Элчин сайд нарыг томилохыг дэмжин, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

  2020-05-07 18:44  588
Элчин сайд нарыг томилохыг дэмжин, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Элчин сайдыг эгүүлэн татах, томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.05.07) нэгдсэн хуралдаан 10 цаг 17 минутад эхэлж, Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөв. Энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцууллаа.


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвшингийн Бадралыг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболдыг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Намсрайн Эрдэнэтуяаг тус тус томилох саналаа Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр ирүүлсэн байна. Элчин сайдад нэр дэвшигчдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсний дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ.

Элчин сайдад нэр дэвшигч Т.Бадрал нь 1984-1988 онд хуучнаар ЗХУ-ын Москва хотын Хилийн цэргийн командын дээд сургуулийг, 1990-1994 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургуулийг олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр, 1998-2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн. Бизнесийн уирдлагын магистр зэрэгтэй. Тэрбээр 1994 оноос Монгол-Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэрийн Гадаад худалдааны хэлтэс, Монгол-Америкийн хамтарсан зэсийн үйлдвэрт гадаад худалдааны менежер, Голден Форчук ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2004 оноос Гамшгаас хамгаалах ерөнхий газарт мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн,  2005 оноос Онцгой байдлын ерөнхий газарт хэлтэс, газрын дарга, дэд дарга, 2015 оноос Онцгой байдлын ерөнхий газрын даргаар ажиллаж байгаа, хошууч генерал цолтой.

Харин нэр дэвшигч Н.Эрдэнэтуяа нь 1993 онд БНАСАУ-ын Ким Ир Сений их сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг төгссөн, солонгос судлаач мэргэжилтэй, орон судлалын магистр зэрэгтэй, Шадар дипломат цолтой. 1993 оноос Үйлдвэр, худалдааны яаманд мэргэжилтэн, 1996 оноос Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, Азийн газарт гурав, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, Сөүл дэх Элчин сайдын яаманд атташе, хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөх, яамны Олон талт хамтын ажилллагааны газар, Ази, Номхон далайн орнуудын газарт хэлтсийн даргаар ажиллажээ. Тэрбээр 2018 оноос Сөүл дэх Элчин сайдын яаманд зөвлөх, Хэргийг хамаарагчаар ажиллаж байгаа аж.


Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцсөн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан танилцуулсан.

Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн танилцуулга болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Ш.Раднаасэд, Б.Пүрэвдорж, Я.Санжмятав нар үг хэлсэн бөгөөд нэр дэвшигчдийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан цаг тун давчуу энэ үед томилгооны асуудлыг олноор нь хэлэлцэж байгааг шүүмжилсэн бол Ш.Раднаасэд гишүүн Говь-Алтай аймаг дахь Нарансэвстэйн боомтыг нээх, баруун хилийн боомтуудын үйл ажиллагаанд анхаарал хандуулан ажиллахыг нэр дэвшигч Т.Бадралд захив. Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав гадаад улсад байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах үүднээс Монгол Улсаас гадаад улсад суух Элчин сайд нарын томилгоог яаравчлах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол Б.Пүрэвдорж гишүүн БНХАУ руу 100 мянган тонн мах экспортлох асуудлыг анхаарч ажиллахыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад нэр дэвшигчид захилаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, цар тахалаас үүдэн олон улсын нөхцөл байдал амаргүй байгаа учраас ҮАБЗ дээр үндэслэн зайлшгүй шаардлагатай хоёр томилгоог хийх нь зүйтэй хэмээн шийдвэрлэсэн болохыг гишүүдэд тайлбарлав. Нэр дэвшигчид төрийн жинхэнэ албан хаагчид гэдгийг тэрбээр онцлов. ОХУ-д суух Элчин сайдыг томилоод удаагүй байгаа, гадаад улс орнуудтай харилцааны эрх тэгш байдал, зайлшгүй хэрэгжүүлэх томоохон төсөл, бодит шаардлага, нөхцөл байдалтай уялдуулаад дээрх шийдвэрүүдийг гаргасан хэмээн тайлбар хэллээ. 

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 97.9 хувь нь Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар, Н.Эрдэнэтуяаг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох Ерөнхийлөгчийн саналыг санал хураалтад оролцсон 47 гишүүний 46 нь зөвшилцөхийг дэмжив. Мөн Д.Ганхуяг, Б.Ганболд нарыг Элчин сайдаас эгүүлэн татах саналыг гишүүдийн олонх буюу 93.6 хувь нь дэмжсэн. Эдгээр санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлэхээр тогтлоо.

Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томиллоо

Дараа нь Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэв. Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.


