Цэс

Холбоо барих

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор Монгол Улсад анх удаа "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газар,  Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яам, Олон улсын нэр томьёоны мэдээллийн төв (INFOTERM), Стандарт, хэмжил зүйн газар, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, ШУТИС, МУБИС-тай хамтран Монгол Улсад анх удаа "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр (2022.07.08) Төрийн ордонд зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хуралд Австри, Люксембург, Солонгос, Швейцар, Герман, Унгар, Литва, Гүрж, Чех, Португал, Колумби, Орос, Хятад, Монгол зэрэг 14 орны 60 гаруй орчим судлаач, эрдэмтэд цахим болон танхимаар оролцож, олон улсын нэр томьёоны туршлага, хэлний технологийн талаар илтгэл хэлэлцүүлж байна.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлсэн үгэндээ, Монгол нэр томьёо бол эртний түүхтэй, баялаг уламжлалтай, ард түмний өвлөн хадгалж уламжлан залгамжлуулах, хөгжүүлэн боловсруулах оюун билгийн үнэт өв болохыг онцлоод Монгол Улсын нийгэм, эдийн засаг, хууль зүй, хэл соёл, техник технологи болон бүх салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэхэд нэр томьёо нэн чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Тэрбээр, “Шинэ мэдлэг, мэдээллийг тээгч нэр томьёог зохицуулах үйл ажиллагааг жигдлэн төлөвшүүлэх нь мэдлэгт суурилсан эдийн засаг, инновацыг хөгжүүлэх зорилтын бүрэлдэхүүн хэсэг юм. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй 600 гаруй хууль, тогтоомжид жигдлэх, цэгцлэх шаардлагатай нэр томьёоны асуудлууд ч бий. Орчин үеийн технологийн хөгжлийн эрин үед нэр томьёоны хөгжил эрчимтэй өөрчлөгдөж байна.

Эртний монгол аймгуудын нэр томьёоны шинжтэй  үг хэллэг, Монголын нууц товчоо болон олон сурвалж бичгүүд дэх өв уламжлал, 1707-1717 оны хооронд зохиосон “Хорин нэгтийн тайлбар толь”, 1741-1742 онд Жанжаа хутагт Ролбийдоржийн удирдлагаар “Мэргэд гарахын орон” хэмээх төвд монгол нэр томьёоны толь  зохиосон явдал нь бүгд эрдэм ухааны уламжлал, шинжлэх ухааны хэлийг хөгжүүлж ирсний нотолгоо юм. Монгол оронд бурхны шашин хүчтэй дэлгэрч судар номыг олноор орчуулах үед ч манай номын мэргэд нэр томьёоны асуудалд онцгой анхаарал хандуулж иржээ.

20-р зууны эхэн үеэс байнгын үйл ажиллагаатай орчин үеийн нэр томьёоны тусгайлсан байгууллага болох Улсын Нэр Томьёоны комиссыг үүсгэн байгуулж, тухайн үеийнхээ эрдэм чадалтай сэхээтнүүдийн хүчийг нэгтгэн ажиллуулж эхэлснээр 1980-аад оны дунд үе гэхэд 120 мянга гаруй нэр томьёог оноон тогтоож, толилон жигдрүүлсэн байдаг. 1961 оны 05 дугаар сарын 19-нд БНМАУ-ын (хуучин нэрээр) Шинжлэх Ухааны Академи байгуулагдсаны дараа Улсын нэр томьёоны комиссын дүрмийг баталж, албан ёсны улсын байгууллага болсон түүхтэй. Харин 1990-ээд онд Монгол Улс нийгмийн өөрчлөлт хийж, дэлхийн улс түмэнтэй нээлттэй харилцах болсны үрээр аль ч улс орны үг хэллэгийг орчуулах, шинэ шинэ нэр томьёогоор баяжуулах таатай нөхцөл бүрдсэн. Бид өнөөдөр Монгол хэлний тухай хууль, Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дүрэм болон холбогдох бусад хууль, тогтоомждоо эрдэм мэдлэгийг өвлөх, хөгжүүлэх, тэдгээртэй холбоотой нэр томьёогоо боловсронгуй болгон ажиллах талаар тусгасан” хэмээв. Мөн улс орны хөгжил дэвшлийн үндэс болсон шинжлэх ухаан, технологийн хөгжлийн нэн чухал хэсэг болох нэр томьёоны асуудлыг төр засгаас онцгой анхааран, хэлний болон нэр томьёоны бодлогыг шинжлэх ухаан, технологи,  улс төр, нийгэм эдийн засаг, боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлттэй нягт уялдуулан зохицуулах ёстой. Салбар бүр хамтын ажиллагаагаа өргөжүүлж, нэр томьёо, мэргэжлийн үг хэллэгээ жигдлэн, оноон боловсруулж технологийн хөгжлийг тусган, өөрийн орны төдийгүй гадаад улс оронтой төвөггүй харьцах, судлан шинжлэх ажил ахицтай урагшилна гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм.

