УИХ-ын гишүүн С.Батболд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүнтэй уулзав

  2018-04-26 17:00  63

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд өнөөдөр (2018.04.26) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүнтэй уулзлаа.




Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Их Британийн парламентын бүлгийн дарга С.Батболд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж буйг уулзалтын эхэнд дурдаад харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар Элчин сайдтай санал солилцов.

Их Британийн Ерөнхий сайдын зүгээс  Монгол Улстай харилцах Худалдааны элчээр парламентын гишүүн Жулиан Найтыг томилсныг Элчин сайд Филип Мэлоүн яриандаа тэмдэглээд хоёр орны харилцааг өргөжүүлэх, тэр дундаа боловсрол, батлан хамгаалах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж ажиллахаа илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Их Британийн парламентын бүлгийн гишүүн М.Оюунчимэг байлцав. 

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой энэ онд тохиож байгаа юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-04-26 16:45  63