Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдтэй уулзав

  2016-09-06 01:00  209

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Батзориг, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар өнөөдөр /2016.09.06/ БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Сол Хүн, Чү Хэ Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр төлөөлөгчдийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд УИХ-ын сонгуулийн дүнгээр Монгол Ардын Нам олонхи болж, шинэ Засгийн газар эмхлэн байгуулсныг дурдаад БНСУ-тай харилцах манай гадаад бодлого, үйл ажиллагаанд өөрчлөлт гарахгүй тууштай үргэлжлэнэ гэдгээ илэрхийлэв.

Мөн тэрээр, хоёр улсын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн хүрээнд, нийгмийн бүхий л салбарт өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байна гээд хоёр орны харилцааны хөгжилд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэв.

Парламент хоорондын хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэхэд парламентын гишүүд, парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар, Байнгын хороод хоорондын нягт хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Энэхүү харилцааг бодитой хөгжүүлэхэд парламентын гишүүд, төлөөлөгчдөө харилцан айлчлуулах, тодорхой асуудлаар мэдээлэл, туршлага солилцох зэргээр хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хэлсэн үгэндээ онцолсон. Түүнчлэн УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлэг шинэчлэн байгуулагдаж, бүлгийн даргаар УИХ-ын гишүүн Б.Батзориг, дэд даргаар УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл нар сонгогдон ажиллаж байгааг дурдлаа.

Өнгөрөгч 7 дугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцсон нь АСЕМ-ын арга хэмжээний ач холбогдолыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үүднээс Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /EPA/ байгуулахаар яриа эхэлж тохиролцсон бөгөөд ойрын хугацаанд ажлын хэсгийг байгуулж, судалгааг эхлүүлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа тэмдэглэв.

БНСУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Сол Хүн найрсаг дотноор хүлээн авч буйд талархал илэрхийлээд 9 дүгээр сарын 06-12-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох БНСУ-ын соёлын 7 хоногийн арга хэмжээнд оролцох, мөн УИХ-ын гишүүдтэй хоёр орны улс төр, эдийн засаг, олон улсын өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцох зорилгоор ирснээ дуулгав.

Тэрээр, “Манай хоёр улс эртнээс найрсаг харилцаатай, олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн уламжлалтай. Цаашдаа эдийн засаг, соёлын харилцаагаа хөгжүүлж, шинэ шатанд гаргахын төлөө ажиллах нь зүйтэй. Монгол Улс, Өмнөд Солонгосын цөмийн зэвсгийн асуудалд байр сууриа илэрхийлсэнд талархалтай байгаа бөгөөд цаашид нь эсрэг байр сууриа хадгална гэдэгт итгэлтэй байна. Манай улсад 4 дүгээр сард парламентын сонгууль болж, үйл ажиллагаа эхэлсэн ч бид найрамдлын бүлгүүдээ байгуулж чадаагүй байна. Ойрын хугацаанд байгуулж, хоёр парламентын харилцааг идэвхжүүлэхийн төлөө нягт хамтран ажиллана гэж найдаж байна” гэв.

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр хоёр улс НҮБ, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, олон талт яриа х‎элэлц‎ээний үйл явцын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж, харилцан бие биеээ дэмжиж ирсэнд баяртай байдгаа дурдаад Монгол Улс бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, тухайлбал АПЕК-ийн гишүүн орон болох, Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцох сонирхолтой байдгийг илэрхийлж, БНСУ-ын зүгээс энэ талаар дэмжиж хамтран ажиллана г‎эж найдаж байна гэв.

УИХ дахь Монгол-Солонгосын парламентын бүлгийн дарга Б.Батзориг хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоод 20 гаруй жил болж байгаа боловч энэ хугацаанд худалдаа, эдийн засгийн төдийгүй иргэд хоорондын харилцаа эрчимтэй хөгжиж ирснийг онцлов. Тухайлбал, 2015 онд 80 гаруй мянган иргэн БНСУ руу зорчсон бол түр болон урт хугацаагаар 30 гаруй мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. 5000 гаруй иргэн БНСУ-д суралцаж байгаа бол тус улсын 3000 гаруй иргэн Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа нь хоёр улсын харилцаа ямар түвшинд хүрснийг илтгэж байна гэж үзэж болохоор байгааг хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар манай улсын хамгийн олон иргэн гэрээгээр болон хувиараа ажил хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал бидний тэргүүлэх зорилтын нэг. Иймд БНСУ-ын Үндэсний Ассамблейн зүгээс монгол иргэдийн ажиллах, амьдрах нөхцлийг сайжруулах талаар анхаарч дэмжлэг үзүүлэхийг хүслээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2016-09-22 23:54  209