Төвлөрлийг сааруулах зорилгоор эрх зүйн орчныг өөрчлөх төслүүдийг хэлэлцэв

  2018-06-15 22:41  354

“Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” мэдээлэл сонсов

    УИХ-ын чуулганы өнөөдрийн (2018.06.15) үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд М.Оюунчимэг гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”-х асуулгын хариуг сонсов. Мэдээллийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 


    Зээлийн хүүг бууруулах асуудал нь Монголбанкны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэдий ч  Засгийн газраас Монголбанкны зохистой макро эдийн засгийн бодлогоор зээлийн хүүг бууруулах хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байгаа гэв. Ингээд Сангийн сайд зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газрын зүгээс болон бусад байгууллагаас хийсэн ажил, хүрсэн үр дүнг танилцууллаа. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 70 дугаар тогтоолын 3-т зааснаар зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах үүргийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан юм. Монголбанкнаас Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж,  санхүүгийн салбарын ажилтан, судлаач, эдийн засагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан.  Тухайн хэлэлцүүлгийн үр дүн, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг тусган “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” баримт бичгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулж, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулжээ. Энэхүү стратегийн баримт бичгийг амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар буурах буюу манай улстай ижил орлогын түвшинтэй бусад орнуудын түвшинд хүрэх зорилтыг тавьсан аж. 

    Монголбанк, Засгийн газраас зээлийн хүүг бууруулах үндсэн нөхцөл нь макро эдийн засгийн зохистой бодлого гэж үзэж байгаа талаар Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулах, Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өрийн удирдлагын зүй зохистой зохицуулалтуудыг хийж Монголбанкны мөнгөний бодлогын нөлөөллийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах хүчин чармайлтыг дэмжиж ажилласан байна. 2017 оны 1 дүгээр улиралд 18 хувьд хүрээд байсан Засгийн газрын үнэт цаасны хүүг 2017 оны эцэст 9.0 хувьд хүргэж бууруулсан бөгөөд 2017 оны 10 дугаар сараас хойш дотоодод Засгийн газрын үнэт цаас гаргаагүй болно. 2017 оны 10 дугаар сарын эхэнд 4.6 их наяд төгрөг байсан Засгийн газрын дотоод үнэт цаасны хэмжээг 2018 оны 5 дугаар сард эцэст 2.4 их наяд төгрөг болгож бууруулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үнэт цаасны хүүгийн түвшинг нэг оронтой тоонд хүргэсэн бөгөөд, арилжааны банкууд дээр зээл олголт нэмэгдэх, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Зээлийн хүү буурахгүй байгаа үндсэн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг холбогдох байгууллагууд, ажлын хэсгийн зүгээс судлан Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичигт тодорхой тусган танилцуулсан юм.  


    Зээлийн хүү өндөр байхад өндөр, тогтворгүй инфляци, түүнийг дагасан бодлогын хүүний өндөр түвшин; банкуудын эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн; төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт, мөнгөний нийлүүлэлтийн тогтвортой бус байдал; хөрөнгийн зах зээлийн сул хөгжил зэрэг хүчин зүйл голлон нөлөөлж байна.  Зээлийн хүүг бууруулах стратегид тусган батлуулснаар: 

  1. Макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх; 
  2. Мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөөг сайжруулах; 
  3. Банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах гэсэн 3 бүлэг ажлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар хамтран гүйцэтгэж, эдгээр хүчин зүйлийн нөлөөллийг бууруулахаар ажиллах юм байна.   

    Засгийн газраас зээлийн хүүг бууруулах асуудлыг захиргааны аргаар хэрэгжүүлэх нь зах зээл, эдийн засагт сөрөг нөлөө, гажуудлыг нэмж үүсгэх эрсдэлтэй тул зах зээлийн зарчмаар шийдвэрлэх нь зохистой гэж үзжээ. 

    Мөнгөний бодлогын шийдвэр гаргалт, нөлөөллийг нэмэгдүүлэх, банкуудын хариуцлага, үйл ажиллагааны удирдлага, засаглалыг сайжруулах чиглэлээр Төвбанкны тухай, Банкны тухай хууль тогтоомжуудад шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хийх зэргээр банкны салбарын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд эдгээр ажлын үр дүнд эдийн засаг, санхүүгийн тогтвортой орчин буюу зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэнэ гэж тооцож байна. Түүнчлэн, дунд хугацаанд төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг тогтвортой түвшинд хүргэж бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж байна. 

    Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах нь Төвбанкны бодлогын хүүнээс ихээхэн хамааралтай бөгөөд Монголбанк бодлогын хүүг 2018 оны 3 дугаар сард 10 хувь болгож бууруулсан юм. Бодлогын хүүг мөнгөний бодлогын хүрээнд зохистой хэмжээгээр аажим бууруулах нь зүйтэй бөгөөд энэ асуудал нь Монголбанкны бүрэн эрхийн хүрээнд хамаардаг тул зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжит хугацааг Засгийн газраас тодорхойлон хэлэх боломжгүй гэдгийг Сангийн сайд хэллээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцэн баталсан зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичигт 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар буурах буюу манай улстай ижил орлогын түвшинтэй бусад орнуудын түвшинд хүрэх зорилт тавьсан байгаа болно. 

    Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг өнөөгийн түвшинд хадгалах, цаашид нийт зах зээлд зээлийн хүүгийн түвшин буурсан нөхцөлд зээлийн хүүг бууруулах асуудлыг судлах нь зүйтэй гэж үзжээ. Монголбанк, Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд төсвийн гадуурх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг, ялангуяа Монголбанк төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөр санхүүжүүлж байгааг зогсоохоор тохиролцсон. Гагцхүү, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж орон сууцны зээлийн санхүүжилтийг мөнгө хэвлэх замаар бус улсын төсвөөс болон Монголбанкны нэгэнт олгосон зээлийн үндсэн төлбөрөөс санхүүжүүлэх, 2018 оны 9 дүгээр сар гэхэд Монголбанкыг энэ санхүүжилтийн тогтолцооноос гаргах төлөвлөгөөг ОУВС-д танилцуулахаар тохиролцсон болно.  

    Засгийн газар Ипотекийн зээлийн хүүг дараах нөхцөл, шалтгаануудын улмаас одоо байгаа 8 хувьд үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд: 

  • Одоо иргэдэд олгогдож байгаа зээлийн эх үүсвэрийн дийлэнх хэсгийг Монголбанк гаргаж байгаа бөгөөд зээлийн эх үүсвэрийн хүүг бууруулах нь Монголбанкны алдагдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй байна;
  • Ипотекийн зээлийн хүүг бууруулснаар Монголбанк, Засгийн газрын эх үүсвэрээр өмнө нь зээлд хамрагдсан нийт 69.0 мянган зээлдэгчийн зээлийн хүүг бууруулах шаардлага үүсч, ипотекийн зээл олгох, зээлийг үнэт цаасжуулах, эргэн төлүүлэх тогтолцоонд эрсдэл үүсгэхээр байна. 

    Засгийн газраас иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл” -ийг Ногоон уур амьсгалын сан, АХБ-ны зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр батлуулсан бөгөөд энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд дээр 10 айлын эко хороолол барих төсөл хэрэгжинэ. Мөн Солонгос Улсын Засгийн газраас олгох 500.0 сая ам.долларын хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн төслүүдийг багтаахаар ажиллаж байна. 

    Сангийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Б.Пүрэвдорж, Д.Оюунхорол, Б.Баттөмөр, М.Билэгт нар асуулт асуун Ч.Хүрэлбаатар сайд, ажлын хэсгээс хариулт авсан. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д “…асуулгад хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн нэг удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх…” хэмээн заасны дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ.


    Иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд зээлийн хүүг буураасай гэсэн хүлээлт бий гэдгийг тэрбээр онцоллоо. Энэ чиглэлээр холбогдох байгууллагууд тодорхой алхамуудыг хийж байгаа ч бодит үр дүнд хүрэхгүй байгааг санууллаа. Мөр тэрбээр зээлийн хүүг бууруулах стратегийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, холбогдох чиглэл өгөх саналтай байгаагаа илэрхийлсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн сүлжээ, хүүгийн дарамтад орсон байгаа, цаашид макро бодлогын түвшинд стратегийн арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл үүсээд байгааг хэлсэн юм. Иймд Засгийн газар, Монголбанкнаас шийдвэртэй арга хэмжээ авах нь зүйтэй, УИХ үүн дээр шаардаж, шахалт үзүүлэн ажиллана гэдгийг цохон тэмдэглээд зээлийн хүүг бууруулах чиглэлээр нэн тэргүүнд хийж болох ажлуудын талаар тодорхой саналуудыг хэлсэн юм. 

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Ийнхүү Ч.Хүрэлбаатар сайдын мэдээллийн сонссоны дараа “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэв. Гишүүд хэлэлцүүлэгтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Учрал, Д.Оюунхорол, Б.Баттөмөр нар төслийг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, томоохон хэмжээний, стратегийн ач холбогдол бүхий төрийн өмчүүдийг зохион байгуулалт, логикгүйгээр нэг тогтоолын хүрээнд хувьчлах шийдвэр гаргах боломжгүй гэж үзсэн. Зөвхөн “Төрийн банк”-ны хувьчлалтай холбоотой асуудлаар судалгаа, шинжилгээ хийхэд 14 хоног шаардлагатай байсан. Тиймээс нэн тэргүүнд Хөрөнгийн биржийг хувьчлах асуудлыг шийдвэрлээд, үйл ажиллагааг нь жигдрүүлсний дараа жагсаалт дахь бусад төрийн өмчийг Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтийн хяналттай нээлттэй хувьцаат компани байдлаар хувьчлах, ингэхдээ УИХ-аар нэг бүрчлэн хэлэлцэх нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн юм. Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Г.Занданшатар, Б.Пүрэвдорж нар төслийг хэлэлцэх нь зүйтэй, хэлэлцүүлгийн шатанд гишүүдээс гаргаж буй саналуудыг харгалзах, Үндсэн чиглэлийн төслийг хэлэлцээд баталсан тохиолдолд хувьчлалын асуудлыг ирэх 2-3 жилийн хугацаанд хэрэгжүүлэхдээ Засгийн газар анхаарч ажиллах бололцоо бий гэдгийг хэлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв. 

Төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороодод шилжүүллээ

    Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн. Төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцууллаа. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу хууль санаачлагч Улаанбаатар хотын Налайх, Багахангай дүүрэгт Эрүүгийн болон Иргэний хэргийн анхан шатны шүүхийг тус тус өөрчлөн байгуулахаар төслийг боловсруулжээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн үзэл баримтлалыг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.


    Танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 53.4 хувь нь төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ. 

    Ингээд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, УИХ-ын гишүүн О.Батнасан төсөл санаачлагчийн илтгэлийг, Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Оюундарь танилцуулав. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар хүнд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд ял оногдуулахгүйгээр заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг дангаар хэрэглэж болохгүй гэж хуульчилсан байгаа. Иймд гэмт хэрэгт холбогдсон өсвөр насны хүнд оногдуулах хорих ялыг гэмт хэргийн ангилал харгалзахгүйгээр тэнсэх, хойшлуулах зохицуулалтыг оруулахаар төслийг боловсруулжээ. Байнгын хороо уг асуудлыг хэлэлцэх явцад УИХ-ын гишүүд холбогдох байгууллагын мэргэжлийн хүмүүсээс асуулт асууж, хариулт авсан бөгөөд ажлын хэсэг байгуулах нь зүйтэй хэмээн үзсэн байна. Түүнчлэн гишүүдийн олонх нь дэмжин, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтжээ. 


    Танилцуулга болон санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Билэгт тодруулга хийж, ажлын хэсгээс хариулт авсан бол УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар тайлбар хэлж, байр сууриа илэрхийлсэн. Ингээд санал хураалт явуулахад гишүүдийн 65.5 хувь нь Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ. 

    Хуралдаанаар үргэлжлүүлэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцэн, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төслийн талаар танилцуулав. Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг, эрх мэдлийг оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийж төвлөрлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байна хэмээн үзэж төслийг боловсруулсан байна. Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нар нь томилж байхаар тусгажээ. Нийгмийн даатгалын тухай хуулийн Нийгмийн даатгалын байгууллагын удирдлага гэсэн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг “аймаг, нийслэлийн нийгмийн даатгалын газар, хэлтсийн даргыг нийгмийн даатгалын төв байгууллагын даргатай зөвшилцөж аймаг, нийслэлийн Засаг дарга, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн даргыг нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргатай зөвшилцөж, дүүргийн Засаг дарга тус тус томилож, чөлөөлнө” гэж өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан болохыг Д.Тогтохсүрэн гишүүн танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар төслийн үзэл баримтлалыг хэлэлцээд, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн болохыг УИХ-ын гишүүн М.Билэгт танилцуулсан. 

    Төслийн танилцуулга болон Нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэж, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжээгүй юм. Тиймээс Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүлсэн юм. 

    Дараа нь Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг төсөл санаачлагчийн илтгэлийг танилцууллаа. Төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн төслийг боловсруулжээ. Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчмыг баримтлан холбогдох заалтуудад өөрчлөлт оруулахаар төсөлд тусгасан байна. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн А.Ундраа танилцуулсан бөгөөд гишүүдийн олонх чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн гэв. 

    Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн тул санал хураалт явууллаа. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.3 хувь нь төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн учир Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлсэн. 

    УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 6 гишүүнээс 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр өргөн мэдүүлсэн Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг М.Билэгт гишүүн танилцууллаа. Хүүхэд хамгааллын тухай хуульд Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргыг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтын дагуу томилож, чөлөөлөхөөр тусгасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийн үзэл баримтлалыг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжсэн байна. Гишүүд асуулт асуух, санал хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулав. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 63 хувь нь төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй хэмээн дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол,соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүллээ. 

“Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдав

    Мөн хуралдаанаар Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн төсөл санаачлагчийн илтгэлийг, УИХ-ын гишүүн Н.Ганболд нар Хууль зүйн байнгын хорооны санал дүгнэлтийг тус тус танилцуулав. 

    Орон нутгийн удирдлагад  боловсон хүчнийг томилж,  чөлөөлөх эрхийг  шилжүүлэх зарчмын хүрээнд 2006 оны 6 дугаар сарын 22-ны өдөр УИХ 15 хуульд өөрчлөлт оруулсан байна. Гэтэл төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд хийгдсэн эрх зүйн орчин богино хугацаанд өөрчлөгдөн өмнө нь УИХ-аас  баримтлан хэрэгжүүлж байсан төвлөрлийг сааруулах бодлого, арга хэмжээний хүч суларч удирдлагын босоо тогтолцоонд эргэн шилжих, төвлөрүүлэх үйл явц хүчтэй илрэх чиг хандлагатай байгаа гэж үзжээ.  

    Өнөөдөр орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг,  чанар, хүртээмжийг  нэмэгдүүлэх, анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц,  түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг,  эрх мэдлийг  оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай, тогтвортой, тодорхой үе шаттай хийжтөвлөрлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх зайлшгүй  шаардлага бий.  


    Иймд  дээр дурдсан үндэслэл,  шаардлагыг  харгалзан төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч байсан арга хэмжээний үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуулиудад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж төсөл санаачлагч танилцууллаа. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн үндсэн бүтэц, зохицуулах  харилцаа, хамрах хүрээ хэвээр хадгалагдах бөгөөд зөвхөн орон нутгийн мэргэжлийн байгууллагын  удирдлагыг томилохтой холбогдсон хэсэгт  өөрчлөлт  орохоор төсөлд тусгана. Хууль хэрэгжих эхлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 01-нээр тогтоох нь зүйтэй гэж үзжээ. Байнгын хороо төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжжээ. 

    Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар нар асуулт асууж, хариулт авсан. Ингээд төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад санал хураалтад оролцсон 55 гишүүний 42 нь татгалзснаар төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй болов. Иймд “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдаж, гишүүдэд эцсийн найруулгыг сонслоо.  

Төслийг буцаах тухай Байнгын хорооны саналыг дэмжсэнгүй

    Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэсэн юм. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Г.Мөнхцэцэг танилцуулав. 

    Орон нутгийн түвшинд төрийн үйлчилгээний үр ашиг, чанар, хүртээмжийг  нэмэгдүүлэх,   анхан шатанд үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий төрийн байгууллагын хүний нөөц, түүний чадавхийг бэхжүүлэх, чиг үүрэг,  эрх мэдлийг  оновчтой хуваарилах, шилжүүлэх ажлыг дэс дараатай,  тогтвортой,  тодорхой үе шаттай хийж  төвлөрлийг сааруулах үйл явцыг эрчимжүүлэх шаардлага байсаар байна. 

    Иймд  төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд өмнө авч хэрэгжүүлж байсан арга  хэмжээний  үргэлжлэл болгон орон нутагт мэргэжлийн байгууллагын удирдлагын томилгооны асуудлаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэн Ус цаг уур,  орчны хяналт шинжилгээний  тухай хуульд өөрчлөлтийг оруулсан хуулийн төслийг боловсруулжээ. Орон нутагт мэргэжлийн байгууллагын удирлагыг томилохдоо дээд шатны байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга нь томилж байх зарчимыг баримтлан дараах заалтуудад өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай  хуулийн “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх” гэсэн  6 дугаар зүйлийн  6.2 дахь хэсгийг “Ус, цаг уур, орчны хяналт шинжилгээний улсын сүлжээний нэгжийн албан хаагчийг мэргэжлийн удирдлагаар хангах үүрэг бүхий байгууллагын даргатай зөвшилцөн тухайн шатны Засаг дарга Төрийн албаны тухай хуулиар тогтоосон шаардлагыг хангасан иргэнийг сонгон шалгаруулж томилж, чөлөөлнө.”  гэж өөрчлөх аж. Нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг parliament.mn дээр байршуулан цахим хэлэлцүүлэг хийхэд нийт 1094  иргэн төсөлтэй танилцсан байх бөгөөд ирүүлсэн саналуудыг нэгтгэсэн товъёог хавсаргасан гэв.

     2018 оны 4 дүгээр сард Төвлөрлийг сааруулах бодлогын дэмжлэг төслийн нэгжтэй хамтран дээрх хуулийн төслийн талаар олон нийтийн хэлэлцүүлэг,  санал авах ажлыг Дархан-Уул, Орхон аймгуудын ИТХ, ЗДТГ, хэрэгжүүлэгч агентлагуудын удирдлага,  сумын ИТХ, Засаг дарга нарын оролцоотой зохион байгуулан явууллаа. Нийт 139 санал асуулгын хуудас цугласнаас оролцогчдын 97.8 хувь нь төслийг дэмжсэн, 2.1 хувь нь дэмжээгүй санал өгсөн байна.  

Байнгын хороо харин төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх шаардлагагүй, буцаах нь зүйтэй хэмээн үзсэн байна. 


    Төслийн танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Л.Энх-Амгалан, С.Чинзориг, Н.Цэрэнбат, Д.Оюунхорол нар байр сууриа илэрхийллээ. Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэн Байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. Иймд Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороонд шилжүүллээ. Төгсгөлд нь “УИХ-ын гишүүнийг чөлөөлөх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн найруулгыг сонссоноор чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 


  2018-06-15 22:15  354