Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцлээ

  2017-05-05 14:38  514

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын чуулганы өнөөдрийн (2017.05.05) нэгдсэн хуралдаан 10 цаг 30 минутад 56.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төслийн талаарх Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа танилцуулав. Байнгын хороо хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаараа хийсэн байна. Хуралдааны явцад хуулийн төслийг энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх тул Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, уг хуулийн төслөөр зохицуулах хариуцлагын асуудлыг Хууль зүйн байнгын хороогоор Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх үед нэмж тусгах нь зүйтэй гэж үзсэн болохыг танилцуулсан.


Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хуулийн төслийн гол зорилын талаар тодруулан асуулаа. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь тэдний эрүүл, эсэн мэнд амьдрахуйн гол нөхцөл гэдгийг УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ц.Цогзолмаа онцлов. Хүүхдийг эхийн сүүгээр зургаан cap хүртэл дагнан хооллосноор хүүхдийн өвчлөл, эндэгдэл буурч, амьдрах чадвар нь эхийн сүүгээр хооллоогүй хүүхдээс 14 дахин илүү байдаг байна. Харин Үндэсний статистикийн хорооны “Нийгмийн үзүүлэлтийн суурь судалгаа”-аар Монгол Улсад хүүхдийг төрсний дараа нэг цагийн дотор ангир уургаар амлуулалтын үзүүлэлт, зургаа хүртэлх сартай хүүхдийг эхийн сүүгээр дагнан хооллолтын үзүүлэлт жил бүр буурсаар байгаа аж. Мэргэжлийн хяналтын байгууллагын тайлангаас харахад эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний импорт 2013 онд 394.07 тн, 2014 онд 758.2 тн импортлосон нь 1997 онтой харьцуулахад ес дахин нэмэгджээ. Иймд хүүхдийн эрүүл мэндэд эхийн сүүний үзүүлэх ач холбогдол, хүүхдээ эхийн сүүгээр зургаан cap хүртэл нь хооллохын давуу талыг ухуулан таниулж, эхийн сүүг орлох ямар ч бүтээгдэхүүн байхгүй гэдгийг иргэдэд ойлгуулах шаардлага үүсчээ.

НҮБ-аас 2015 оны есдүгээр сард баталсан 2015 оноос цаашид баримтлах Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн “Өлсгөлөнг эцэс болгож, хүнсний аюулгүй байдлыг хангаж, хоол тэжээлийн байдлыг сайжруулж, тогтвортой хөдөө аж ахуйг хөхүүлэн дэмжих” гэсэн 2 дугаар зорилгод хүүхдийг эхийн сүүгээр хооллох асуудлыг гишүүн орнуудын Засгийн газраас дэмжин ажиллахыг зөвлөсөн байна. Дэлхий нийтээрээ 0-3 насны хүүхдийг эхийн сүүгээр хооллох зорилт бүхий энэ концепцийг дэмжих үүднээс хуулийн төслийг боловсруулсан байна.  Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүнийг шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ажилтны зөвлөснөөр хэрэглэхээр тусгасан болохыг Ажлын хэсэг тайлбарлаад, бүтээгдэхүүний чанар, стандартын шаардлагыг өндөржүүлэх тул шаардлага хангасан бүтээгдэхүүнд зах зээл нээлттэй гэв.


Дараа нь Байнгын хорооны дэмжсэн болон дэмжээгүй зарчмын зөрүүтэй саналын томъёолол тус бүрээр санал хураалт явуулж, шийдвэрлээд, Нялх балчир хүүхдийн хоол, хүнсний бүтээгдэхүүний тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

Дараа нь 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хог хаягдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Я.Содбаатар танилцууллаа.

