ХЗБХ: Малын хулгайн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг хүндрүүлж, зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулдаг байхаар хэлэлцлээ

  2020-01-09 18:15  434

Хууль зүйн байнгын хорооны өнөөдөр /2020.01.09/-ийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.


Хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч С.Бямбацогт танилцуулав.

Засгийн газраас эрүүгийн багц хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд төсөлд Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлтэй холбоотой зохицуулалт тусгагдсан байсан тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу хууль санаачлагчдад танилцуулж, зөвшөөрөл авсны дагуу анхны хэлэлцүүлгийн шатанд төслийг нэгтгэн нэг төсөл болгосныг танилцуулгадаа дурьдлаа.


Сүүлийн жилүүдэд малын хулгайн гэмт хэрэг тасралтгүй өсөж байгаа төдийгүй энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж байгаа нь өөрийн үйдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ухаарах боломж олгохгүй байна.

Түүнчлэн олон тооны мал гэдэгт хорин дөрвөн бог, найман бодоор тооцож ял хүндрүүлж байгаа нь учир дутагдалтай  тул энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгах, зохицуулалтыг боловсронгуй болгох, бусдад ял завших боломжийг гаргахгүй байхаар хуулийн төсөлд тусгах нь зүйтэй гэж Ажлын хэсгээс үзэж, холбогдох зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэснийг Ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа онцоллоо.


Өнчин ишиг хулгайлсан ч гэмт этгээдэд зохих ял шийтгэлийг эдлүүлж, малын хулгайн гэмт хэрэгт зөвхөн хорих болон зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэл оногдуулдаг зохицуулалт оруулахаар хуулийн төсөл санаачлагч болон Ажлын хэсэг үзсэн талаар мөн тэмдэглэсэн юм.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд асуулт асууж, асуултад Улсын Их Хурлын гишүүн, Ажлын  хэсгийн ахлагч С.Бямбацогт, Байнгын хорооны дарга Х.Нямбаатар  нар хариулт өглөө.

Энэ үеэр Байнгын хорооны дарга Х.Нямбаатар цагдаагийн болон бусад хуулийн байгууллагуудад цөөн тооны мал хулгайлсан бол ял шийтгэлгүй үлдэх мэтээр буруу ойлголт нийтийн дунд түгээд байгааг залруулах үүрэг, чиглэлийг өгсөн юм.


Дараа нь Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнээр хуралдаан өндөрлөлөө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

  2020-01-09 18:14  434