Гамшгийн эрсдлийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэх талаар хэлэлцэж, туршлага солилцсон IV хуралдаан боллоо

  2019-05-28 12:17  188

    Олон Улсын Парламентын Холбоо болон Монгол Улсын Их Хурлаас хамтран зохион байгуулж буй Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган өнөөдөр (2019.05.28) Төрийн ордонд үргэлжилж байна. 

    ОУПХ-ны гишүүн ба гишүүн бус Ази, Номхон далайн бүсийн 19 орон болон олон улсын байгууллагын 100 гаруй төлөөлөгчид эхний өдрийн хуралдаануудаараа “2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах нь: Ази Номхон далайн бүс нутгийн чиг хандлага ба ахиц дэвшил” сэдвээр мэдээлэл сонсож, Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг дэмжих, хянах чиглэлээр парламентуудын хийсэн ажил, хүрсэн үр дүн: ОУПХ-ноос зөвлөмжилсөн Тогтвортой хөгжлийн асуудлаар өөрийгөө үнэлэх аргыг хэрэглэсэн байдал, Боловсрол нь ядуурлыг бууруулах чухал урьдчилсан нөхцөл болох нь, Хүн бүрийн эрүүл энх, сайн сайхан байдлыг ТХЗ-аар дамжуулан хангах нь сэдвээр холбогдох илтгэлүүдийг сонсож, улс орон бүр туршлагаасаа хуваалцсан юм. 

    Хоёр дахь өдрөө үргэлжилж буй тус чуулган “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон суралцвал зохих сургамжууд” сэдвийн хүрээнд IV дүгээр хуралдаанаар эхэллээ. 


    Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцэх энэхүү хуралдааныг Монгол Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан даргалав. Төлөөлөгчид урьдчилан сэргийлэх хандлагыг төлөвшүүлэх болон нүүрстөрөгч бага, нөөцийн хувьд үр ашигтай, нийгмийн хувьд хүртээмжтэй эдийн засаг руу шилжихийн ач холбогдолд анхаарлаа хандуулах хуралдааны эхэнд НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ дахь Зүүн хойд Ази, Дэлхийн боловсрол, сургалтын институтийн хөтөлбөр зохицуулагч Ана Кристина Торланд илтгэл танилцуулаа. Улс орнууд сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдлийг устгаж чадахгүй хэдий ч бууруулах боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрч, энэ чиглэлээр урьдчилан сэргийлэх, эрсдлээ тодорхойлох, шаардлагатай мэргэжилтнүүдийг бэлтгэх, оновчтой, үр ашигтай менежмент хэрэгжүүлэхийн ач холбогдлыг анхаарч ажиллах болсныг тэрбээр илтгэлийнхээ эхэнд онцоллоо. Аливаа гамшиг эрсдэл нь нийгэм, эдийн засагт ихээхэн хэмжээний үр уршиг дагуулдаг. Тэр тусмаа суурин газруудад, чанаргүй барилгуудаас үүдэн учирч болох сөрөг үр дагавар огцом нэмэгддэг гэдгийг тэрбээр илтгэлийнхээ явцад дэлгэрэнгүй жишээ дурдан, тайлбарлаж байв. 

    Улс орнууд нэн тэргүүнд иргэддээ гамшгийн эрсдлийн талаарх мэдээлэл, таниулга, сурталчилгааг хүртээмжтэйгээр түгээх, ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт гамшгийн эрсдэл, түүнээс хамгаалах агуулгыг багтгаахын ач холбогдлын талаар мэдээлэв. Тэрбээр нийгэм, эдийн засгийн ихээхэн хэмжээний хор хохирол учруулсан гамшиг үзэгдлүүдийн талаарх тоон мэдээлэл танилцуулж, өөр өөр улс оронд болсон тэрхүү гамшгуудын хор хохирлыг бууруулах бололцоо бүхий нийтлэг арга хэрэгсэл, боломжийн талаарх дүн шинжилгээг танилцуулсан юм. Тухайлбал, 2004 онд Энэтхэг Улсад болсон цунами, Хятад Улсад болсон газар хөдлөлт, хар салхины гамшгийн үеэр аюул гамшгийн талаарх мэдээллийг нийтэд хүргэх тогтолцоо, нүүлгэн шилжүүлэлтийн тогтолцоо байсан бол учирсан хор хохирлыг тодорхой хэмжээгээр бууруулах бололцоо байсан гэдгийг хатагтай Ана Кристина Торланд илтгэлийнхээ үеэр дурдсан. Түүнчлэн гамшгийн үеэр иргэдийн авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх мэдлэг, бэлтгэл ихээхэн чухал гэдгийг жишээ дурдан тайлбарлав. Үүнээс гадна суурин газруудад бага хэмжээний гамшигт үзэгдэл болоход дэд бүтцийг ихээхэн хэмжээгээр эвдэж сүйтгэн, улмаар нийт иргэдийн амьдрал ахуйд учруулж буй уршиг нь урт хугацаанд үргэлжлэн, улмаар орон нутаг, улс орны хэмжээнд яригдахуйц нийгэм, эдийн засгийн сөрөг үр дагавар дагуулж байдгийг зүй ёсоор тооцох шаардлага бий гэв. 


    Сүүлийн жилүүдэд гамшгийн давтамж ихсэж байгаа бөгөөд үүний шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөөд байгаа. Тухайлбал, Вьетнам Улсад хар салхи улирлын чанартай, тодорхой мөчлөгтэй тохиодог байсан бол сүүлийн жилүүдэд энэ байдал эрс өөрчлөгдөн нөхцөл байдлыг тодорхойлох, таамаглах боломжгүйд хүрээд байгаа аж. Ийм асуудал улс орон бүрт нийтлэг тулгамдаж байгаа учраас иргэдийг хаана суурьшуулах, тухайн орон нутагт учирч болох гамшгийн эрсдлийг тодорхойлох, төлөвлөлт зохион байгуулалтдаа гамшгийн эрсдлээ тооцох, барилга байгууламжийн чанар, стандартдаа анхаарах, хөрөнгө оруулалтаа оновчтой хийх шаардлага бий гэдгийг илтгэгч тэмдэглэж байлаа. Мөн тэрбээр гамшгийн эрсдэл нь ядуурлын асуудалтай шууд хамааралтай гэдгийг онцолсон. Тогтвортой хөгжлийн зорилгуудад гамшгийн эрсдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар дэд зорилтууд бий ч боловсрол, ядуурлыг бууруулах зэрэг зорилгуудтай харилцан хамааралтай гэдгийг илтгэлдээ дурдаж байсан. 

    Ази, Номхон далайн бүс нутагт нь дэлхийн хэмжээнд гамшгийн эрсдэл өндөрт тооцогддог бөгөөд хүн амын төвлөрөл ихтэй эмзэг бүс нутаг юм. 2018 оны байдлаар сар тутам гамшигт үзэгдлээс үүдэн 1270 хүн амь насаа алдаж байгаа гэдэг дүн мэдээ гараад байгаа юм байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдлийг тооцон, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсний үр дүнд гамшгийн хор хохирлыг тодорхой хувиар бууруулж чадаж буйг тоон үзүүлэлт дээр тулгуурлан тайлбарлав. Аливаа гамшгаас үүдэж буй хор хохирлын 70 хувь нь тухайн үзэгдлээс үүдэлтэй байдаг, үлдсэн нь тухайн орон нутаг, улс орон гамшгаас сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнээс хамааралтай гэж үздэг байна. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гамшигт үзэгдлийн эрсдэл өндөр болж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд ихээр өртөж буй улс орны тоонд ордог байна. 

    Олон улсын хэмжээнд эдгээр нөхцөл байдлыг тооцон хамтын ажиллагааны механизм бүрдүүлэх чиглэлээр Засгийн газрууд Тогтвортой хөгжлийн зорилгууд, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” зэрэг баримт бичгийг баталсан болохыг илтгэгч онцлоод эдгээрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийсэн юм. НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар, БНСУ дахь Зүүн хойд Ази, Дэлхийн боловсрол, сургалтын институтийн хөтөлбөр зохицуулагч Ана Кристина Торланд илтгэлийнхээ төгсгөлд гамшиг гэдэг нь улс орны хөгжил, нийгэм, эдийн засаг, хувь хүн гэдгээс тусгаар ойлголт биш учраас гамшгийн эрсдлийг тодорхойлж, судлах, мэдээлэхээс гадна хөгжлийн төлөвлөлт, төлөвлөгөөндөө харгалзан үзэж, тусгаж байх нь учрах эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой гэдгийг хэлж байсан. Улс орнууд гамшгийн эсрэг стратеги боловсруулсан байдаг ч үүнийг хүслийн жагсаалт болгож болохгүй, харин бодит төлөвлөлт, менежментийг хийх ёстой гэдгийг онцолж байв. Мөн гамшгийн менежментэд орон нутгийн засаг захиргааны оролцоо, үүрэг их байдгийг тэрбээр тэмдэглэж байсан. 


    Хуралдаанаар үргэлжлүүлэн Дэлхийн байгаль орчны стратегийн институтийн судалгааны менежер Со-Ён Лий уур амьсгалын өөрчлөлтөөс үүдсэн нийгэм, эдийн засгийн нөлөө, давхар нөлөөллийн талаар илтгэл танилцуулсан юм. Хэдэн мянганы өмнө дэлхийн темпартур ердөө 5 хэмээр буурснаас үүдэн мөстлөгийн үе тохиосон бол цаашид 4.2 хэмээр өсөхөд л мөстлөгийн үеийн эсрэг үйл явдал тохиох эрсдэл бий гэлээ. Агаар мандал дахь хүлэмжийн хийн агууламжийг уур амьсгалын тогтолцоонд хүний үйл ажиллагааны улмаас нөлөөлж болох эгзэгтэй түвшинд хүргэхгүйгээр тогтворжуулах зорилго бүхий НҮБ-ын Суурь Конвенцийн (1994) Киотогийн Протокол 2005 оны 02-р сарын 16-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Энэхүү протоколын хүрээнд нэгдэн орсон улс орнууд хүлэмжийн хийг бууруулах зохих үүргийг хүлээн, тус бүртээ арга хэмжээ авч хэрэгжүүлж буйг илтгэлийн үеэр дурдаж байв. Дэлхийн дулаарал хэмээн асуудлыг “дэлхий” хэмээх тодорхойлолтоос нь болоод өөрт хамааралгүй гэх хандлага гардаг гэдгийг Со-Ён Лий онцлоод энэ бол бидний амьдарч буй орчноо ямар байлгах, үр хойчдоо ямар дэлхийг өвлүүлэн үлдээх, үүнд өнөөдөр бидний хийж, үйлдэж буй бүхэн ямар хамааралтайг хүн нэг бүр, орон нутаг, улс орон, бүс нутгийн хэмжээнд харж, шат шатандаа хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлж байж тодорхой үр дүнд хүрэх боломж бий хэмээн үзэж буйг баримт, мэдээнд тулгуурлан тайлбарлав.


    Хүлэмжийн хийн ялгарал нь бүхэлдээ хүний үйл ажиллагаанаас хамааралтай тул үүнийг хянах, бууруулах нь хүн төрөлхтөний асуудал болохыг тэрбээр тайлбарлав. Тиймд, улс орнууд тухайлбал нийтийн тээвэртээ нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга тэргүүтэй хорт бодис ялгаруулалтыг багасгах технологи нээж, нэвтрүүлснээр хүлэмжийн хий ялгаралтыг бууруулах чармайлт бүхий нэг алхам болох юм. Энэ мэтчлэн бүх салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах асуудлыг тооцож, холбогдох өөрчлөлт, технологийг нэвтрүүлэх нь олон талын ач холбогдолтой талаар илтгэлд дурдаж байв. Улс орон бүр хөгжлийн бодлого, төлөвлөлтдөө уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах агуулгыг тооцож байх нь ихээхэн ач холбогдолтой гэдгийг олон жишээ дурдан тайлбарлалаа. Монгол Улсын хувьд Улаанбаатар хотын уурын зуухуудын технологийг сайжруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлээр Япон Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газраас хамтран төсөл хэрэгжүүлж байгаа нь тодорхой үр дүнд хүрч байгаа хэмээн илтгэгч жишээ татав. Мөн Лаос, Камбожи зэрэг улс орнуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд “идэвхтэй бүлэг” хэмээн үзэж татан оролцуулсан талаарх сайн жишээг дэлгэрэнгүй танилцууллаа.


    Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах чиглэлээр улс орнууд нийгэм, эдийн засгийн ач холбогдлыг тооцон нэгдсэн зургаар харж, бүх шатны төлөвлөлтдөө харгалзан үзэж байх нь илүү үр дүнд хүрэх алхам болохыг илтгэгч Со-Ён Лий төгсгөлд нь хэлсэн. 

    Ийнхүү “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон суралцвал зохих сургамжууд” сэдвийн хүрээнд холбогдох илтгэлүүдийг сонссоны дараа хуралдаанд оролцож буй парламентуудын төлөөлөл хэрхэн “байгаль орчны боловсрол”-ыг дэмжиж, уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлийг бууруулах талаарх мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлж буй талаараа туршлага, мэдээлэл солилцов. Түүнчлэн ногоон эдийн засагт шилжихэд парламентуудын үүрэг, оролцооны талаар байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, БНСУ-ын парламентын төлөөлөгчид цөмийн үйлдвэрлэлийн талаарх өөрийн орны туршлага, ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад оруулж буй хувь нэмрийн талаар нийт оролцогчдод танилцуулсан юм. Мөн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг дэмжих, тус улсын парламент ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих чиглэлээр баталж буй баримт, бичгүүдээ тусгаж байгаа талаар танилцуулсан. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад улс орнууд дангаараа арга хэмжээ авч хэрэгжүүлэхээс гадна бүс нутгийн болон олон улсын хэмжээний хамтын ажиллагааны механизм чухал ач холбогдолтой гэдгийг БНСУлсын парламентын төлөөлөгчид тэмдэглэж байв.





    Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат сэдвийн хүрээнд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, туршлагаас мөн хуваалцав. Уур амьсгалын өөрчлөлт нь Монгол Улсын хувьд байгаль орчны төдийгүй нийгэм, эдийн засгийн нөлөөлөл өндөр гэдгийг тэрбээр дурдаад үүний эсрэг олон улсын байгууллагууд, хандивлагч орнуудын хамтын ажиллагааны механизмыг хэрэгжүүлж буй туршлага, хэрэгжилтийн үр нөлөөний талаар мэдээлэл хуваалцсан. Түүнчлэн Иран, Лаос, Бангладеш улсын парламентын төлөөлөл тус тусын туршлага, дэлхийн дулаарлыг сааруулах, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон эдийн засгийг дэмжих чиглэлээр улс орны бодлогын хэмжээнд болон парламентын түвшинд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллээ хуваалцсан юм. Ийнхүү Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганы “Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэхэд урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд болон суралцвал зохих сургамжууд” сэдэвт IV дүгээр хуралдаан өндөрлөлөө.

    Чуулганы үйл ажиллагаа “Парламентын үүрэг, оролцоо”, “эрүүл мэнд”, “уур амьсгалын өөрчлөлт” болон бусад асуудлаар тус тус дугуй ширээний хэлэлцүүлгээр үргэлжилнэ. Дараа нь “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэсний хэмжээнд баталгаажуулах, хэрэгжилтэд хяналт тавихад иргэдийн оролцоог хангах, хяналт, үнэлгээ хийхэд тоо баримт ашиглах нь” сэдэвт V хуралдаан болж, төгсгөлийн баримт бичгийг батлах юм гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-05-28 11:46  188