УИХ-ын гишүүн Н.Учралын санаачилгаар “Оюуны өмч, инноваци-хөгжлийн форум” арга хэмжээ боллоо

  2018-04-26 17:27  53

Улсын Их Хурлын гишүүн Н.Учралын санаачилгаар “Оюуны өмч, инноваци-хөгжлийн форум” сэдэвт арга хэмжээ өнөөдөр (2018.04.26) Төрийн ордонд боллоо.


Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Н.Учрал “Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, түүнийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь” сэдвээр илтгэл тавьж, илтгэлдээ оюуны өмч, инновацийг эрчимтэй хөгжүүлснээр манай улсын эдийн засаг ирээдүйд уул уурхайн салбараас хараат байдгийг бууруулна гэж онцолсон. Мөн оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор санаачилсан хуулийн төслийнхөө талаар танилцууллаа.  


Зохион бүтээгч, уран бүтээлч, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, эрдэмтэн судлаач, төрийн албан хаагч зэрэг 600 гаруй хүн оролцсон уг арга хэмжээний хүрээнд “Зохиогчийн эрхэд суурилсан соёлын үйлдвэрлэл”, “Технологи, инновацийн хөгжил, асуудал, арга зам”, “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад брэндийн үүрэг” зэрэг сэдвээр салбар хуралдаанууд боллоо.

Дэлхийн оюуны өмчийн өдрөөр болсон энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцон, нээж үг хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


  2018-04-26 17:27  53