Мөн тэрбээр Төв банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Дөлгөөнийг томилуулах саналаа танилцууллаа. Нэр дэвшигч 1988 онд Улаанбаатар хотод төрсөн, 2004-2008 онд МУИС-ийг Олон улсын харилцааны сургуулийн олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, 2013-2015 онд Люксембургийн их сургуулийн банк, санхүүгийн магистрын зэрэг хамгаалжээ. Г.Дөлгөөн 2006-2007 онд “Жонон даатгал” ХХК-д менежер, 2008-20103 онд Монголбанкны Бүртгэлийн хэлстийн нягтлан бодогч, 2010-2013 онд Монголбанкны Хяналт шалгалтын хэлтэст нягтлан бодогч, хянан шалгагч, 2014-2015 онд Люксембурийн Вант Улсын “Шродерс“ санд дадлагажигч ажилтан, 2015-2016 онд Монголбанкны Хяналт шалгалтын газрын  ахлах хянан шалгагч, 2016-2018 онд Монгол Улсын Хөгжлийн банкны Дэд захирал бөгөөд Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал, 2018 оноос Төрийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж буй аж. Түүний эдийн засаг, банк санхүү, удирдлагын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, мэргэжлийн ёс зүй, ажлын дадлага туршлагыг харгалзан үзэж дээрх албан тушаалд томилуулах саналаа Монголбанкны ерөнхийлөгч танилцуулав. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалаас О.Эрдэмбилэгийг чөлөөлөх, тус албан тушаалд Г.Дөлгөөнийг томилохыг дэмжсэн байна.

Нэр дэвшигчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, М.Оюунчимэг, Х.Болорчулуун, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч болон нэр дэвшигчээс хариулт авлаа.

Төрийн банктай холбоотой шүүхийн шатанд байгаа асуудлуудын явц, тус банкыг удирдах явцдаа гаргасан амжилт, үйл ажиллагаанд нь нэвтрүүлсэн менежментийн дэвшлийн талаар Х.Нямбаатар гишүүн асууж, нэр дэвшигч Г.Дөлгөөнөөс хариулт авсан. 2018 оны 01 дүгээр сард Төрийн банк 20 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай байсан бөгөөд тус банкыг удирдаж ажиллах хугацаандаа чанаргүй зээлийг бууруулах, бизнесийн үйл ажиллагаа, цар хүрээг тэлэх чиглэлд анхаарч ажилласан. Үүний үр дүнд 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар түүхэн ашиг буюу 21 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэлээ. Зээлийн хүүгийн талаарх гишүүдийн асуултад тэрбээр хариулахдаа “Банк нь санхүүгийн зуучлалын үйлчилгээ үзүүлдэг. Эх үүсвэрийн дийлэнх дотоодоосоо авдаг гэсэн ойлголттой байна. Системийн хэмжээнд 34 их наяд төгрөгийн актив эргэлдэж байдгийн 15-16 орчим их наяд төгрөг зээлийн бүтээгдэхүүн болж гарсан. Тиймээс нэн тэргүүнд эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр эрчимтэй ажиллах нь зохистой” гэлээ.


2018 оны хуулиар Монголбанкны удирдлага хамтын шийдвэр гаргадаг болсноороо онцлогтой гэдгийг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч хэлээд, нэр дэвшигчидтэй хамтран ажиллах бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсэн юм. Түүнчлэн ФАТФ-ын "саарал жагсаалт"-аас гарах асуудлын явцын талаарх гишүүдийн асуултад хариулт өгсөн. Монгол Улс 2019 оны 10 дугаар сард ФАТФ-ын “саарал жагсаалт”-д бүртгэгдсэн. Шийдвэрлэх шаардлагатай зургаан асуудал байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр БНХАУ-ын Бээжин хотноо болсон Хамтын ажиллагааны зөвлөлийн хурлаас гурван асуудлыг шийдсэн гэдэг дүгнэлт гаргуулжээ. Гурван асуудлыг шийдвэрлэх шаардлагатай бөгөөд коронавирус (КОВИД-19)-ын цар тахалын халдварын тархалттай холбоотойгоор уулзалтууд цуцлагдаж байгаа талаар Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч мэдээлэв. Гэсэн хэдий ч Монгол Улсыг “саарал жагсаалт”-аас гаргах үүрэг бүхий Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг 2020 оны 05 дугаар сарын 11-нд Олон улсын хамтын ажиллагааны Хамтын ажиллагааны багтай хуралдах товтой байгаа юм байна. Энэ үеэр асуудлуудаа хамгаалж чадсан тохиолдолд энэ ондоо багтаан “саарал жагсаалт”-аас гарах магадлалтай гэлээ. Европын холбооны “хар жагсаалт”-ын асуудлын тухайд "ФАТФ-ын “саарал, хар жагсаалт”-д байгаа улсуудыг Европын холбоо шууд “хар жагсаалт”-даа бүртгэх журам одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа. Хэрэгжиж эхлэх юм бол эрсдэлтэй. Тиймээс Монголбанк болобн холбогдох төрийн байгууллагууд асуулга, тодруулгаа Европын холбоонд хүргүүлсэн байгаа” гэлээ.

Ийнхүү гишүүд асуулт асууж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчээс хариулт авсны дараа санал хураалт явууллаа. Эхлээд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэгийг чөлөөлөх асуудлаар санал хураалт явуулахад гишүүдийн 74.5 хувь нь дэмжин холбогдох тогтоолын төслийг батлав. Иймд “Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг албан тушаалаас чөлөөлөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын эцсийн найруулгыг Улсын Их Хурлын дарга уншиж танилцуулсан. Дараа нь Г.Дөлгөөнийг Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжих томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 38 буюу 76 хувь нь дэмжлээ. Иймд “Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцуулсан юм.


Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр Г.Энхтайваныг томиллоо

Мөн хуралдаанаар Монголбанкны Дэд ерөнхийлөгчийг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Дэд ерөнхийлөгчийн албан тушаалд Г.Энхтайваныг томилуулах саналаа танилцууллаа. Г.Энхтайван 1982 онд Төв аймгийн Зуунмод хотод төрсөн. 2002-2007 онд АНУ-ын Арканзасын их сургуулийг бизнесийн удирдлагын бакалавр, 2012-2013 онд Их Британийн Оксфордын их сургуулийн бизнесийн удирдлагын магистр, Лондонгийн Эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрх зүйн магистрын зэргийг тус тус хамгаалжээ. Тэрээр 2007-2011 онд Санхүүгийн зохицуулах хороонд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хянан шалгагч, 2011-2012 онд Гадаад харилцааны яаманд сайдын туслах, Эдийн засаг, хамтын ажиллагаа, гадаад хуралдааны газарт атташе, 2013-2015 онд “Америк банк”-д дадлагажигч/шинжээч, 2015-2018 онд “Хөдөө аж ахуйн давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал, 2018 оноос “Үндэсний давхар даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж иржээ. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар танилцуулсан бөгөөд Байнгын хорооны гишүүдийн олонх нь Г.Энхтайваныг Монголбанкны Дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжсэн байна.


Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн танилцуулга болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг нэр дэвшигчийн банк, санхүүгийн салбарын туршлагын талаар тодруулж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан нэр дэвшигчийг томилогдоод эрч хүчтэй, зоримог шийдвэр гаргаж ажиллахыг захив. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Банк, санхүүгийн салбарын реформыг хийх ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр ахалж, холбогдох хууль тогтоомжуудыг батлуулах зэргээр санаачлагатай ажиллаж байгаа. Монгол Улсын банкны салбарт өөрчлөлт, шинэчлэлтүүдийг хэрэгжүүлэх, “хар”, “саарал жагсаалт”-аас гаргах ажлыг гүйцэтгэх шаардлагатай энэ цаг үед өндөр боловсролтой залуучуудад Улсын Их Хурал итгэл хүлээлгэж байна. Цахим банкны тогтолцоог бий болгох, иргэддээ ээлтэй, ил тод банк санхүүгийн зуучлалын үйлчилгээг хөгжүүлэхэд манлайлж ажиллана гэдэгт итгэж байна. Онцгой хичээж, чармайж ажиллахыг үүрэг чиглэл болгож байна” гэлээ.

Ингээд санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 39 нь буюу 77.7 хувь нь Г.Энхтайваныг Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилохыг дэмжсэн юм. Байнгын хорооны саналыг ийнхүү чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул “Монголбанкны дэд ерөнхийлөгчийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдаж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эцсийн найруулгыг уншиж танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталлаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг төслийн холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн хуулийн төслүүд болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцээн боловсруулах, уялдааг хангуулахаар хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу гүйцээн боловсруулсан 4, төслийн зүйл, хэсэг, заалтын уялдааг хангахтай холбоотой 4 саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжжээ.


Төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх явцад Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Д.Эрдэнэбат нар асуулт асууж, хариулт авсан болно. Түүнчлэн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг Ажлын хэсэгт хандан бичгээр санал ирүүлснийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т заасны дагуу санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр нь дэмжээгүй байна.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр асуулт асууж, хариулт авлаа. Хууль тогтоох, хянан шалгах,   төсөв батлах, ард түмний төлөөллийг хэрэгжүүлэх парламентат ёсыг боловсронгуй болгох зохицуулалтыг хийсэн болохыг Д.Лүндээжанцан гишүүн хэллээ. Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх механизмийг сайжруулах, чангатгах чиглэлээр тодорхой зохицуулалтуудыг тусгасан талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм. Ингээд зармын зөрүүтэй 10 саналын томёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 23.2.1-т заасны дагуу гүйцээн боловсруулсан  дараах 4 саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Тодруулбал, төслийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсгийн “Улсын Их Хурал нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” гэснийг “Монгол Улсын Их Хурал нь тамга, тэмдэг, бэлгэ тэмдэгтэй байна. Бэлгэ тэмдгийн загвар, хэрэглэх журмыг Улсын Их Хурал батална.” гэж өөрчлөхийг гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсгийн “Хувь хүн, хуулийн этгээд нь Улсын Их Хурлын нэр, үйл ажиллагаатай шууд холбогдож ойлгогдох оноосон нэр ашиглахыг хориглоно.” гэснийг “Улсын Их Хурлын бэлгэ тэмдэг, оноосон нэртэй адил утга, агуулгатай бэлгэ тэмдэг, нэршлийг зөвшөөрөлгүй ашиглахыг хориглоно.” гэж өөрчлөхийг гишүүдийн 74 хувь нь дэмжсэн. Төслийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүрэн эхээр нь нийтэлнэ.” гэснийг “Улсын Их Хурал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цахимаар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд албан ёсоор бүрэн эхээр нь нийтэлнэ.” гэж, мөн зүйлийн 5.6 дахь хэсгийн ““Төрийн мэдээлэл” эмхэтгэлийг” гэснийг “Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг цахимаар болон “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд” гэж тус тус өөрчилж, мөн зүйлийн зүйлийн 5.5 дахь хэсгийн “мэдээлэхдээ” гэсний дараа “Улсын Их Хурлын цахим хуудсанд болон” гэж нэмэхийг нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 37 нь дэмжлээ. Төслийн 23 дугаар зүйлийн 23.3.3 дахь заалт, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийн “Хүн ам зүй, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн” гэснийг “Нийгмийн бодлогын” гэж тус тус өөрчлөхийг гишүүд 74 хувийн саналаар дэмжсэн. Дараа нь найруулгын саналуудаар санал хураалт явуулан шийдвэрлэсэн.

Ингээд Байнгын хорооны саналаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 50 гишүүний 37 буюу 74 хувийн саналаар дэмжсэн. Түүнчлэн хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дайны байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиуд болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолуудыг гишүүдийн олонх дэмжин баталлаа.


Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 7 гишүүний санаачилсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, С.Бямбацогт, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Б.Саранчимэг, Я.Санжмятав, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн нар санаачлан боловсруулж өргөн мэдүүлснийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Энэ үндсэн дээр Байнгын хорооны өнгөрсөн сарын 28-ны өдрийн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбатаар ахлуулан байгуулж ажиллуулахаар шийдвэрлэсэн юм.

Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Мөнхбат танилцуулав. Төрийн байгуулалтын байнгын хороо 05 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулж, ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг нэгбүрчлэн хэлэлцсэн байна. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзсэн тул Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн 33, дэмжээгүй 2 зарчмын зөрүүтэй саналын томъёолол болон найруулгын 5 саналаар нэгбүрчлэн санал хураалт явуулсан шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 13 дугаар зүйлийн 13.1.2 дахь заалтыг “13.1.2.гишүүний асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 1 минутаас илүүгүй байх бөгөөд хариулт, тайлбар хангалтгүй гэж тухайн гишүүн үзвэл 1 минутаас илүүгүй хугацаагаар нэмэлт асуулт асууж, тайлбар авах;” хэмээн өөрчлөн найруулахыг гишүүдийн олонх дэмжсэн. Мөн төслийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг “Гишүүн энэ хуулийн 9.5-д заасан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр тогтсон асуудлыг хойшлуулах, дараалал өөрчлөх, асуудал нэмэх горимын санал гаргах бол Улсын Их Хурлын даргад нэгдсэн хуралдааны өмнөх өдрийн 17.00 цагаас өмнө үндэслэл бүхий саналаа бичгээр ирүүлнэ.” хэмээн өөрчлөхийг, төслийн 13 дугаар зүйлд “13.5.Хуралдаан даргалагч тухайн өдрийн хуралдааныг нээж, хэлэлцэх асуудалтай холбоотой гишүүнээс ирүүлсэн горимын саналыг танилцуулж, тухайн асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Энэ талаар хэлэлцүүлэг явуулахгүй.” гэсэн агуулгатай хэсэг нэмж, төслийн дугаарлалтыг өөрчлөхийг дэмжсэн юм. Төслийн 13 дугаар зүйлийн 13.18 дахь хэсэг, төслийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийг хасах, төслийн 66 дугаар зүйлийн 66.2 дахь хэсгийг тус тус хасахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. Төслийн 100 дугаар зүйлд “100.7.Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг баталсантай холбогдуулан шаардлагатай бол уг тогтоолд нийцүүлэн зохих хууль, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал энэ хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.” гэсэн агуулгатай хэсэг нэмэхийг мөн дэмжсэн юм.

Ийнхүү үдээс өмнөх хуралдааны төгсгөлд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


  2020-05-07 12:44  588