Байнгын хороо хуулийн төсөлтэй холбогдуулан Ажлын хэсэг болон УИХ-ын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг нэг бүрчлэн хэлэлцэж, дараах чиглэлээр төсөлд өөрчлөлт оруулахыг дэмжжээ. Тухайлбал, хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулах этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах заалтыг Газрын тухай хуультай уялдуулах, хог хаягдпыг шатаах үйл ажиллагаанаас үйлдвэрлэсэн эрчим хүчний үнийн тооцоог хянах, тариф батлах асуудлыг Эрчим хүчний тухай хуультай нийцүүлэх, хог хаягдпын үйлчилгээний хураамж, төлбөр төлөх асуудлыг Иргэний хуулийн гэрээний заалттай уялдуулах, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд улсын төсвөөс аймаг, нийслэлд татаас олгох, аймаг, нийслэлийн төсвөөс сум, дүүрэгт татаас олгох асуудлыг Төсвийн тухай хуультай нийцүүлэх зэрэг бусад хууль, тогтоомжтой нийцүүлэх зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна. Түүнчлэн бусад хуулийн зохицуулалтад хамаарах, төслийн зохицуулалтыг сайжруулах чиглэлээр хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагаанд ашиглах техник, тоног төхөөрөмж, материал, сэлбэг хэрэгслийн жагсаалтыг батлах тухай асуудал нь татварын бие даасан хуулиар зохицуулах харилцаа тул хасах, тендерт оролцогч нь дахин боловсруулсан, сэргээн ашигласан түүхий эд, бүтээгдэхүүнийг санал болгосон бол түүнд давуу эрх олгохоор заасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар зохицуулах харилцаа тул хасах зэрэг саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд төслийн зохицуулалт болон хог хаягдалтай холбоотой үүсээд буй зарим нөхцөл байдлыг шийдвэрлэх төлөвлөгөөний талаар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм. Тухайлбал, төрөл бүрийн зай хураагуур, тээврийн хэрэгслийн аккумлятор зэрэг байгаль орчинд аюултай хог хаягдлын талаар ямар зохицуулалт хийхээр тусгасан болохыг УИХ-ын гишүүн О.Содбилэг тодрууллаа. Монгол Улс 2030 он гэхэд хог хаягдлын дахин боловсруулалтыг 40 хувьд хүргэж, байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувиар бууруулах зорилтыг холбогдох баримт бичгүүдэд тусгасан хэмээн УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Д.Оюунхорол танилцууллаа. Сүүлийн жилүүдэд хог хаягдлын хэмжээ ихсэж байгаа бөгөөд хүйтний улиралд гэр хорооллоос жилд дунджаар 81000 тн, нэг өрх жилд дунджаар 450 кг хог хаядаг талаарх дүн мэдээллийг салбарын сайд танилцуулсан юм.  Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 391 цэгт 2.1 сая тн хог хаягдал хуримтлагдсан байна. Зориулалтын бус газар 107 мянган тн хог хаягдал хуримтлагдан 98 мянган га талбайг бохирдуулж байгааг цэвэрлэх үйл ажиллагааг холбогдох байгуулага хийж байгаа гэлээ. Хэлэлцэж буй хуулийн төсөлд аюултай хог хаягдлын талаарх нэг бүлгийг тусгасан. Энэ төрлийн хог хаягдлыг байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламж өнөөдрийг хүртэл манай улсад байхгүй бөгөөд тодорхой хувь нь энгийн хог хаягдалтай шууд хөрсөнд хаягдаж, үлдсэн нь зориулалтын бус газар хадгалагдаж байдаг байна. Нийт хог хаягдлын 50 хувийг дахин боловсруулах боломжтой ч цуглуулж, боловсруулж, экспортолж байгаа нь ердөө 1 хувь гэлээ. Иймд хог хаягдлыг боловсруулах, ашиглах, экспортлохыг дэмжих тодорхой зохицуулалтыг төсөлд тусгасан байна. УИХ-ын гишүүн Н.Оюундарь хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаа эрхлэгчийг дэмжих дэмжлэгийн талаар тодруулан асуусан юм. Ажлын хэсгийг төлөөлж НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн газрын төслийн захирал Дэлгэрбаяр хариулахдаа “Хог хаягдлыг ангилах, цуглуулах, устгах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, иргэдийг дэмжих нь хуулийн төслийн үндсэн концепци юм. Хэлэлцэж буй хуулийн төслүүдийн хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулиудад энэ талаарх зохицуулалтыг тусгасан байгаа. Тухайлбал, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд дахин боловсруулсан хог хаягдлаар үйлдвэрлэсэн бараа, үйлчилгээ санал болгосон тохиолдолд давуу эрх олгохоор, мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд хог хаягдлын боловсрол олгох чиглэлээр хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд орлогын татварыг хөнгөлөх, Аж үйлдвэрийн паркын тухай хуульд  хог хаягдлын эко парк байгуулсан тохиолдолд дэд бүтцийн зардлыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх зэрэг нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл боловсруулсан. Үүний зэрэгцээ хог хаягдлын чиглэлээр явуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт Засгийн газрын тогтоолд бий” гэлээ. УИХ-ын гишүүн Н.Оюундарь хог хаягдлыг ил задгай шатаахгүй байх талаар хуулийн төсөлд тусгах, хууль батлагдсан тохиолдолд аюултай хог хаягдалтай холбоотой заалтыг хэрэгжүүлэх чиглэлээр Засгийн газарт хугацаатай үүрэг өгөх зэрэг саналыг хэлэв.


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хог хаягдлын хураамжийн орлогын зарцуулалтын талаар, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар ЖДҮ-ийн ажлын байрыг нэмэгдүүлэхийг дэмжсэн талаар ямар зохицуулалт тусгасан болохыг асуусан. Хэлэлцэж буй хуулийн төслийг нэлээд удаан хугацаанд боловсруулж, хэлэлцүүлж байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол онцоллоо. Өнөөдрийн байдлаар хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  23 аж ахуйн нэгж байгаа бол нийслэлийн хэмжээнд 20000 гаруй иргэн хог хаягдал цуглуулах үйл ажиллагаа эрхэлж байгаа гэлээ. Эдгээрийг дэмжих үүднээс холбогдох дүрэм, журмыг боловсруулах боломж бүрдэх юм байна. Мөн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, аюултай хог хаягдлыг экспортлох болон импортлохыг хориглоно гэсэн байна. Манайд энэ төрлийн хогийг дахин боловсруулах үйлдвэр байхгүй учир БНХАУ руу экспортолж боловсруулах боломж нээлтэй байх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Учрал, иновацийг дэмжих шаардлага байгааг дуулгаад монгол залуус аюултай хог хаягдлыг шийдвэрлэх технологийн шийдлийг нээж олоод, амжилттай туршилтууд хийсэн атал төр засаг, холбогдох байгууллагууд дэмжихгүй, сонирхохгүй байгааг хэлсэн юм. Тэрбээр шийдэл, технологийг холоос, гаднаас хайхын оронд монгол зохион бүтээгчдийнхээ нээлт, бүтээл, технологийг давуу эрхтэйгээр сонгон худалдаж авахад холбогдох газрууд анхаарах нь зүйтэй гэдэг санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, агаар, дуслын замаар халдварладаг өвчнүүдийг дэгдээж буй нэг шалтгаан нь хогийн цэг рүү тээвэрлэлт хийдэг автомашинууд байдаг. Тэгвэл эдгээр тээврийн хэрэгслийн дугуйг ариутгаж байх талаар төсөлд тусгах, мөн хилээр нэвтэрч буй аюултай хог хаягдлын жин, хэмжээний талаар мэдээлэл байгаа ч эргээд эдгээрийг хэрхэн хэрэглэсэн, хаягдал, үлдэгдлийг нь хэрхэн устгасан нь тодорхойгүй байдгийг холбогдох газрууд анхаарах ёстой гэлээ. Түүнчлэн Монгол Улсад хог хаягдал импортлох асуудал байх ёсгүй учир хуулийн төсөлд байгаа энэ төрлийн зохицуулалт бүхий заалтыг хасах нь зүйтэй гэдэг саналыг хэлэв. Монгол Улсад жилд 200 сая лонх импортоор орж ирдэг байхад эдгээрийг дахин боловруулах, дахин ашиглалтыг дэмжихтэй холбоотой зохицуулалтын талаар саналыг ч гаргасан юм.


Ийнхүү гишүүд асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт өгч дууслаа. Дараа нь Байнгын хорооноос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

УИХ дахь АН-ын бүлэг дөрөв хоногийн завсарлага авлаа

Чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Засгийн газраас энэ оны хоёрдугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатар танилцууллаа.

Байнгын хороо төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэрээ Ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зармын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрийг хэлэлцсэн болохыг танилцуулгад дурдлаа. Тухайлбал,

