2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлэв

  2017-04-13 19:04  436

Оффшор бүсэд данс эзэмшхийг хориглохтой холбогдсон

хуулийн төслийг баталлаа

Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.13) нэгдсэн хуралдаан 15 цаг 45 минутад 57.9 хувийн ирцтэй эхэлж, энэ өдрийн хуралдаанаар таван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Энэ талаарх Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.


Засгийн газраас 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг Хууль зүйн байнгын хорооны энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаараа хийж, хуулийн анхны хэлэлцүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хийх үед олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган хуулийн төслийн эцсийн хувилбарыг боловсруулжээ. Мөн төслийн зарим заалтыг гүйцээн боловсруулах талаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй зарим саналын томьёолол гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн байна.


Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Ж.Батзандан, Ө.Энхтүвшин, Д.Дамба-Очир, Л.Элдэв-Очир, Ж.Ганбаатар нар асуулт асууж тодруулан хариулт авсан юм. Байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, хуулийн төслөөр төрийн 38000 албан хаагч, түүнд хамааралтай хүмүүсийг оффшор бүсэд данс эзэмшихийг хориглохоор тусгасныг Байнгын хорооны гишүүд дэмжсэн. Бид тодорхой судалгаа хийж үзсэн, ийм хориглолт хязгаарлалттай эрх зүйн зохицуулалттай улс орон олон байдаг юм байна. Гол нь  татвараас зайлсхийх, мөнгө угаахтай тэмцэх үүднээс ийм зохицуулалт хийж эрүүгийн эрх зүйн хүрээнд асуудлыг ярьж хариуцлага тооцох бололцоо бүрдүүлэх зорилготой юм гэдгийг хэллээ.

Ингээд хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжлээ. Иймээс Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.1 хувь нь дэмжсэнээр хуулийн төсөл батлагдав. Мөн Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг бүхэлд нь батлахыг гишүүдийн мөн 74.1 хувь нь дэмжсэн юм. Уг хууль нь  ердийн журмаар хэрэгжих юм байна.

Дараа нь “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хороо энэ сарын 11-ний өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргаж дэмжсэнийг Байнгын хорооны танилцуулгыг хийсэн Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр, Ө.Энхтүвшин, Ж.Батзандан, С.Бямбацогт нар Байнгын хорооны ажлын хэсэг болон Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах Байнгын хорооны горимын саналаар санал хураалгахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 61 хувь нь дэмжсэн. Харин тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Чуулганы энэ өдрийн нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл,2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болонхолбогдох бусад хуулийн төслүүд (Засгийн газар 2017.03.24-ний өдөр өргөн мэдүүлсэн)-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хийсэн юм. Тус байнгын хороо өнөөдөр үдээс өмнө хуралдан дээрх хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхээр тогтжээ.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл нар асуулт асууж тодруулан Байнгын хорооны дарга болон ажлын хэсгээс хариулт авлаа.

Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдтэй холбогдуулан Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонхи нь дэмжив. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ 2017 онд “6,015.7” гэснийг “6,035.7” гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “23.1” гэснийг “23.2” гэж туус тус өөрчлөхөөр болов. Мөн төслийн 1 дүгээр зүйлийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт дэх нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ 2017 онд “8,789.8” гэснийг “8,750.2” гэж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь “33.7” гэснийг “33.6” гэж тус тус өөрчиллөө. Түүнчлэн төслийн 1 дүгээр зүйлийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ, тэдгээрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиудыг тус тус өөрчлөхийг дэмжлээ.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай зэрэг хуулийн төслүүдийн талаар Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж шийдвэрлэлээ.

Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх явцад Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналуудыг дэмжсэн юм. Ингээд Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.

Дараа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулсан юм. Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хийжээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ДНБ-нд эзлэх хувь хэмжээг 9.9 хувиас хэтрүүлэхгүй байх тусгай шаардлагыг Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд “10.6 хувь” гэж өөрчлөхөөр тусгагдсаныг Төсвийн байнгын хорооны ажлын хэсгээс “10.4 хувь” байх нь зүйтэй гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн аж. Иймээс чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй энэ саналыг дэмжлээ. Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлэв.

Төсвийн тодотголын гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт торуулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Төсвийн байнгын хорооны танилцуулгыг сонсов.


Төсвийн тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг тус Байнгын хороо өнөөдрийн хуралдаанаараа хийж дэмжсэн байна. Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар энэ талаарх танилцуулгадаа, Монгол Улсын 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусгаснаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөс Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 20 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт зарлага ба цэвэр зээлийн дүнг 39.6 тэрбум төгрөгөөр, үүнээс урсгал зардлыг 26 тэрбум төгрөгөөр бууруулсныг дурдлаа.

Мөн Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын жагсаалтаас нэмж санхүүжилт олгох шаардлагагүй, 719.6 сая төгрөгийн 2017 онд санхүүжих дүнтэй 3 төсөл, арга хэмжээг хасч, өмнөх жилүүдэд олгосон санхүүжилтийн гүйцэтгэлийг үндэслэн 9 төсөл, арга хэмжээний 2017 онд санхүүжих дүнг 2.339.3 сая төгрөгөөр бууруулан, эрүүл мэнд, боловсролын салбараас бусад салбарын их засварын зардлын дүнг 2017 оны төсвийн тухай хуулийн баталсан түвшингээр тооцож 14.300.0 сая төгрөгөөр бууруулснаар нийтдээ хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг 2017 онд санхүүжүүлэх дүнг 17.961.7 сая төгрөгөөр хасч тооцсон байна. Дээрх өөрчлөлтүүдийг 2017 оны төсвийн тодотголын төсөлд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6,035.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 23.2 хувь, нийт зардал 8,750.2 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 33.6 хувь болж, нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн алдагдал 2,714.4 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 10.4 хувь болж, Засгийн газраас өргөн барьсан төслөөс 59.7 тэрбум төгрөг буюу 0.2 хувиар буурсан байна.

Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт гараагүй тул Улсын Их Хурлын дарга хуулийн төслүүдийг дөрөв дэх хэлэлцүүлэгт шилжүүлснийг мэдэгдлээ.

Төсвийн байнгын хороо одоо хуралдаж 2017 оны төсвийн тодотголын төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж батлуулах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 


  2017-04-13 19:04  436