“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2013 оны 41 дэх дугаарын тойм

  2013-11-01 00:00  260

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг бүрэн эхээр нь нийтэллээ. Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолыг хамгаалах, хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгааг тогтоох, хөрөнгө оруулалтыг дэмжих, татварын орчныг тогтворжуулах, хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллагын эрх хэмжээ, хөрөнгө оруулагчийн эрх, үүргийг тодорхойлох болон хөрөнгө оруулалттай холбоотой бусад харилцааг зохицуулах нь энэ хуулийн зорилт ажээ.

Хуулиар түүний үйлчлэх хүрээг тодорхойлсны сацуу Монгол Улсад хөрөнгө оруулалтыг ямар хэлбэрээр хэрэгжүүлэхийг тодорхой тусгасан байна.Үүнээс гадна хөрөнгө оруулалтын эрх зүйн нийтлэг баталгаа, хөрөнгө оруулагчийн эрх, үүрэг болон хөрөнгө оруулалтын талаар төрийн байгууллага ямар бүрэн эрх хэрэгжүүлэхийг тусгасан байна.

Мөн хөрөнгө оруулагчид олгох хөрөнгө оруулалтын дэмжлэг нь татварын болон татварын бус дэмжлэгээс бүрдэх тэдгээрийг ямар хэлбэрээр үзүүлэхийг бас хуульчилжээ.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулах, гадаадын төрийн өмчит хуулийн этгээд хөрөнгө оруулалт хийх асуудалд тус бүр хуулийн бүлэг зориулагдсан байна.

Энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх хуулиудыг эмхэтгэлд нийтэллээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг түүнийг дагалдаж гарсан хуулиудын хамт нийтлэв.

Энэ хуулийн зорилт нь хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулах, сангийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах, сангийн үйл ажиллагааг төрийн эрх бүхий байгууллагаас зохицуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байна.

Хуулиар хөрөнгө оруулалтын сангийн төрөл, хэлбэр, удирдлага, зарчмыг тодорхойлжээ. Хөрөнгө оруулалтын сан нь хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын сан гэсэн хэлбэртэй байх бөгөөд сан нь хуулийн этгээдийн эрхтэй тусгай зориулалтын компани байхаар хуульчилжээ. Түүнээс гадна хамтын хөрөнгө оруулалтын санд зөвхөн мөнгөн хэлбэрээр, хувийн хөрөнгө оруулалтын санд мөнгөн хөрөнгөөс гадна тухайн хөрөнгө оруулалтын сангийн дүрмээр зөвшөөрсөн тохиолдолд бусад санхүүгийн хэрэгсэл хэлбэрээр хөрөнгө оруулж болохоор заасан байна.

Хөрөнгө оруулалтын сангийг үйл ажиллагаа эрхлэх хугацаа 10 хүртэл жил байна гэж хуульчилсан байна.

Түүнчлэн хөрөнгө оруулалтын санг хэрхэн үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын сангийн нягтлан бодох бүртгэл, аудит, хөрөнгийн үнэлгээ, мэдээлэл, хөрөнгө оруулалтын сангийн зохицуулалт, хөрөнгө оруулалтын менежментийн компани, хөрөнгө оруулалтын сангийн хөрөнгийг хадгалах, хөрөнгө оруулалтын сангийн төрийн зохицуулалт ямар байх зэрэг асуудлыг нарийвчлан хуульчилсан байна.

Мөн дугаарт Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай, Үндсэн хуулийн цэцийн 2013 оны 03 дугаар дүгнэлтийн тухай Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Энэ дугаарт Арьс, ширний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


2013 оны 11 дүгээр сарын 1.


  2016-09-23 04:02  260