Энэхүү олон улсын хурлыг санаачилсан өнөөгийн Хэл зохиолын хүрээлэн нь Шинжлэх Ухааны Академийн ууган хүрээлэн бөгөөд 1924 оноос эхлэн шинжлэх ухааны нэр томьёо судлалд онцгойлон анхаарч Улсын нэр томьёоны комиссыг байгуулж салбар бүрийн нэр томьёог оноон тогтоох, хэвшүүлэх, судлах зорилгоор олон арван цуврал толь бичиг эрхлэн хэвлүүлж “Улсын нэр томьёоны комиссын мэдээ” 147 боть, “Нэр томьёоны цуврал бичиг” 10 дугаар, Орос-Монгол нэр томьёоны 3 боть толь, “Үгийн учир” 3 боть зэрэг нийтдээ 170 орчим нэр томьёоны толь бичиг, цуврал бичиг хэвлүүлжээ. Мөн шинжлэх ухааны олон салбарын 170 мянга гаруй нэр томьёоны сан бүрдүүлсэн. Өнгөрсөн онд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс 12251 толгой нэр томьёо бүхий шинжлэх ухааны түлхүүр нэр томьёоны цахим тайлбар толийг бүтээсэн байна.


ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал Ж.Бат-Ирээдүй хурлыг нээж хэлсэн үгэндээ, Улс орны хөгжил дэвшлийн үндэс болсон шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд нэр томьёо нь нийгмийн бүх салбарт даруй шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болж байгааг төр засгаас онцгой анхаарч, хэлний болон нэр томьёоны бодлогыг шинжлэх ухаан, технологи, улс төр, нийгэм эдийн засаг, боловсролын талаар төрөөс баримтлах бодлого, төлөвлөлттэй нягт уялдуулах ёстой. Нэр томьёоны асуудал бол зөвхөн хэлний тухай асуудал биш. Шинэ мэдлэг, мэдээллийг тээгч нэр томьёог боловсронгуй болгох үйл ажиллагааг зохицуулах нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлж, хууль зүй, улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, техник технологи, боловсрол гэх мэт нийгмийн бүх салбарын хөгжилтэй холбоотой чухал зүйл гэдгийг хэлэлцэхэд өнөөдрийн олон улсын эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол оршиж байгааг тэмдэглэлээ.


Эрдэм шинжилгээний хуралд Австрийн Венийн их сургуулийн зөвлөх профессор, Олон улсын нэр томьёоны мэдээллийн Инфотерм төвийн захирал Кристиан Галински “Нэр томьёоны салбар дахь хамтын ажиллагаа” сэдвээр, Европын Парламентын Нэр томьёоны зохицуулах албаны дарга Родольф Малиас “Европын Холбооны нэр томьёоны байгууллагууд, IATE Европын Холбооны нэр томьёоны цахим сан, их сургууль хоорондын хамтын ажиллагаа” сэдвээр, БНСУ-ын Конгянг их сургуулийн Анагаахын хиймэл оюун ухааны сургуулийн профессор Ки Сун Чой “Бичвэрийн их өгөгдлөөс мэдээлэл авахад олон нийтийн оролцоонд тулгуурлах нь” сэдвээр, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор О.Шинэбаяр “Монгол нэр томьёо судлалын хөгжлийн асуудалд” сэдвээр тус тус үндсэн илтгэлийг тавьж, хэлэлцүүлэв.


Түүнчлэн "Нэр томьёо ба шинжлэх ухаан, технологийн хөгжил" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал нь “Салбарын нэр томьёоны хөгжил”, “Нэр томьёо ба хэлний технологи” гэсэн хоёр салбар хуралдаанаар үргэлжилж, эрдэмтдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлаас зөвлөмж гаргаж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх юм байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл