Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2018.06.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Улсын Их Хурлаас 2015 онд Захиргааны ерөнхий хуулийг баталж, 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, 3.1.7 дахь заалтад зааснаар Үндсэн хуулийн цэцэд хамаарах эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа болон улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа нь хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй гэж заасан байдаг. Гэтэл тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтыг үндэслэн Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм байна.
Тиймээс хуульд үүссэн ойлгомжгүй, хоёрдмол утгатай байдлыг засаж, хуулийг нэг мөр ойлгох боломжийг бүрдүүлэх зорилгоор хуулийн төслийг боловсрууллаа гэж төслийн танилцуулгад дурджээ.
Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд C.Чинзориг өнөөдөр /2018.06.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдөр орсон өөрчлөлтөөр малчдын өндөр насны тэтгэвэр тогтоох насыг 5 жилээр наашлуулан баталж, 2018 оноос хэрэгжүүлж байгаа билээ.
Хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотой малчнаар ажилласныг тодорхойлоход “Мал тэжээвэр амьтад, хашаа худгийн ... оны тооллого”-ын бүртгэл, лавлагааг, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцуулсан тухай нийгмийн даатгалын байгууллагаас олгосон баримт, лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар авах шаардлагатай болсон тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичгийн жагсаалтад энэ лавлагаа бүртгэлийг оруулах хэрэгтэй болжээ.
Мөн 1999, 2017 онуудад холбогдох хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтөөс үүдэлтэйгээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд хөдөлмөрийн хортой, хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох заалтыг нэмж оруулах шаардлагатай байгааг үндэслэн энэхүү төслийг өргөн барьжээ.
Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өнөөдөр /2018.06.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагаа нь хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр зохицуулагддаг.
Тус хэлэлцээрийн дагуу Монгол Улс “Улаанбаатар төмөр зам”-ын ашиглалтад чухал шаардлагатай бараа материалыг гаалийн татвар, хураамжгүй оруулах Олон улсын гэрээ, хэлэлцээрээ мөрдөж “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дотоод хэрэгцээнд импортоор оруулах дизелийн түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх ёстой байдаг билээ.
Үүнтэй холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулсан байна.
Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, О.Батнасан, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар нар “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2018.06.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Улс орны тогтвортой хөгжилд төрийн аудитын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд төрийн аудитын нийгэмд оруулах үнэ цэнэ ба өгөөж, улс орны хөгжилд үзүүлэх бодит нөлөө, аудитын олон улсын хөгжлийн чиг хандлагыг харгалзан үзэж, төрийн аудитыг цаашид хөгжүүлэх бодлогыг тодорхойлох шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Иймд төрийн аудитын бодлого, чиглэлтэй аудитын хуулийн этгээдийн тогтолцоо, дотоод аудит болон байгаль орчны, мэдээллийн технологийн зэрэг бусад аудитын салбарын үйл ажиллагаа, хамтын ажиллагааг сайжруулж, аудитад иргэдийн оролцоог нэмэгдүүлж, хяналттай, хариуцлагатай аудитын тогтолцоог бий болгож, төрийн аудитын хөгжлийг олон улсын чиг хандлагад нийцүүлж, төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн орчин боловсронгуй болж, хараат бус байдал бэхжинэ гэж үзэн тогтоолын төслийг боловсруулжээ.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий ассамблейн 2011 оны 66 дугаар хуралдаанаар Аудитын дээд байгууллагыг бэхжүүлэх замаар төрийн удирдлагын үр өгөөж, хариуцлага, үр ашиг ба ил тод байдлыг дээшлүүлэх талаар тогтоол гаргасан бөгөөд уг тогтоолын дөрөвдүгээрт “1977 онд батлагдсан Аудитын суурь зарчмын талаарх Лимагийн тунхаглал болон 2007 онд батлагдсан Аудитын дээд байгууллагуудын хараат бус байдлын талаарх Мексикийн тунхаглалыг талархалтайгаар тэмдэглэн, эдгээр тунхаглалуудад тусгагдсан зарчмуудыг өөрсдийн үндэсний бүтцэд нийцүүлэн хэрэгжүүлэхийг гишүүн орнуудад уриалж байна” гэж заасан байдаг нь “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого”-д тусах учиртай юм.
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2018.06.15