Цэс

Холбоо барих

Хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв

Улсын Их Хурлын 2018 оны намрын чуулганы  өнөөдрийн (2018.10.18) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар  хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.


2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт  бэлтгүүлэхээр шилжүүллээ

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2018 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.  Хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол нар танилцуулсан.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар батлагдсан. Гадаад дотоод эдийн засгийн нөхцөл байдал, дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний төлөв болон 2019 онд Засгаас газраас авч хэрэгжүүлэх Гааль, татварын шинэчлэлийн бодлогын хүрээнд татварын бааз суурийг нэмэгдүүлэн, төсвийн орлого бүрдүүлэлтийн бүхий л боломжийг бүрэн дайчилснаар төсвийн орлого нэмэгдэнэ гэж төсөл санаачлагчид үзжээ.

Түүнчлэн, эдийн засгийн идэвхжилийг дэмжих, эрэлтийг тэлэх зорилгоор төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг сайжруулан өрхийн бодит орлогыг дээшлүүлэх зорилгоор төрийн албан хаагчдын цалин болон тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагын улмаас төсвийн нийт зарлага ч өсөхөөр байгаа аж. Энэ нь дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн хэмжээг өөрчлөх нөхцлийг бий болгожээ. Үүний дагуу холбогдох өөрчлөлтийг тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 9,676.5 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 27.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 11,589.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,913.3 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий -5.4 хувьтай байхаар тооцож төсөлд тусгажээ.


Төсвийн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуулийн төсөл болон, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Н.Оюундарь нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлогыг бодитой тооцсон эсэх, нийслэлийн авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулахад үр нөлөөтэй арга хэмжээ авах талаар лавласан. Мөн хөрөнгө оруулалт нь шийдэгдээгүйгээс дутуу баригдсан барилга байгууламж, царцсан обьектын санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгаж, бүрэн дуусгах талаар тодруулж байв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлогыг өөдрөгөөр төсөөлсөн тал бий. Гэхдээ УИХ Засгийн газраас өргөн мэдүүлсэн гааль, татварын багц хуулийн төслүүдийг баталж, дэмжиж өгвөл төсвийн тодотгол хийхгүй байх магадлал 90 хувьтай гэж хэлнэ. Өөрөөр хэлбэл, төсвийн хүрээний мэдэгдэлд дурдсан төсвийн орлогыг бүрдүүлэхийн төлөө бид боломжоо бүрэн дайчлан ажиллана гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулав.  Тэрбээр хөрөнгө оруулалт зогссоны улмаас 2012-2016 оны хугацаанд баригдаж дуусаагүй барилга, царцсан обьектуудын асуудлыг үе шаттайгаар шийдэж ирснийг онцлоод 2020 он гэхэд царцсан обьектын хөрөнгө оруулалтыг  бүрэн шийдэж дуусгана гэж байлаа. Мөн нийслэл хотын замын түгжрэлийг бууруулахын тулд Улаанбаатар-Дархан-Уул аймаг хүртлэх автозамыг дөрвөн эгнээ болгох, Баянзүрхийн товчооноос Налайх дүүрэг хүртэл  авто замыг өргөжүүлэх, нүхэн гарцыг нэмэгдүүлэх, гүүрүүд барихаар тодорхой хөрөнгийг төсөвт суулгаж, энэ асуудалд анхаарч ажиллаж байна гэж Сангийн сайд хариулж байлаа.

Харин Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос 2016 оноос эхлэн агаарын бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байна. Засгийн газрын зүгээс нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад бодитой үр дүнд хүрэх, олон нийтийг хамарсан, гадаад дотоодын томоохон  төсөл, хөтөлбөр арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзээд одоогоор 147 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан. Төсөв батлагдсаны дараа агаарын бохирдлыг бууруулахад бодит үр дүнд хүрэх арга хэмжээний талаар нарийвчилсан төлөвлөгөө гаргана гэж хариулж байлаа. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлсэн.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэхээр болов

Үргэлжлүүлэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Тогтоолын төслийн талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан танилцуулав. 


Тэрбээр танилцуулгадаа, Өнгөрсөн хоёр жилд манай гадаад эрэлт өндөр, худалдааны нөхцөл харьцангуй тогтвортой, уул уурхайн хөрөнгө оруулалт нэмэгдсэний зэрэгцээ дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогын зохистой хослолыг хэрэгжүүлсэний үр дүнд тодорхой бус байдлыг бууруулж, бизнесийн итгэл, идэвхжилийг сэргээж чадлаа. Эдийн засгийн хямралын хамгийн муу үе болох 2016 оны 2, 3 дугаар улирлаас хойш барилгаас бусад эдийн засгийн бүх салбар хоёр жилийн хуримтлагдсан дүнгээрээ өсөлттэй байна. Энэ оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт эрчимжин 6.3 хувьд хүрч, ажил эрхлэлт 3.1 хувиар өсөөд байна. Энэхүү нааштай үр дүнг бататгахын тулд эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх бус түүний тогтвортой байдлыг хамгаалах нь хамгийн чухал байна. Үүний тулд  улсын секторын өрийн дарамтыг бууруулах, гадаад төлбөрийн чадварыг сайжруулах, банк, санхүүгийн салбарын эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх,  салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай гэдгийг дурдав. 

Мөн  тэрбээр, Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг урт хугацааны тэнцвэрт түвшин болох 8 хувийн орчимд тогтворжуулах зорилтыг ирэх хоёр жилд үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дунд хугацаанд 6 хувь болгон бууруулна. Гадаад эрэлт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл өндөр байгаа энэ үед эдийн засгийн идэвхжил, ажил эрхлэлтийг бүх салбарын түвшинд дэмжихийн зэрэгцээ инфляцийн хүлээлтийг тогтворжуулах нь чухал ач холбогдолтой. Инфляци 2018-2019 онд зорилтот түвшний орчимд хадгалагдахаар байна гэж байлаа.

2018 оны эхний найман сарын байдлаар төлбөрийн тэнцэл 398 сая ам.долларын алдагдалтай гарч өмнөх оны мөн үеэс 613 сая ам.доллараар муудахад импортын өсөлт, гадаад бондын эргэн төлөлтүүд голлон нөлөөллөө. Том гүрнүүдийн хоорондох худалдааны хязгаарлалтын бодлого, зарим улс орнуудад тавьсан эдийн засгийн хориг арга хэмжээтэй холбоотойгоор гадаад эдийн засгийн орчинд тодорхой бус байдал нэмэгдэж, гадаад зах зээл дээр хүү өсч байгаа нь хөгжиж буй эдийн засгууд руу чиглэсэн валютын урсгал татрахад нөлөөлж байна. Энэ нь дэлхий нийтийн валютууд болон зарим эрдэс бүтээгдэхүүний үнэ ам.долларын эсрэг сулрахад нөлөөллөө. Судалгаанаас харахад 142 орны валютын ханш ам.долларын эсрэг сулраад байгаа нь ханшийн дарамт улс орнуудын нийтлэг хүндрэл болохыг илтгэж байна гэж Н.Баяртсайхан ерөнхийлөгч танилцуулгадаа дурдав.

Түүнчлэн эдийн засгийн бүх түвшинд гадаад орчноос үүдэлтэй эрсдэлээ хянуур тооцож, тэлэлтийн хурдаа зөв зохицуулж, санхүүгийн сайн удирдлагыг хэрэгжүүлэх шаардлага нэмэгдэж байна. Томоохон эдийн засгууд ханшаа хамгаалах оролдлого хийж байгаа боловч гадаад валютын нөөцөд ирэх дарамтаа харгалзан үзэж, валютын ханшийн зохицуулалтыг хүлээн зөвшөөрч байна. Турк, Өмнөд Африк, Аргентин зэрэг улсууд хэт уян хатан бус ханшийн бодлого баримтласанаас үүдэлтэй сөрөг үр дагавартай нүүр тулж байна. 2018 он гарснаас хойш улс орнууд эдийн засгийн гадаад тэнцлээ хангахын тулд мөнгөний бодлогын хүүгээ өсгөж эхлээд байна. Тухайлбал, ОХУ 2018 оны 02 дугаар сард бодлогын хүүгээ бууруулж байсан бол зөвхөн 7 сарын дараа буюу энэ 09 дүгээр сард бодлогын хүүгээ 0.25 нэгж хувиар нэмэгдүүлсэн, Малайз энэ онд 0.25, Индонез 1.5, Филиппин 1.5, Энэтхэг 0.5, Турк 16, Аргентин 32 нэгж хувиар бодлогын хүүгээ тус тус нэмэгдүүлээд байна. Эдийн засгийн амьдралын 50 орчим хувь нь гадаад зах зээлээс хамааралтай манай улсын хувьд энэ хүндрэлийг тойрох боломжгүй бөгөөд эхний хагас жилд харьцангуй тогтвортой байсан валютын ханш сүүлийн гурван сарын туршид оны эхнээс 5.7 хувиар суларч тогтворжоод байна гэж байлаа.  


Цаашид Монголбанк гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилтыг дангаар болон төрийн эрх бүхий байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх байдлаар үндсэн чиглэлд тусгажээ. Гадаад валютын улсын нөөц нэмэгдүүлэх нь аливаа улс орны төрийн эрх баригчдын гол үүрэг, хийх ажил юм.  Монголбанк бизнесийн тогтвортой байдалд чухал ач холбогдолтой макро эдийн засаг, санхүүгийн зуучлалын тогтвортой орчинг бүрдүүлэх зорилтыг мөнгөний болон макро зохистой бодлогын хэрэгслүүдээр дамжуулан тууштай хэрэгжүүлэх аж. Мөн ирэх онд санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, олон улсад мөрдөж буй тогтвортой санхүүжилтийн нийтлэг зарчим, шилдэг туршлагыг  нэвтрүүлэх, технологийн дэвшилд суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний стандартыг тодорхойлох, харилцагчийн мэдээллийн аюулгүй, найдвартай байдлыг хангахад чиглэсэн дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр холбогдох эрх зүйн зохицуулалтыг бий болгож, санхүүгийн зах зээлд нэвтрүүлэхээр болжээ. Банкуудын өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэх, банк санхүүгийн салбарын зохицуулалтыг олон улсын стандартын шаардлага, зарчимд нийцүүлж, мөрдүүлэх, Төв банкны нээлттэй, ил тод байдлыг хангаж олон нийттэй харилцах харилцааг үр ашигтай болгох зэрэг санхүүгийн институцын хөгжилд чухал ач холбогдолтой зорилтуудыг хэрэгжүүлж ажиллахаар Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тусгасан байлаа.

Эдийн засгийн байнгын хороо 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


УИХ-ын тогтоолын төсөл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, Н.Аюурсайхан, С.Чинзориг, О.Батнасан, М.Оюунчимэг, Б.Пүрэвдорж, Б.Баттөмөр, Ш.Раднаасэд нар асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагва, Д.Оюунхорол, Х.Нямбаатар, Д.Эрдэнэбат нар санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс Монголбанкны валютын ханшийг тогтвортой байлгах, төгрөгийн ханшийг сулруулахгүй байхад авсан арга хэмжээ, арилжааны банкны хадгаламжийн хүү, зээлийн хүүг бууруулах, хэрэглээний зээлийн хугацааг багасгах асуудалд баримталж байгаа бодлогын талаар илүүтэй тодруулав.

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Намайг ажилд авахад Монгол Улсын гадаад валютын нөөц 1,5 тэрбум байсан бол өнөөдөр гурван тэрбумд хүрч, зургаан сарын нөөцийг бүрдүүлээд байна. Монголбанкнаас сард 60-70 сая ам долларын интервенц хийж байгаа. Энэ нь ханшийг тогтвортой байлгахын тулд хийсэн алхмуудын нэг гэж байлаа. Мөн тэрбээр, арилжааны банкуудын зээлийн хүү  дунджаар 21 хувьтай байсан бол өнөөдөр 18 хувьд хүрсэн. Цаашид зээлийн хүүг буруулахын төлөө Төвбанк ажиллаж байна. Арилжааны банкны хадгаламжийн хүүг бууруулснаар зээлийн хүү бага байдаг хэдий ч асуудлыг бүрэн шийдвэрлэж чадахгүй. Санхүүгийн зах зээлийн салбарт өрсөлдөөнийг бий болгосноор арилжааны банкны зээлийн хүү  бодитой буурна. Нөгөөтэйгүүр, арилжааны банктай зээлийн гэрээ байгуулж байгаа иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх асуудалд анхаарч ажиллаж байна хэмээн хариулж байлаа. Монголбанкны ерөнхийлөгч иргэдийн хэрэглээний зээлийн хэт тэлэлтийг хязгаарлах талаар Төв банкны түвшинд анхаарч ажиллаж  байгааг онцлоод хэрэглээний зээлийн хугацааг хумьж 30 сард багтаах зохицуулалт хийхээр төлөвлөсөн гэдгийг дурдав. Төв банкны энэ шийдвэр 2019 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих юм байна.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2019 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёолоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 88.5 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл