Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

  2017-05-30 19:47  595

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2017.05.30) хуралдаан 15 цаг 23 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.


Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр тусгай ажилтай байсан тул хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан даргалан хуралдуулсан юм.

Үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг дэмжлээ

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас өнгөрсөн сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өнгөрсөн Пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн уг тогтоолын төслийн талаар танилцуулга хийлээ. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор батлагдсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилт, арга хэмжээ болон салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүд, яамд, агөнтлагаас ирүүлсэн саналд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулжээ.


Үндсэн чиглэлийн төсөлд нийт 5 бүлэг, 18 зорилт, 99 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг тодорхой зааж өгсөн байна. Үндсэн чиглэлийн төсөлд тусгасан дээрх зорилт, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд нийт 7 их наяд 311.4 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдахаас улсын төсвийн хөрөнгөөр 318.1 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 1 их наяд 541.5 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 5 их наяд 436.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 15.4 тэрбум төгрөгөөр тус тус санхүүжүүлэхээр төлөвлөж тусгажээ.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг 1,8 хувьд хүргэх, инфляцийг 8,0 хувийн түвшинд барих, ажлын байр нэмэгдүүлэх замаар ажилгүйдлийн түвшинг 8,0 хувиас ихгүй байлгах, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг өмнөх оны түвшнээс бууруулж, дунд хугацаанд төсвийн үндсэн тэнцлийг эерэг болгох нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд болон зээлжих зэрэглэлийг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, хөрөнгө оруулалт татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулж, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, бодит салбаруудын хөгжпийг дэмжих, нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх зэрэг зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.


Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан тус Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаардаг Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Онцгой байдлын байдлын ерөнхий газрын удирдлагууд, төсвийн ерөнхийлөн захирагчид болон холбогдох албан тушаалтнууд хуралдаанд оролцов.

Тогтоолын төслийн талаархи танилцуулгатай холбогдсон Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар, Н.Оюундарь, А.Ундраа, Б.Энх-Амгалан нарын асуултад Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Даваа, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Т.Бадрал нар хариулт өгсөн юм.

Мөн хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар үндсэн чиглэлд тусгасан “төрөөс худалдаж авах дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх” гэсэн заалтыг тодорхой болгож, дотооддоо үйлдвэрлэж байгаа сайн чанарын ноосон даавуугаар батлан хамгаалах салбар, тусгай чиг үүрэгтэй байгууллагуудын албан хаагчдын хувцас үйлдвэрлэх санаачилгыг дэмжих асуудлыг тусгах, Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр ирэх онд Монгол Улсад олон улсын томоохон хурал зохион байгуулахаар тохироод байгаа тул энэ хурлыг зохион байгуулах асуудлыг нэмж тусгах зэрэг саналууд гаргалаа.

Ингээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Байнгын хорооны гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хурааж шийдвэрлэн энэ талаархи санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтов.  

Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг УлсынЭкспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэв. Засгийн газраас энэ сарын 17-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг Байнгын хорооны энэ сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн ч салбарын чухал асуудал хэлэлцэж байхад сайд, дэд сайд нар нь Байнгын хорооны хуралдаанд ирээгүй, гишүүдийн асуултад ажлын хэсэг хангалттай хариулт өгч чадахгүй байна гэж үзээд салбарын сайдыг байлцуулж байж асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэний үндсэн дээр хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан. Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь жилийн 1,75 хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай агаад үүнээс эхний таван жилд нь зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх юм байна. Харин төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар, Н.Оюундарь нар уг зээлийн хөрөнгөөр Монгол Улсад барихаар төлөвлөж байгаа газрын тосны үйлдвэрийн байршил, хүчин чадал, технологи, бүтээгдэхүүний нөөцийн талаар асуулт асууж тодруулсан юм.


Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтсон.

Эхний шатны урьдчилсан ТЭЗҮ-ээр газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншандад барихаар төлөвлөж байгаа. Манай улсын хувьд газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээний 87 хувийг төвийн бүс эзэлдэг, эрчим хүч, дэд бүтцийн хувьд давуутай, усны судалгаа бүрэн хийгдсэн, түүхий эдийн нөөц нь ойр зэрэг хэд хэдэн давуу талтайг харгалзан Сайншандыг сонгоод байгаа. Тамсагийн орд, Зүүнбаян, Цагаан элс зэрэг сав газарт хийсэн хайгуулаар манай улсад газрын тосны бүтээгдэхүүний 332 сая тонн баталгаат нөөц байна гэсэн тооцоо судалгаа гарсан. Харин улсын хэмжээнд жилдээ 1.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэдэг.

Энэтхэг Улсын зээлээр барихаар төлөвлөж буй газрын тосны үйлдвэр нь нэг жилд 1.5 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах хүчин чадалтай бөгөөд үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос бүрэн хангах бололцоотой. Үйлдвэрийг 30 жил ашиглана, суурилагдсан хүчин чадлаар нь тооцоход 11 жилд үндсэн хөрөнгө оруулалтаа нөхөөд ашигтай ажиллана гэж тооцож байгаа. Үйлдвэрийг дагаад 30 гаруй жижиг үйлдвэр байгуулагдах боломжтой, 600 хүн ажлын байртай болно. Технологийн хувьд олон улсад түгээмэл хэрэглэж байгаа нүүрстөрөгчөөр задлах технологийг ашиглах агаад энэ нь газрын тосны бүх төрлийн бүтээгдэхүүнийг задалж шингэн бүтээгдэхүүн болгодог, тунгалаг бүтээгдэхүүний гарц өндөртэй технологи гэдгийг хэллээ.


Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 13 гишүүний 10 нь буюу 76.9 хувь нь Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан Зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжив. Иймээс энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, хуулийн төслийг соёрхон батлуулахаар тогтлоо.

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөв

Дараа нь Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай МонголУлсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас энэ сарын 15-ны өдөр ирүүлсэн ерөнхий хэлэлцээрийн төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б:Чойжилсүрэн танилцуулга хийсэн юм.

Эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулахаар төлөвлөж байна. Эдийн засгийн хамтын ажиллагааны сан нь 1993 оноос хойш Монгол Улсын Засгийн газарт зээл олгож эхэлсэн бөгөөд 1993-2011 онд нийтдээ 60-аад сая ам.долларын зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлсэн. Түүнчлэн 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар 105.6 сая ам.долларын санхүүжилт бүхий таван төслийн зээлийн хэлэлцээр байгуулж, төслүүдийг хэрэгжүүлж байна гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдав.

Тус сангаас шинээр авах хөнгөлөлттэй зээлийн хэмжээ 500 сая ам.доллар, зээлийн ерөнхий нөхцөл нь зээлийн хүү 0.2 хувь, зээл эргэн төлөх хугацаа 30 жил, үүнээс зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил байх аж. Зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрийг уг ерөнхий хэлэлцээрийг Улсын Их Хурлаар соёрхон батлуулсны дараа Засгийн газарт танилцуулж шийдвэрлэх юм байна.

Мөн уг ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн талаархи Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан нар танилцуулсан юм. Дээрх хоёр Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжжээ.


Сангийн сайдын танилцуулга, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, Б.Энх-Амгалан нар ажлын хэсгээс асуулт асууж тодруулав. Сангийн сайд Б.Чойжилсүрэн гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, 2012-2016 онд 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр найман төсөл хэрэгжүүлэхээр тохиролцсоноос өнөөдрийн байдлаар Үндэсний оношлогоо эмчилгээний төв, хот хоорондын нийтийн тээвэрт дэмжлэг үзүүлэх зэрэг таван төслийн 105.6 сая ам.долларын өртөг бүхий зээлийн хэлэлцээр байгуулсан. Харин үлдсэн 190 сая ам. долларын зээлийг эрх зүйн шинэчлэлийн багц, 10 аймгийн дулааны цахилгаан станц барих, “Харгиа” цэвэрлэх байгууламжийн төсөлд зарцуулахаар тусгасан байсан. БНСУ-ын тал эдгээр төслийг үндэслэл муутай байна үзсэн учраас ажил удааширсан тал бий.

Одоо авахаар төлөвлөж байгаа 500 сая ам.долларын зээл болон өмнөх зээлийн үлдэгдлийг Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байгаа. Зээлийн ерөнхий хэлэлцээр хийж байгаа болохоор яг ямар төслүүд хэрэгжүүлж, хөрөнгө оруулалт хийх асуудал одоогоор тодорхой бус байна. Хэлэлцээрт талууд гарын үсэг зурж, хуулийг соёрхон батлуулсны дараа хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрөө сонгож, ТЭЗҮ-г боловсруулах чиглэлтэй ажиллаж байгаа гэдгийг хэллээ.

Ингээд Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2017-2019 онд авах зээлийн тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжиж Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь дэмжсэн учраас энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Энэ талаархи хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил танилцуулав.


Засгийн газраас 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр өргөн мэдүүлсэн Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр баталж, 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Уг хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэнтэй холбогдуулан Олон улсын гэрээний тухай 1993 оны хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг Засгийн газар 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.

Харин уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс Олон улсын гэрээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын зарим хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргаж, хуулийг хүчин болгоогүйгээс нэг асуудлыг зохицуулсан хоёр хуультай байх нөхцөл бий болоод байгаа учраас хуулийн давхардлыг арилгах, хуулийн шинэчилсэн найруулгын зохицуулалтыг илүү оновчтой, байгууллагын эрх хэмжээний хуваарилалтыг тодорхой болгох үүднээс уг хуулийн төслүүдийг санаачлан боловсруулжээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаархи хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан, Б.Энх-Амгалан нар асуулт асууж тодруулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь дэмжлээ.

Дараа нь Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар дэмжив. Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хооронд байгуулсан зээлийн зарцуулалт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн Байнгын хороонд мэдээлж ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор уг тогтоолын төсөлд тусгажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2017-05-30 19:47  595