Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2020 оны 27 дугаарын тойм


    Эмхэтгэлийн шинэ дугаарт Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хууль болон Монгол Улс болон Азийн хөгжлийн банк  хоорондын санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт 2019-2020 оны зээлийн төлөвлөгөөг бүрэн эхээр нийтэлсэн. 

    Түүнчлэн Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус нийтэллээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг бүтээн байгуулалтын ажилд оролцуулахдаа цэргийн барилга, инженерийн ангиудыг цэргийн захиргааны удирдлагаар шууд ханган, бие даасан төрлийн цэргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжийг хангах үүднээс төрөл, мэргэжлийн цэрэгт хамаардаг барилга, инженерийн ангийн статусыг нэмэгдүүлэн, гүйцэтгэх чиг үүргийг хуулиар нарийвчлан тодорхойлж, түүний бие даасан удирдлагатай, төвлөрсөн нэгдмэл байдлыг хангах зохицуулалтыг хуульчлан баталгаажуулах, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журмыг батлахтай холбогдсон зохицуулалтыг нэмж тусгасан байна.

    Мөн энэ дугаарт Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар баталсан Монгол Улсын Их Хурлын дэд дарга нарыг сонгох тухай, Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай зэрэг  Улсын Их Хурлын тогтоолуудыг нийтэллээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай зарлигуудыг нийтэлсэн бөгөөд уг зарлигаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Армени, Бүгд Найрамдах Чили, Бүгд Найрамдах Аргентин, Бүгд Найрамдах Латви, Бүгд Найрамдах Эстони Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдуудыг эгүүлэн татаж, шинээр тохоон томилсон байна.  

   Монгол Улсын Засгийн газраас  баталсанЖурам батлах тухай” тогтоолуудыг нийтэллээ. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх журмаар холбогдох хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний 1995 оноос 2019 оныг дуустал хугацааны төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлийг нэг удаа нөхөн төлүүлэх, орлогыг төвлөрүүлэх, мэдээллийн нэгдсэн санд бүртгэх, тайлагнах, шимтгэл нөхөн төлсөн хугацааг хянан баталгаажуулахаар зохицуулжээ. Ингэхдээ малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасны дагуу нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас өндөр насны тэтгэвэр, цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгоогүй, малчнаар ажилласан болон хувиараа хөдөлмөр эрхэлж байхдаа шимтгэл төлөөгүй 15-60 насны Монгол Улсын иргэний шимтгэлийг нөхөн төлүүлэхдээ сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 10 хувь буюу сард 42 000 төгрөг байхаар зохицуулсан байна.  

    Харин Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журмаар Улсын Бага Хурлын 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан болзол, нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний тэтгэврийн хэмжээг 50000 төгрөгөөр нэмэгдүүлэн тогтоох, хянахад энэ журмыг баримтлахаар тусгасан бөгөөд бусад зохицуулалтын талаарх мэдээллийг  эмхэтгэлээс авах боломжтой гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 




Хуваалцах:

Холбоотой мэдээлэл