Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа

  2019-03-29 21:15  265

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр /2019.03.29/ Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд ноён Элчин сайд Монгол Улсын Их Хурлын даргын чухал албанд томилогдсонд нь баяр хүргээд Монголын бизнесийн зөвлөл, Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн хамтарсан уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг онцолж байлаа.


УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын хувиар уулзаж байсныг дурдаад дахин уулзаж буйдаа баяртай байна. Монгол Улс ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэж, хууль дээдлэх ёс нь ардчиллын үнэт зүйл болохын хувьд хүний эрхийг хангаж, хамгаалах нь туйлын чухал болохыг тэмдэглэж байв.


Уулзалтын үеэр Элчин сайд Филип Малоун Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үеэр баталсан хуулиуд болон үүнээс гарах үр дүнгийн талаар сонирхож байв. УИХ-ын дарга Г.Занданшатар монголын ардчиллын дайсан бол авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах, мөн хүний эрхийг зөрчих явдал юм гэлээ. Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг байгууллагууд хүний эрхийг зөрчих явдалд онцгойлон анхаарах шаардлагатай, учир нь хүний эрх гэдэг нь ардчиллын үнэт зүйлс юм. Хууль сахиулах байгууллагууд эрүүдэн шүүх зэрэгээр хүний эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа нь нотлогдсон. Иймд энэхүү хүний эрхийг зөрчих тогтолцоог өөрчлөхөөр бид ажиллаж байна гэлээ.

Түүнчлэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан бол шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, Улсын ерөнхий прокурор, түүний орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх эрх зүйн зохицуулалт бүрдсэн хэмээлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-03-29 18:01  265