  • Төсөлд иргэний нэхэмжлэгч, хариуцагчтай холбоотой зохицуулалтыг шинээр нэмж оруулах
  • Гэрч хохирогчийг мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
  • “Зорчих эрхийг хязгаарлах, таслан сэргийлэх арга хэмжээ” гэсэн нь Эрүүгийн хуульд заасан “зорчих эрхийг хязгаарлах ял”-тай нэршлийн хувьд давхцаж байгаа тул таслан сэргийлэх арга хэмжээний нэрийг “хязгаарлалт тогтоох” гэж өөрчлөх,
  • Таслан сэргийлэх арга хэмжээний төрөлд цэргийн албан хаагчтай холбогдох зохицуулалтыг нэмэх,
  • Шүүхийн бүх шатнаас эрүүгийн хэргийг прокурорт буцаах зохицуулалтыг төсөлд нэмэх,
  • Сэжигтнийг баривчлах хугацаа 24 цаг байсныг 48 цаг болгон өөрчлөх,
  • Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг бүх хэрэгт заавал хийхээр тусгасан байсныг өөрчилж, талуудын хүсэлтээр, эсвэл шүүхийн санаачилгаар хийхээр тусган, үүнтэй холбоотойгоор яллагдагчийг урьдчилан хэлэлцүүлэг хийхгүйгээр шүүхэд шилжүүлэх зохицуулалтыг төсөлд нэмэх,
  • Гэрч хохирогч, шинжээч, яллагдагчийг шүүх, прокурорын дуудах хуудсаар ирүүлэхээр төсөлд тусгасан дээр нэмж дуудан ирүүлэх эрхийг мөрдөгчид олгох,
  • Гэм буруугийн шүүх хуралдааныг заавал хийхээр тусгасныг өөрчилж, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байгаа тохиолдолд хийхээр, мөн шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх асуудлыг төсөлд нэмж тусгах зэрэг саналыг хэлэлцсэн байна.

Байнгын хорооны санал дүгнэлт танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Ж.Батзандан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг нухацтайгаар хэлэлцэх шаардлагын үүднээс УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авах хүсэлтийг УИХ-ын даргад гаргав. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар энэхүү төслийн хэлэлцүүлгийг ийнхүү хойшлуулсаар байвал энэ оны долдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн манай улсад хууль эрх зүйн орчны гажуудал, зөрчил үүсэх эрсдэлтэй хэмээн тайлбарласан юм. Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн явцад үүсээд буй нөхцөл байдлыг нягталж, төслийн зохицуулалтыг нягтлах боломжийг хангах үүднээс УИХ дахь АН-ын бүлэгт дөрөв хоногийн засварлага өгөхөөр УИХ-ын дарга шийдвэрлэсэн юм.

Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгээр үдээс өмнөх хуралдаан завсарлалаа

Үргэлжлүүлэн Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцуулав.

Байнгын хороо дээр дурдсан хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2017 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хийжээ. Хэлэлцүүлгийн явцад Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, М.Оюунчимэг, Б.Ундармаа нар төслийн нэр томьёоны тодорхойлолтыг ойлгомжтой, тодорхой болгох, зохицуулалт нь төсөлд тусгагдаагүй тодорхойлолтуудыг хасах, Үндэсний төлбөрийн системийг удирдан зохицуулах, систем, түүний үйл ажиллагаанд хяналт тавих чиглэлээр Монголбанкны эрх, үүрэгтэй холбогдсон зүйл, заалтыг өөрчлөн найруулах, Монголбанкнаас олгох зөвшөөрлийг тодорхой болгох, зөвшөөрөл олгох эсэхийг шийдвэрлэх хугацааг баримт бичгийн бүрдүүлэлттэй холбож, зургаан сар болгох, Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн бүрэлдэхүүнд системийн оролцогчид буюу банк, төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, төлбөрийн үйлчилгээ үзүүлэхтэй хамаарал бүхий үйл ажиллагаа эрхлэх, систем ажиллуулах этгээд буюу хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах заалт нэмэх, хуулийг дагаж мөрдөх хугацааг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр болгож хойшлуулах, үүнтэй холбогдуулан хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн дагаж мөрдөх хугацааг өөрчлөх зэрэг санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн байна.

Цахим мөнгө нь зээлийн эх үүсвэр болохгүй байх, системийн оролцогчдын тэгш, тэнцвэртэй байдлыг хангах зэрэг зохицуулалтыг төсөлд нэмж тусгах талаархи Улсын Их Хурлын гишүүн Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан нарын санал олонхийн дэмжлэг авсан аж. Түүнчлэн Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 10 дахь заалтыг хасах, Монголбанкнаас зөвшөөрсөн тохиолдолд Үндэсний төлбөрийн системийн тухай хуульд заасны дагуу төлбөр тооцооны төлөөлөгчөөр гүйлгээг дамжуулж болох чиглэлээр Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өөрчлөх, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцаах зэрэг саналууд олонхийн дэмжлэг авчээ.

Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд тус Байнгын хороонд ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Хууль зүйн байнгын хорооны саналыг дэмжсэн болохыг Байнгын хорооны санал дүгнэлтэд дурджээ. Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийх хийх явцад Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Байнгын хорооны санал, дүгнэлтийн танилцуулгатай холбогдуулан асуулт асуух гишүүдийн нэрсийг бүртгэснээр 13.00 цаг болж, чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2017-05-05 14:38  514