Цэс

Холбоо барих

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ


Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.01.09) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар эхлээд “Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. 

Засгийн газраас 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат танилцуулсан юм.

Монгол орны ургамлын аймагт 108 овгийн 684 төрлийн 3160 зүйл гуурст дээд ургамал бүртгэгдсэнээс унаган ургамал 153, завсрын унаган 458, нэн ховор 133, ховор 356 зүйл, үлдэц (үлдвэр) ургамал 70 зүйл ургамал бүртгэгдээд байна. 3160 зүйл гуурст дээд ургамалд тодорхой шалгуураар үнэлгээ хийхэд 1472 зүйл ургамал буюу нийт ургамлын 46 хувийг зайлшгүй хамгаалалтад авах шаардлага үүсээд байна. Мөн манай орны бэлчээр нутгийн 70 гаруй хувь нь аль нэг байдлаар доройтсон нь мал бэлчээрлэлт ургамлын үрийн нөхөн сэргэлтэд сөрөг нөлөө үзүүлж, ургамлын бүлгэмдлийн бүрэлдэхүүн, бүтцэд ихээхэн өөрчлөлт оруулж ургамлын баялаг хомсдох нэг шалтгаан болж байна. Байгалийн ургамлын ховордлын шалтгааны 59,3 хувь нь хүний нөлөөгөөр, 38,6 хувь нь нөөцийн хэт ашиглалтаас, 47,3 хувь нь байгалийн гамшгаас үүдэлтэй байгааг хууль санаачлагч илтгэлдээ дурдав. 

Байгалийн ургамлын тухай хууль  4 бүлэг, 22 зүйлтэйгээр 1995 оны 06 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 1997-2015 онуудад 4 удаа нэмэлт, өөрчлөлт орсон ч байгалийн ургамлын удмын санг хойч үедээ хадгалж өвлүүлэх чадамж дэлхий нийтийн жишгээс хоцорч, ургамлын олон янз байдлыг хамгаалах явдал үндсэндээ хаягдаж, ургамлын төрөл зүйлүүд устах аюул тулгараад байгаа нь дээрх тоо баримт болон  гадаад дотоодын эрдэмтэн судлаачид нотолжээ. Мөн Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолоор батлагдсан “Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал”-ын дагуу хийсэн үнэлгээнээс уг хуулийг шинэчлэн найруулах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Иймээс эдгээр шаардлагыг үндэслэн Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах зайлшгүй шаардлагатай болсон байна.


Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд, олон улсын гэрээ, конвенцид заасан холбогдох үүргийг биелүүлэх нөхцөлийг бүрдүүлж, нутаг орны  хэмжээнд нөөц багассан, устах аюулд өртөөд байгаа ургамлын зүйлийг уугуул тархац нутагт нь хамгаалах, нөхөн сэргээх ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутагтаа хэрэгжүүлэх, нэн ховор, ховор, унаган, үлдвэр ургамлын удмын санг хойч үедээ өвлүүлэх зорилгоор ижил төстэй орчинд нь тарималжуулан хадгалж хамгаалах ажлыг төрийн өмчит шинжлэх ухааны байгууллага хийж гүйцэтгэх, Монгол орны нутаг дэвсгэрт бүртгэгдсэн нийт ургамлын хатаамал, өсгөвөр, үр, үрцэрийн цуглуулгыг байгалийн ургамлын генийн санд хадгалан хамгаалах асуудлыг тусгажээ. 

Мөн экосистемийн унаган төрхийг хадгалж, хамгаалах зорилгоор харь зүйл ургамлыг байгальд тарьж ургуулах, хүнс, техникийн зориулалтаар тарималжуулсан харь зүйл ургамлыг байгальд тархаахыг хориглох, харь зүйл ургамал тархахаас сэргийлэх, хамгаалах ажлыг бүх шатны Засаг дарга орон нутгийн төсвийн хөрөнгөөр, гэрээний дагуу газар эзэмшин үйл ажиллагаа эрхэлж байгаа хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэх, үйлдвэрлэлийн зориулалтаар ургамал түүж бэлтгэсэн хуулийн этгээд өөрийн хөрөнгөөр биологийн нөхөн сэргээлт хийх, нөхөн сэргээлт хийгээгүй хуулийн этгээдэд ургамал түүж бэлтгэх зөвшөөрөл дахин олгохгүй байхаар тусгажээ. Түүнчлэн нэн ховор, ховор, элбэг ургамлыг судалгаа шинжилгээний, ахуйн, зориулалтаар түүж бэлтгэх хэмжээг тодорхой болгож, зөвхөн элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар, зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах, байгалийн ургамлыг хамгаалах, удмын санг хадгалах, түүхий эд болгон ашиглах зорилгоор байгалийн ургамлыг тарималжуулж ашиглах, мансууруулах бодис бүхий ургамлын жагсаалт, түүнийг ашиглах, хэрэглэх, улсын хилээр нэвтрүүлэх асуудлыг Монгол Улсын нэгдэн орсон конвенци болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуультай уялдуулах зэрэг зохицуулалтыг шинээр оруулж, холбогдох зүйл, заалтыг өөрчлөн найруулсан байна. 

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг танилцуулсан юм. Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг нар асуулт асууж тодруулсан бөгөөд харин төслийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүдээс санал гарсангүй. Ингээд санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 52.7 хувь нь төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн тул төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлэв.

Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг дэмжлээ


Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороодод шилжүүлсэн юм.

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс тэтгэврийн зээлийн өрийг нэг удаа тэглэх арга хэмжээг 2020 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлэх зөвлөмж гаргаж, Засгийн газарт чиглэл өгсөн. Уг зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн өрийн дарамтаас чөлөөлөх, байгалийн баялагийн орлогын өгөөж болох Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа төлөх хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллуулжээ. Энэ үндсэн дээр ажлын хэсэг иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нухацтай ярилцан, санал шийдлээ Засгийн газарт танилцуулж, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг боловсруулж өргөн мэдүүлээд байгаа юм.

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар нийтдээ 422.9 мянган иргэн тэтгэвэр авч байгаа бөгөөд нийт тэтгэвэр авагчдын 54.5 хувь буюу 228.6 мянган тэтгэвэр авагч 757.6 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаа аж. Иргэдийн тэтгэврийн зээлийн үлдэгдэл төлбөрийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар төсөлд тусгасан байна.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, эрдэс баялгийн ордыг ашиглахтай холбоотой харилцаанд төрийн төлөөллийг хэрэгжүүлэх зорилгоор 2007 онд "Эрдэнэс Монгол” ХХК-ийг үүсгэн байгуулсан бөгөөд Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий мөнгө, алтны ордуудад төрийн эрхийг хэрэгжүүлэх, эдийн засгийн эргэлтэд оруулах, мөнгө цэвэршүүлэх үйлдвэр байгуулах зорилгоор 2019 онд “Эрдэнэс Монгол" ХХК-ийн охин компани хэлбэрээр “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийг байгуулан, Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээр Салхитын мөнгө, алтны ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус компанид шилжүүлжээ. Салхитын мөнгөний орд нь 808.3 тонн мөнгө 1.1 тонн алтны нөөцтэй бөгөөд урьдчилсан тойм тооцооллоор “Салхитын ордын цэвэр ашиг 1 их наяд гаруй төгрөгөөс давахаар байгаа аж.

Иймээс “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын орлогын төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл төлбөрийг Салхитын мөнгө, алтны ордын орлогоос нэг удаа хариуцан төлөх боломжтой гэж Засгийн газар үзсэнийг чуулганы нэгдсэн хуралдаанаас дэмжсэн юм.

Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх явцад Улсын Их Хурлын гишүүд тэтгэвэр барьцаалж зээл авсан 229 мянга иргэдийн 207.8 мянга нь 6 хүртэл сая төгрөгийн зээлтэй байгаа нь нийт зээл авсан иргэдийн 91.5 хувийг эзэлж буй учир зээлийн төлбөрийг чөлөөлөх хэмжээг энэ хүрээнд тогтоох нь зүйтэй, мөн тэтгэврийн зээл аваагүй байгаа 192 мянган иргэнийг ялгаварлаж болохгүй, иймд эдгээр иргэдэд зориулсан тодорхой шийдэл гаргах шаардлагатай гэсэн санал гаргаж байв. Тиймээс иргэдийн зээлийг тэглэх болон зээлгүй ахмадад зориулсан арга хэмжээг цогцоор нь ярилцаж, саналаа нэгтгэж хэлэлцүүлэх чиглэлийг ажлын хэсэгт өгсөн.

Энэ үндсэн дээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдааны завсарлагаар Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хуралдаж тодорхой шийдэлд хүрсний дагуу Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэлэлцэж дэмжжээ. Энэ талаарх Байнгын хороодын хамтарсан хуралдааны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.


Байнгын хороодын хамтарсан хуралдаанаас Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналыг үндэслэн Улсын Их Хурлын даргын 2020 оны 10 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг тэтгэвэр барьцаалсан зээлийн үлдэгдлийн төрөөс нэг удаа төлөх  дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзсэнийг дэмжжээ. Учир нь тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ, зээлийн төлбөрийн хугацаанаас хамаарч зээлтэй тэтгэвэр авагчдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх зээлийн үлдэгдлийн дүн  харилцан адилгүй байгаа аж. Иймээс тэтгэврийн зээлтэй иргэдэд тэгш үйлчлэх зорилгоор зээлийн чөлөөлөх дээд хэмжээг 6 сая төгрөгөөр тогтоох, түүнээс дээших дүнг иргэн өөрөө хариуцан төлөх зохицуулалтыг хуулийн төслийн 4.4 дэх хэсэгт тусгажээ. Энэ зохицуулалтыг оруулснаар хуулийн зохицуулалт нь зээлтэй тэтгэвэр авагчдын 90.8 хувийг, зээлийн нийт дүнгийн 75.2 хувийг хамрах юм байна.

Харин тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй иргэдэд 1 сая төгрөгийн үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг төсөлд нэмж тусгасан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтад заасан байгалийн баялгийн өгөөжийг иргэдэд тэгш, шударга хүртээх зарчимд үндэслэн зээл аваагүй үлдсэн 194.2 мянган тэтгэвэр авагчдад “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Салхитын мөнгө, алтны ордын ирээдүйн орлогыг барьцаалан гаргах үнэт цаасыг эзэмшүүлэх зохицуулалтыг Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгажээ.

Мөн уг хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт оруулснаар тэтгэвэр, тэтгэмжийг барьцаалахыг хориглохоор зохицуулсан байсан. Харин хэлэлцүүлгийн явцад энэ нь нэг талаас тэтгэвэр авагчдын амьжиргааг хамгаалах, өрийн дарамтад орохоос сэргийлэх арга хэмжээ хэдий ч нөгөө талаас иргэд богино хугацааны хэрэгцээгээ шийдэх боломжийг хязгаарлаж байна гэж үзсэний үндсэн дээр гишүүдээс гаргасан саналыг үндэслэн тэтгэвэр авагч тэтгэврээ барьцаалан 6 хүртэл сарын хугацаатайгаар, жилд 1 удаа авах өөрчлөлтийг хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд тусгасан байна.

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөлд дээрх зарчмын санал тусгагдсантай холбогдуулан боловсруулсан Дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалан банкнаас зээл аваагүй иргэнд Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1000000 (нэг сая) төгрөгтэй тэнцэх хэмжээний нэрлэсэн үнэтэй үнэт цаасыг эзэмшүүлэх; уг үнэт цаасны эргэн төлөлтийг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хийх; иргэдийн төлөх дүн 1000000 төгрөгийн хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрт ногдох үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлэх; “Эрдэнэс Монгол” ХХК нь энэхүү арга хэмжээнд зориулан нийт 900 тэрбум төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаас гаргах, үүнээс хуулийн төслийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан болон Дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан төлбөрт, үлдэх орлогыг “Эрдэнэс Силвэр” ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулахаар тусгажээ. Түүнчлэн зарчмын зөрүүтэй эдгээр саналуудтай холбогдуулан “Эрдэнэс Силвэр” ХХК-ийг үнэт цаасын эргэн төлөлтийн хугацаанд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх зорилгоор “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулах шаардлагатай гэж үзсэн байна.


Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Н.Учрал, М.Оюунчимэг, Л.Элдэв-Очир, Б.Бат-Эрдэнэ, Б.Пүрэвдорж, Ц.Цогзолмаа, Д.Эрдэнэбат,  Д.Мурат, С.Жавхлан нар Байнгын хороо, ажлын хэсгээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлсэн юм. Хэлэлцүүлгийн явцад гишүүдээс тавьсан асуулт, саналтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай асуудал нь улстөржиж, талцаад байх асуудал биш. Буруу ташаа мэдээллээр иргэдийг талцуулж төөрөгдүүлж болохгүй. 2018 онд зээлийн хэмжээ 24 хувиар өссөн бол энэ онд 5 хувиар өссөн дүнтэй байна. Мөн эдийн засаг өсөж, инфляци 5 хувь болж буурсан үзүүлэлттэй байгаа. Ингэж эдийн засаг агшсан байна. Иймээс энэ арга хэмжээ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхгүй. Энэ мөнгө валютын зах дээр очихгүй, тэгшитгэж мөнгө өгөхийн оронд талхаа таллаж, тосоо граммлан авч байгаа орлогогүй болсон иргэдийнхээ амьжиргааг дэмжихэд чиглэсэн төрийн бодлого юм. Харин ч энэ арга хэмжээ нь эдийн засаг тэлэхэд эерэгээр нөлөөлнө.  

Мөн зээлийг тэглэх сургаар 100 тэрбум төгрөгийн зээл олгогдсон тухай яриа нь ор үндэслэлгүй юм. Монголбанкны мэдээллээр 2019 оны 12 дугаар сард ахмад настнууд 55 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авчээ. Тэгвэл 2018 оны 12 дугаар сард 91тэрбум, 2017 оны мөн сард 63 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл авч байсан байна. Хэрэв мэдээлэлд ойр байсан хүмүүс зээл авсан бол шалгаж тогтоох чиглэлийг Эдийн засгийн цагдаагийн албанд өгсөн гэдгийг хэлсэн юм.

Ингээд Байнгын хорооны ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “төлбөрийг” гэснийг “төлбөрийн тодорхой хэсгийг” гэж өөрчлөх, 2.1 дэх хэсгийн “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль” гэсний дараа “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль” гэж нэмэх, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “хүртэлх” гэснийг “дуустал” гэж өөрчлөхөөр болов. Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг “Тэтгэвэр авагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусахаас өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө барагдуулж байх хугацаандаа нас барсан, зээлийн гэрээний үүрэг нь дуусгавар болоогүй бол түүний зээлийн үлдэгдэл төлбөрийг энэ хуулийн үйлчилгээнд хамруулна” гэж өөрчлөн найруулахаар тогтов.


Түүнчлэн төсөлд “Энэ хуулийн 4.1, 4.2-т хамаарах зээлдэгчийн зургаан сая, түүнээс доош зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна” гэсэн агуулгатай 4.4 дэх хэсэг нэмэх, төслийн 5.1 дэх хэсгийг “Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК өөрийн охин компани Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан үнэт цаас гаргана” гэж, төслийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулна” гэж тус тус  өөрчлөн найруулахыг дэмжлээ. Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.   

Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.      

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл