ хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар асуулт асуусан. Тэрбээр, иргэний үнэмлэх дээр иргэдийн регистрийн дугаарыг хэвлэхгүй, 12 оронтой тоо хэвлэгдэх болж байгаа юм байна. Тэгэхээр хүмүүс иргэний үнэмлэхээ солих хэрэгтэй болох уу, солих тодорхой хугацаа өгөх үү. Хүн бүр үнэмлэхээ сольвол багагүй зардал гарна. Хэмнэлтийн горим руу шилжиж байгаа энэ үед ингэж зардал гаргах нь хэр зохистой вэ хэмээн тодруулсан.


Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Энэ асуудлыг ямар нэг нэмэлт зардал гаргахгүйгээр шийдэж байгаа. Иргэдийн гар дээр байгаа иргэний үнэмлэх хүчин төгөлдөр хэвээрээ байна. 16 нас хүрч шинээр, 25, 45 насанд үнэмлэхээ шинэчлэн сольж буй иргэдэд шинэ загварын иргэний үнэмлэх олгоно. Шилжилт хөдөлгөөн хийгдэж гэрийн хаяг нь өөрчлөгдсөн, эсвэл үнэмлэхээ шинэчлэхийг хүссэн хүмүүст шинэ үнэмлэх авах эрх нь нээлттэй гэсэн хариулт өглөө.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын тов тогтоох тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Мөн хуралдаанаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын тов тогтоох тухай, Маягтын загвар батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав.


Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль болон Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу Ажлын хэсэг Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд хоёр хүний нэрийг дэвшүүлэн Хууль зүйн байнгын хороонд ирүүлсэн. Ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооны ахлах зөвлөх М.Үнэнбат ахалж ажилласан хэмээлээ.

Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлд, “Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас дараах нэр дэвшигчийн сонсгол явуулна” гэж заасан гээд Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргын албан тушаалд томилуулахаар Улсын Их Хуралд санал болгосон нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсголыг зохион байгуулахаар дээрх хуульд заасаныг тодотголоо.

Мөн хуулийн 31 дүгээр зүйлд “Эрх бүхий байгууллага, албан тушаалтан хуульд заасны дагуу албан тушаалтныг томилох, зөвшилцөх, танилцуулах саналаа Улсын Их Хуралд албан ёсоор ирүүлнэ. Саналд нэр дэвшигч тухайн албан тушаалд тавих боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага, мэдлэг, ур чадвар, ёс зүй, хуулиар тусгайлан заасан шаардлагыг хангаж байгаа талаарх үндэслэл бүхий нэр дэвшигчийн танилцуулга, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг, бусад баримт бичиг, мэдээллийг хавсаргана. Хуульд өөрөөр заагаагүй бол Байнгын хороо энэ хуулийн 31.2-т заасан саналыг Улсын Их Хурлын чуулганы хугацаанд хүлээн авсан тохиолдолд ажлын таван өдрийн дотор, чуулганы чөлөө цагт хүлээн авсан тохиолдолд ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хойш ажлын таван өдрийн дотор дараах ажиллагааг явуулна. Сонсголын тов тогтоож, нийтэд мэдээлнэ” хэмээн заасан байна. Түүнчлэн Байнгын хороо дээрх ажиллагааг явуулснаас хойш 14-өөс доошгүй хоногийн дотор сонсголд оролцогчдыг бүртгэх, нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг бичгээр урьдчилан хүлээн авах бөгөөд шаардлагатай бол тухайн сонсголын дэгийг боловсруулж, батлах зэрэг сонсголын бэлтгэлийг хангана гэж заасны дагуу Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсан гэсэн мэдээллийг өгсөн юм.

Дараа нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн танилцуулгыг тус Ажлын хэсгийн ахлагч М.Үнэнбат хийлээ.


Хууль зүйн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны сонгон шалгаруулалтын зарыг нийтэд мэдээлэх, ажлын хэсэг байгуулах, нэр дэвших тухай хүсэлт гаргах, оролцогчоор бүртгэх, нийтэд мэдээлэх, оролцогчийн талаар мэдээлэл цуглуулах, томилгооны сонсгол зохион байгуулах, гишүүнд нэр дэвшүүлэх гэсэн 7 үе шатын хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулжээ.

“Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-д заасны дагуу Ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос санал болгосон нэг төлөөлөл, Монгол Улсын Их Хурал дахь олонхын бүлгээс санал болгосон нэг төлөөлөл, Монгол Улсын Их Хурал дахь цөөнхийн бүлгээс санал болгосон нэг төлөөлөл, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээс санал болгосон нэг төлөөлөл, Төрийн албаны зөвлөлөөс санал болгосон нэг төлөөлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс санал болгосон нэг төлөөлөл, хүний эрхийн форумаас санал болгосон нэг төлөөлөл, Монголын хэвлэл, мэдээллийн зөвлөлөөс санал болгосон нэг төлөөлөл, Монголын Өмгөөлөгчдийн Холбооноос санал болгосон нэг төлөөллөөс бүрдүүлэх ёстой.

Үүний дагуу Ажлын хэсэгт Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Мөнгөнцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга П.Хадбаатар, Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн Ажлын албаны хуулийн зөвлөх Б.Жамбал, Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн даргын зөвлөх Д.Батдорж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны дэд ерөнхийлөгч М.Баасанбат, “Нээлттэй Нийгэм Форум” ТББ-ын хуулийн хөтөлбөрийн менежер Б.Хишигсайхан, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөлөл, МУИС-ын Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхан, Хууль зүйн байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх М.Үнэнбат нар ажилласан байна.

Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний сонгон шалгаруулалтад Я.Цэлмэн, Ч.Отгончулуун, Б.Өнөрмаа гэсэн 3 оролцогч оролцсон бол  Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний сонгон шалгаруулалтад Т.Саруул, С.Дондов нар оролцсон аж.

Ажлын хэсэг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр оролцогч тус бүртэй олон нийтийн нээлттэй сонголыг зохион байгуулсан бөгөөд Ажлын хэсэг 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж Хүний эрхийн Үндэсний Комиссын эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд Я.Цэлмэнийг, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд С.Дондовыг хуулийн болон журмын шаардлагыг хамгийн сайн хангасан гэж үзэн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд танилцуулж байна гэлээ.

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн 1981 онд төрсөн. Цагдаагийн академийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Орхон их сургуульд Хууль эрх зүйн магистрын зэрэг хамгаалсан. Дотоод хэргийн их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Удирдлагын академид суралцсан. Удирдахуйн ухааны магистр, Хууль зүйн доктор (PhD) зэрэгтэй юм байна.

Тэрбээр 2008-2012 онд Завхан аймгийн Цагдаагийн газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын цагдаагийн тасаг, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах 2 дугаар тасагт мөрдөн байцаагч, 2012-2020 он хүртэл Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуульд багш, ахлах багшаар ажилласан. 2019 оны 09 сараас одоог хүртэл Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн Дэд профессороор ажиллаж байгаа аж.

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч С.Дондов 1964 онд төрсөн.

1989 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн. АНУ-ын Сандиего хотын “Institute for Peace and Justice”-ийн Хүний эрхийн зөрчилтэй асуудалд дүн шинжилгээ хийх сургалт, 2004, 2007, 2018 онд Тайландын Бангкок хотын “Chulalongkorn University”-д хүний эрхийн ээлжит сургалтууд, 2009, 2014 онд Норвегийн Осло болон Өмнөд Солонгосын Сөүл хотуудад Хүний эрхийн  асуудлаар зохион байгуулагддаг ээлжит сургалтуудад оролцож, хүний эрхийн хамгаалагчийн эрхийг хамгаалах талаар мэдлэг, туршлагаа нэмэгдүүлсэн. 

1989-1991 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны харьяа Баянхонгор аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн өмгөөлөгч, 1991-1996 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны харьяа Баянхонгор аймгийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, 1996-2002 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны харьяа Нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв”-ийн Хүний эрхийг хэрэгжүүлэх хөтөлбөрийн зохицуулагч, хуульч, 2010 оноос одоог хүртэл Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм байна.

Тогтоолын төсөл болон Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголын тов тогтоох тухай, Нэр дэвшигчийн мэдээллийг авах маягтын загварыг  батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа.

Байнгын хорооны тогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулахаар, нэр дэвшигчид хандан асуух, асуулт саналыг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл хүлээн авахаар тогтоосон юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл