Улсын Их Хурлын гишүүдээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо

  2018-01-26 18:33  297

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.01.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 13 минутад эхэлж, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нараас Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд тавьсан асуулгын хариуг сонслоо. Шатахууны үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, цаашид Засгийн газраас баримтлах бодлогын талаар Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.


Тэрбээр мэдээлэлдээ, Шинэ он гарснаас хойшхи хугацаанд шатахуун, түлшний жижиглэнгийн үнэ нэмэгдэж, нийлүүлэлтийн хомсдолтой байдлаас шалтгаалан ард, иргэдийн дунд бухимдал үүссэн.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 207 дугаар тогтоол, болон 11 дүгээр сарын 15-ны өдрийн 309 дүгээр тогтоолуудаар автобензин, дизель түлшний онцгой албан татварыг сэргээсэн, мөн хэрэгжих хугацааг хойшлуулах шийдвэрүүдийг гаргасан нь шатахуун импортлогч компаниудын татан авалтыг нэмэгдүүлж, нөөц бүрдүүлэх замаар жижиглэн үнийг тогтвортой хадгалахад сөргөөр нөлөөлжээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 26 дугаар тогтоолоор А-80, АИ-92 автобензиний онцгой албан татварын хэмжээг “тэг” болгон өөрчлөлт оруулаад байна. 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн байдлаар шатахууны жижиглэн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж, шатахууны хангамж хэвийн байдалд ороод байна.

2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 39 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 60, Аи-92 болон Аи-95 автобензин 41, дизелийн түлш 38, ТС-1 онгоцны түлш 18 хоногийн нөөцтэй байна гэдгийг дурдав.

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг 100 хувь импортоор хангадаг бөгөөд 2014 онд 1,3 сая, 2015 онд 1,2 сая, 2016 онд 1,2 сая, 2017 онд 1,5 сая.тн газрын тосны бүтээгдэхүүнийг тус тус импортоор худалдан авчээ. Цаашид эдийн засгийн өсөлттэй уялдан түлш, шатахууны хэрэглээ нэмэгдэх төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас, түлш, шатахууны жижиглэн худалдаалах үнийг зах зээлийн горимд аажмаар шилжүүлэх, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Евро-5 стандартын чанарын шаардлага хангасан шатахууны хэрэглээг нэмэгдүүлэх, чанар, стандарттай уялдуулан автобензин, дизель түлшний онцгой албан татварын хэмжээг тогтоох хууль эрх зүйн орчинг сайжруулах, газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлыг эрчимжүүлэх бодлогыг баримтлан ажиллана гэж Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэлдээ онцлов.


Монгол Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд нь нийт 97 агуулах, 1267 шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хийн 10 цэнэглэх станц, автомашин хийгээр цэнэглэх 82 станцаар дамжуулан бөөний болон жижиглэнгийн үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газрын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 297 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээний буюу 94,7 мянган тонн шатахууны нөөцтэй байхаар тогтоон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан ажиллаж байна.  “Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүнийг нөөц хэлбэрээр байршуулах, нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг даалгасан. Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлогод газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хадгалах агуулахыг бүс нутаг, нийслэл орчимд барих асуудал тусгагдсан боловч улсын нөөцийн агуулах барих ажилд санхүүжилтийн асуудлаас шалтгаалан удаашралтай байна.

Дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх газрын тосны үнэ ханш сүүлийн өсч байгаатай холбоотойгоор ОХУ-аас манай улсад нийлүүлж байгаа газрын тосны бүтээгдэхүүний хилийн үнэ 2017 оны 3, 4 дүгээр улиралд аажмаар нэмэгдэж ирсэн. Үндэсний Статистикийн хорооноос гаргасан 2017 оны жилийн эцсийн өргөн хэрэглээний барааны үнийн өөрчлөлтийн статистик тоо, мэдээллээс авч үзвэл өнгөрсөн 2017 оны жилийн эцсийн байдлаар А-80 бензиний жижиглэнгийн үнэ 2,1 хувиар, А-92 бензиний үнэ жижиглэнгийн үнэ 6,5 хувиар, дизель түлшний үнэ 4,9 хувиар тус тус өссөн байна.

Өргөн хэрэглээний барааны үнийн ерөнхий индексийн тооцон гаргадаг барааны бүлгээр авч үзвэл тээврийн бүлгийн үнийн индекс 2017 оны байдлаар өнгөрсөн оны түвшнээс 10,4 хувиар, үүний дотор тээврийн үйлчилгээний индекс 4,8 хувиар өсчээ. Засгийн газраас автобензиний онцгой албан татварыг тэглэсэнтэй холбоотойгоор цаашид бензиний жижиглэн худалдаалах үнэ ханшид ойрын хугацаанд өсөлт гарахгүй гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газраас бензин, шатахууны онцгой албан татварыг тэглэх арга хэмжээг авснаар бензин шатахууны үнийн өсөлтөөс хамаарч өргөн хэрэглээний барааны үнэ тариф өсөх эрсдэлийг буурууллаа. Цаашид холбогдох яамдын зүгээс дэлхийн зах зээл дэх газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханшийг анхааралтай судалж, импортын түлш, шатахууны үнэ ханш огцом өөрчлөгдөх нөхцөл үүсэх тухай бүрт нь шуурхай арга хэмжээг авч ажиллах болно гэж Засгийн газрын гишүүн мэдээлэлдээ дурдав.

Хуралдаанд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд Д.Загджав, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва болон холбогдох албаны хүмүүс оролцсон.


Мэдээлэлтэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн, Д.Эрдэнэбат, Д.Лүндээжанцан, Б.Пүрэвдорж, Д.Хаянхярваа, М.Билэгт, Н.Учрал, Ц.Мөнх-Оргил нар асуулт асууж, тодрууллаа. Гишүүдийн зүгээс нефть импортлогч компаниудын шатахууны үнэ нэмэх бодит шалтгаан болон, үнэ нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өссөн эсэхэд ШӨХТГ хяналт тавьсан талаар илүүтэй тодруулав. Мөн Засгийн газарт онцгой албан татварыг өөрчлөх эрх болон,  нефть боловсруулах үйлдвэр баригдах асуудал ямар шатандаа байгааг асууж байлаа.


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт 150 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Нефтийн үйлдвэрийн алтан зарчмаар төмөр замтай ойртуулж уг газрыг сонгосон. Мөн Энэтхэгийн мэргэжилтнүүд ирээд ус болон байгаль орчны үнэлгээ, шинжилгээг нь хийсэн. Ирэх гуравдугаар сар гэхэд үйлдвэр барих техник эдийн засгийн үндэслэл гарч дуусна. Монгол Улсын эдийн засгийн 1.2 тэрбум ам долларын импортыг орлох, стратегийн ач холбогдол бүхий үйлдвэр учраас Засгийн газар онцгой анхаарал хандуулан ажиллаж байна гэж хариулав.

Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ахлуулсан Үнийн зөвлөлөөс Ажлын хэсэг байгуулан нефть импортлогч компаниудыг шалгахад литр тутамд 227-275 төгрөгийн алдагдалтай ажиллаж байгааг тогтоосон. Үүнд хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард ОУВС-тай тохиролцохдоо онцгой албан татварыг хоёр үе шаттайгаар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Мөн дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 27-30 хувь нэмэгдсэн нь тус тус нөлөөлсөн. Цаашлаад нефтийн үнэ 21-41 ам доллар болж нэмэгдэх хандлагатай байгаа. Энэ бүх байдлыг харгалзаад Сангийн яам шуурхай ажиллаж, онцгой албан татварыг тэглэснээр шатахууны үнэ тогтвортой байна гэж хариулж байв.

Харин Онцгой албан татварын тухай хуулийн 6.7-д бензин, дизелийг онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар тогтооно гэж заасан байдаг. Дэлхийн зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнийн хэлбэлзэл өндөр байгаа үед Засгийн газарт хэрэглэдэг арга байгаа. 2008 оноос хойш Засгийн газар Онцгой албан татварын тухай  хувь хэмжээг 40 удаа хөдөлгөж байсан гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмэлт тайлбар өгсөн.

Түүнчлэн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Лхагва, Бид шатахууны хомсдол бий болох үед аж ахуйн нэгж байгууллагууд бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөж байгаа эсэхэд шалгалт хийж, зөвлөмж өгсөн байгаа. Тухайлбал, такси үйлчилгээ эрхэлдэг 11 байгууллагад шалгалт хийхэд үнэ тарифт өөрчлөлт ороогүй байсан. Өөрөөр хэлбэл, эхний км-т 1000, хоёр дахь км-ээс 800 төгрөгөөр тооцож үйлчилж байгаа хэмээн хариуллаа.

Үүний дараа Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Д.Оюунхорол, З.Нарантуяа, Г.Тэмүүлэн нар Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан асуулгын талаар үг хэлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт, Стратегийн ач холбогдолтой бүхий нефтийн үйлдвэрийг барихад Засгийн газар анхаарал хандуулах, баруун бүсийн бензин, шатахууны үнийн зөрүүг зохицуулахад анхаарч ажиллах шаардлагатай гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол онцгой албан татварын хувь хэмжээг тэглэснээр шатахууны үнийн төгс зохицуулалт биш гэдгийг онцлоод, цаашлаад нефть импортлогч компаниудад төр засгийн зүгээс дэмжлэг үзүүлж ажиллах, “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-т тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Евро-5 стандартын чанарын шаардлага хангасан шатахууны хэрэглээг нэмэгдүүлэхэд Засгийн газар анхаарал тавьж ажиллахыг хүсч байлаа.


Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн өнгөрсөн 10-15 жилийн хугацаанд газрын тосны бүтээгдэхүүнийг нөөц хэлбэрээр байршуулах, нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг хийгээгүйг дурдаад, цаашид Засгийн газар энэ асуудалд анхаарч ажиллах, мөн төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд татварыг хувь хэмжээг нэмэгдүүлдэг хандлагаас зайлсхийж, газрын тосны найдвартай эх үүсвэрийн хангамжийн асуудалд зөв жишиг тогтоох бодлого гаргаж УИХ-тай хамтарч ажиллахыг хүсч байлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-01-26 18:33  297