Цэс

Холбоо барих

ТБХ:Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналууд дэмжигдсэнгүй


Улсын Их Хурлын Төсвийн  байнгын хорооны өнөөдрийн (2019.07.02) хуралдаан 16 цаг 45 минутад гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн  Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. 

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, ажлын хэсгийн зарим гишүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд,  Үндсэн хуулийн үг бүр утга, агуулга илэрхийлдэг учир төслийн зүйл, заалтын үг, найруулгыг Үндсэн хуульд нийцүүлэн бичих шаардлагатай гэдгийг анхааруулж байлаа. Мөн тэрбээр, төслийн 51.3 дахь хэсэг Дээд шүүхийн шүүгчээр мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн гэх зэрэг шалгуур тавьсныг тодруулахын зэрэгцээ Шүүгчийн хариуцлагын зөвлөл шүүгчийг чөлөөлөх шийдвэр гаргана гэснийг хасах, Үндсэн хуулийн цэцийн гишүүн улстөрийн мэргэшилтэй байна гэснийг хассан шалтгааныг лавлаж байлаа. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, тойргийн сонгогчидтойгоо хийсэн уулзалтаар баг, хорооны Засаг даргыг сонгодог зарчмыг иргэд дэмжсээр байхад төсөлд  “баг, хорооны засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга шууд томилохоор” тусгасныг тодруулж байлаа.  


Үндсэн хуулийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан хариултдаа, 2016 оны Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 15 эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй баг 7 аймгаар явж уулзалт, судалгаа хийсэн байдаг. Уг судалгаагаар баг, хорооны засаг даргыг сонгох нь буруу гэж судалгаанд оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь үзсэн байна. Иймд төсөлд тусгасан. Мөн саяхан хөдөө орон нутгаар уулзалт хийгээд ирсэн гишүүдийн 80 хувь нь дээрх асуудлыг иргэд дэмжиж байна хэмээн ярьсан гэдгийг онцлов. Мөн тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг “чөлөөлнө” гэж байхгүй тул бид алдаагаа олж хараад уг өгүүлбэрийг төслөөс хассан гэж байлаа. 
Улсын дээд шүүхийн шүүгчид мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан гэсэн шалгуур тавьсан бөгөөд одооны Үндсэн хуульд 10 жил гэж заасан байдаг. Улсын дээд шүүх нь онолын шүүх буюу хуулийн тайлбар хийдэг газар учраас прокурор, өмгөөлөгч, хуулийн сургуулийн профессор гээд хуулийн мэргэжлийн өөр өөр хүмүүсээр бүрдүүлдэг олон улсын жишиг байдаг. Үүнийг нээж өгч байгаа гэж  Дэд ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нэмэлт хариултыг өгөв. Мөн тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн, улстөрийн өндөр мэргэшилтэй гэж заасан байдаг ч хууль зүйн мэргэжлийн бус хүмүүсийг олноор томилсноор цэцийн тайлбарын үндэслэл муу, дулимаг гардаг. Иймд Үндсэн хуулийн түвшний улс төрийн харилцааг ойлгодог, хууль зүйн өндөр мэргэжлийн тайлбар гаргах гэдэг агуулгаар төслийн заалтыг оруулж ирсэн гэж байлаа.  

Ингээд Монгол УлсынҮ ндсэн  хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав. 

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 19.1 буюу “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна" гэсэн, 28.3 буюу “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэснийг тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар төслийн 6.2-т заалтын “зарчмыг баримтална” гэсний дараа “стратегийн ордын 51-ээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байна” гэсэн өгүүлбэр нэмэх санал дэмжигдсэнгүй. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  төслийн 39.1-ийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийг хавсарч болно” гэж өөрчлөн найруулах, 60.2-т заасан “баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэснийг хасаж, одоогийнхоор нь хэвээр үлдээх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтлоо. 

                   Улсын Их Хурал болон Ерөнхий аудиторын 2020 оны төвсийн төслийг дэмжлээ

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын 2020 оны төсвийн төслийг  хэлэлцлээ. Хуралдаанд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Захиргаа, аж ахуйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга П.Цэрэн, Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтсийн дарга Л.Хосбаяр, Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Ц.Борхүү нар оролцов. 

Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 42 дугаар зүйлд заасны дагуу УИХ-ын тухай хууль, Төсвийн тухай хуулийг удирдлага болгон УИХ болон Байнгын хороо, УИХ дахь намын бүлгийн хэвийн үйл ажиллагааг хангах, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд шаардагдах Улсын Их Хурлын 2020 оны төсвийн төслийг боловсруулсан гэдгийг онцоллоо. 


Мөн тэрбээр, УИХ-ын Тамгын газар нь УИХ-ын хэвийн үйл ажиллагааг хангах, гишүүдийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжийг хангасан байх,  УИХ-ын 2020 оны төсвийн талаар Улсын Их Хурлын даргын зөвлөлөөс өгсөн чиглэлийг хэрэгжүүлэх, Байнгын хороодын төсвийн төслийн Байнгын хороо бүр адил байх, УИХ дахь намын бүлгүүдийн төсвийн төслийг бүлгийн ажлын алба болон бүлгийн гишүүдэд оногдох зардлын хэмжээ нь нэг хүнд адил байх, хөрөнгө оруулалтаар 2020 онд авах шаардлагатай техник хэрэгсэл, программ, нэр, төрөл, тоо хэмжээ бүрээр гаргаж, шаардагдах төсвийг тооцох зарчмыг баримталсан гэж байлаа. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй тул Улсын Их Хурлын 2020 оны төсвийн төслийг улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр хүргүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ. 

Дараа нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төсвийн төслийг хэлэлцэв.  Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцуулгадаа, Монгол Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны 2019 оны 05 дугаар тогтоолоор Үндэсний аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг батласан бөгөөд хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг тооцон тусгалаа. УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанд УИХ-ын гишүүдээс аудитын байгууллагын ажиллагсдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, илүү цагийн хөлс олгох, мэдээллийн технологийг эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр гаргасан саналуудыг Төрийн аудитын байгууллагын 2020 оны төсвийн төсөлд тусгасан гэдгийг онцлов. 


Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төсвийн төсөлд нийт зардлыг 25.653.7 сая төгрөг үүнээс урсгал төсвийг 91,5 хувь буюу 23,483.6 сая төгрөг хөрөнгө оруулалтын төсвийг 8,4 хувь буюу 2,170.1 сая төгрөг байхаар тооцсон гэж Д.Занданбат танилцуулгадаа дурдсан.  

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан нар асуулт асууж, санал хэллээ. Гишүүдийн зүгээс 2020 оны төсөв төлөвлөснөөс 10 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг анхааруулж, бусдаар гүйцэтгүүлэх нийтлэг ажил үйлчилгээнийхээ зардлыг эргэн харж, дотоод нөөцдөө тулгуурлан хийх, мөн төсөвтөө Оюутолгой ХХК-ийн хөрөнгө оруулалтын баталгаажуулалтын аудит хийх хөрөнгийг тусган гүйцэтгэхийг зөвлөж байлаа. 

Ингээд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны төсвийн төслийг улсын төсвийн төсөлд нэгтгүүлэхээр хүргүүлэхийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад  хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжих нь зүйтэй гэж үзлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл