Цэс

Холбоо барих

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаагаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллалаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөвсгөл аймагт ажиллалаа.


Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа болон ажлын хэсгийн гишүүд орон нутгийн ахмадуудтай уулзаж, Ахмад настны тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх зүйн орчныг сайжруулах, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, асрамжийн газарт олгож буй хувьсах зардлын хэмжээ болон бусад тулгамдаж буй асуудлуудаар санал солилцжээ. 


Хөвсгөл аймгийн хэмжээнд 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй нийт 13772 өндөр настан буй бөгөөд сүүлийн жил 19 суманд 22 ахмадын өргөө шинээр байгуулагдсан байна. Мөн аймгийн хэмжээнд ахмадуудад үйлчилгээ үзүүлдэг найман байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа аж.


Уулзалтын үеэр ахмадууд орон нутгийн ахмадын байгууллага тухайн орон нутгийн төсвөөс санхүүждэг гэдгийг дурдаад тэрхүү зардлыг улсын төсвөөс гаргах нь зүйтэй байгаагаа илэрхийлжээ. Мөн эрт тэтгэвэртээ гарсан 55 хүрээгүй иргэдийн асуудлыг хуульд тусгах, ямарч харьяалалгүй ахмадуудын асуудлыг анхааралдаа авахыг хүсч байгаагаа мөн илэрхийлсэн байна. Ахмадын зөвлөлийн даргын цалин урамшуулал, ахмадын байгууллагын урсгал зардлыг шийдэх, ахмад настнуудыг шагнаж урамшуулах асуудлыг мөн хөнджээ.

Ажлын хэсэг Хөвсгөл аймгийн Ахмадын асрамж үйлчилгээний төвд ажилласан байна. Тус төвд 39 хүн асруулж байгаа бөгөөд 25 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй аж.


Ахмадын асрамж үйлчилгээний төв 1975 онд Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Бүрэнхаан багийн нутагт Хөвсгөл аймаг дахь аймаг дундын "Улсын асрамжийн газар" нэртэйгээр байгуулагджээ.


Ажлын хэсэг Хөвсгөл аймгийн ахмадын асрамжийн газрын шинэ байрны асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн бөгөөд ажилчдын ангилал цалингийн зэрэглэлийн асуудлыг дахин хэлэлцэж, асрамжийн төвийн шинэ барилгын зураг төслийн ажлыг орон нутгийн захиргаанд хариуцуулан, барилгын ажлын төсвийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам ирэх оны төсөвт суулгахаар болжээ.


Ажлын хэсэг үргэлжлүүлэн Увс аймагт ажиллаж, ахмадуудын төлөөлөлтэй уулзан, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцана.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл