"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 37 дахь дугаарын тойм

  2014-10-06 00:00  214

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Засгийн газарт чиглэл өгөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Үүгээр, холбогдох хууль тогтоомж, Улсын Их Хурлаар батлагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр, Ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэн, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг улс орны болон салбар, орон нутгийн урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусган хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгожээ.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас манай орны байгаль орчин, эдийн засаг, нийгмийн амьдрал, хүний эрүүл мэндэд үзүүлэх таагүй нөлөөлөл, үр дагавар, эрсдэлийг нарийвчлан тогтоох, болзошгүй эрсдэлийг даван туулах, өртөх байдлыг бууруулах, өөрчлөгдөж байгаа уур амьсгалын нөхцөлд зохицсон аж ахуй, үйлдвэрлэл эрхлэх, ялангуяа хөрс, бэлчээрийг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг бүх шатанд авч хэрэгжүүлэх, байгаль орчинд ээлтэй хаягдал, бохирдолгүй дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгалийн нөөц баялаг түүхий эд, бүтээгдэхүүний зохистой ашиглалт, хэрэглээ, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын хэмжээний яриа хэлэлцээ, арга хэмжээнд идэвхтэй оролцож, уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, өртөмтгий хөгжиж байгаа улс орнуудад шинэ техник, технологи нэвтрүүлэх болон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт хамрагдах, уур амьсгалын шинэ нөхцөлд зохицон амьдрах хэвшил, дадлыг бий болгох талаар иргэд, олон нийт, бүх шатны сургууль, боловсролын байгууллагыг мэдээллээр хангах, сургалтын хөтөлбөрт оруулах талаар шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Алтанхуяг/-т чиглэл болгосон байна.

Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтөд улс орон, ард иргэдийн бэлэн байдлыг хангах зорилгоор энэхүү зарлигийг гаргажээ.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг нийтэллээ.

Эмхэтгэлд нийтлэгдсэн Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай Засгийн газрын тогтоолоор, хот байгуулалтын баримт бичиг, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулах чиг үүргийг барилгын салбарын төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгэхийг холбогдох сайдад зөвшөөрсөн байна.

Засгийн газрын бас нэг тогтоолоор, барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх, хот байгуулалтын баримт бичигт экспертизийн дүгнэлт гаргах иргэн, хуулийн этгээдийг өрсөлдөөний журмаар сонгон шалгаруулж, тэдгээрийг зохион байгуулах чиг үүргийг хариуцлага хүлээх чадвар бүхий мэргэжлийн хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж ажиллахыг нэр бүхий сайдад зөвшөөрсөн байна.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, “Монгол уран бүтээл” үндэсний хөтөлбөр батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.

Хөтөлбөрт, түүнийг боловсруулах болсон үндэслэл, шаардлага, “Монгол уран бүтээл”-ийг 2025 он хүртэл хэрэгжүүлэх үндсэн зорилго, хөтөлбөрийн стратегийн зорилтууд, тэдгээрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, удирдлага, зохион байгуулалт, хөтөлбөр хэрэгжилтийн хяналт, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, тайлагнах тогтолцоог тогтоож өгсөн байна.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ, түүний зорилго бодитой, хэмжигдэхүйц, үйл ажиллагаа нь ил тод, хүртээмжтэй байх, мэргэжлийн уран бүтээлч, судлаач, иргэд, талуудын оролцоо, эрэлт хэрэгцээг хангасан байх, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, байгууллагын хариуцлага, иргэд, олон нийтийн санал санаачилга, оролцоонд тулгуурласан байх, оюуны өмчийн талаарх хууль тогтоомжид нийцсэн байх зарчмыг баримтлах ажээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


  2016-09-22 09:36  214