Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2018-05-16 09:22  90

      Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.16) хуралдаан 10 цаг 09 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. 


 Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн төслийг хэлэлцэхийг хойшлуулав

    Хуралдааны эхэнд “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” болон “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын нэгтгэсэн  төслийн  анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

    Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат уг асуудлыг хойшлуулах горимын санал гаргасан боловч хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэнгүй. Иймд тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяа танилцуулав. Гэвч тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг хийх эсэх талаар УИХ-ын гишүүд санал зөрөлдөж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан нар Ажлын хэсгийн хуралдааны гишүүдийн ирц хангалтгүй, санал хураалт буруу байхад тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх нь Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчих болно гэдгийг онцолж байсан. 


    Иймд Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн Н.Амарзаяад Ажлын хэсгийг дахин хуралдуулах үүрэг өгч, нэгтгэсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав.

Ирэх оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Үргэлжлүүлэн Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төслийн талаар Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. 


   Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл нь Макро эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого, Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, батлан хамгаалах салбарын бодлого гэсэн нийт 5 бүлэг, 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээг тусгаснаас гадна зорилт, арга хэмжээ бүрийн шалгуур үзүүлэлт, хүрэх түвшин, шаардагдах санхүүжилт, хөрөнгийн эх үүсвэр, урт болон дунд хугацааны хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдтэй уялдсан байдал, хариуцан хэрэгжүүлэх байгууллагыг зааж өгсөн. Төсөлд тусгагдсан дээрх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийтдээ 8 их наяд 619.7 тэрбум төгрөгийн санхүүжүүлт шаардагдана. Эдгээр зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр 2019 онд эдийн засгийн бодит өсөлт 8 хувьд хүрэх, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзсэнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулгадаа онцоллоо. 

   Тогтоолын төсөлтэй холбогдуулан О.Батнасан, Ж.Мөнхбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ, Б.Баттөмөр, Д.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн нар асуулт асууж,  үг хэллээ. Гишүүдийн зүгээс 2019 онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулж нэмнэ гэдгийг тодорхой тайлбарлах, Засгийн газар, Сангийн яамнаас зээлийн хүүгийн дарамтыг бууруулахад бодлогын арга хэмжээ авч байгаа талаар илүүтэй тодруулсан.


    Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Эдийн засгийн буруу бодлого явуулснаар зээлийн хүү өсдөг. Засгийн газар байгуулагдсан цагаасаа хойш арилжааны банкуудаас өндөр хүүтэй зээл аваагүй. Харин Засгийн газар өмнө нь арилжааны банкуудаас  авсан зээлийн үндсэн өр, зээлийн хүүгийн төлбөрт 2.8 их наяд төгрөг өгсөн. Энэ төлбөр эргээд арилжааны банкуудаас иргэн, аж ахуйн нэгжид зээл болж очиж байгаа тул зээлийн хүү тодорхой хэмжээгээр буурч байгаа. Эдийн засгийн зөв бодлого баримталж байгаа учраас  Монгол Улсын эдийн засаг цаашдаа сайжирна гэж хариулж байлаа.  Монгол Улсын хэмжээнд хөдөлмөр эрхэлж байгаа 1.3 сая иргэн бий. Үүний 190 гаруй мянга нь төрийн албан хаагчид байдаг. Цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляциасаа давуулаад нэмэхээр бараа, бүтээгдэхүүний үнэ өсөх сөрөг нөлөө үзүүлдэг. ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд 2018-2019 онд  цалин, тэтгэвэр тэтгэмжийг царцаахаар тохирсон. Гэвч бид цалин, тэтгэвэр тэтгэмжийг инфляцитай уялдуулан нэмэх асуудлаар ОУВС-тай уулзаж, ярилцаж байгаа гэж Сангийн сайд хэлж байв.

   Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтсон.

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

   Дараа нь Засгийн газраас 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. 


   Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Ч.Улаан, Д.Эрдэнэбат нар  асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Улаан 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэлд хөрөнгө оруулалт нэмэгдэж, өрийн ачаалал буурч, эдийн засаг сэргэж байна. Гэхдээ Монгол Улсын эдийн засаг эмзэг байгааг тул хүүхдийн мөнгийг 100 хувь олгоход шаардагдах эх үүсвэрийг олох нь асуудал бус, харин ОУВС-тай тохирсон “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд асуудлаа ярьж, хүүхдийн мөнгийг 60-80 хувь болгох нь зүйтэй гэсэн санал хэллээ. Мөн тэрбээр төсвийн алдагдлыг бууруулах, зарлагын реформ хийх шаардлагатай байгаа талаар Сангийн яамныханд анхааруулсан. 

Гишүүдийн зүгээс хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив

Хуралдааны төгсгөлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. 

    Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аас 2005 онд батлан 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг хуулийн өнөөдрийг хүртлэх хугацаанд 23 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Дээрх хуулийг хэрэгжүүлэх явцад худалдан авах ажиллагаанд цахим системийг боловсронгуй болгох, үйл ажиллагааг олон нийтэд ил тод, нээлттэй байлгах, авлига ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх, байгаль орчинд ээлтэй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэл, дотоодын бизнесийн орчныг төрөөс дэмжих, түүнчлэн олон улсын байгууллагуудад өргөн хэрэглэж байгаа урьдчилсан худалдан авах ажиллагааг нэвтрүүлэх зэрэг асуудлыг хуульчлах шаардлага үүсчээ. Иймд худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулльд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.


    Хуулийн төслийн үзэл баримтлалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Улаан, Д.Оюунхорол, Н.Амарзаяа, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах тендер зарлахдаа үнэ, өртөгт нь үндсэн шалгуураа тавьж,  хамгийн бага үнэ санал болгосныг нь шалгаруулж ирсэн. Ингэснээр тендерт ялсан компаниуд өртөг багатай, чанар муутай бараа бүтээгдэхүүн нийлүүлж, улмаар улсад хохиролд учруулах байдлыг таслан зогсоох шаардлагатай байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Улаан “Яам, төрийн байгууллагууд тендер зарлах болсон нь их хэмжээний хөрөнгө оруулалтыг зарцуулах эрх мэдэл үүсдэг. Энэ  гажуудлыг засч, хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй. Түүнчлэн тендерийн шалгаруулалтыг ил тод нээлттэй байлгаж, шалгуур үзүүлэлтийг нь тодорхой болгож, хуульд тусгах нь зүйтэй” гэсэн саналуудыг хэлж байлаа.  Гишүүдийн зүгээс уг хуулийн төсөл нь бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байгаа эсэх,  татан буугдаад байсан агентлагийг дахин байгуулах шаардлагыг илүүтэй сонирхож байв. 

   Яам, агентлаг, төсвийн байгууллагууд тендертэй холбоотой маргаанаас хол байж, төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажилд илүү анхаарах ёстой. Худалдан авах ажиллагааны мэргэжлийн агентлагийн үйл ажиллагааг дахин сэргээснээр, эрх үүргийн давхардал арилж, худалдан авах үйл ажиллагаа шуурхай, үр нөлөөтэй, ил тод болно гэж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулж байлаа. Мөн уг хуулийн төсөл нь Үндсэн хууль болон бусад хууль, тогтоомжтой нийцсэн гэж Ажлын хэсгийнхнээс нэмж тайлбарлаж байлаа. 

     Гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжив. Энэ талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2018-05-16 16:44  90