ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ: Улсын Их Хурал - Энэ долоо хоногт /2018.06.11-15/

  2018-06-18 09:10  479

 

Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо, Төрийн ордонд 2018 оны 06-р сарын 12-нд зөвлөлдөх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх: Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдэвтэй тус зөвлөлгөөнийг Монгол Улсын Их Хурлаас НҮБ-ын Хүн амын сан, Азийн хүн ам, хөгжлийн нийгэмлэг, Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбоотой хамтран зохион байгуулав. 2018.06.11 http://www.parliament.mn/n/z3jy


 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Л.Мөнхбаатар, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа. УИХ-аас Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдөр баталсан бөгөөд энэ хугацаанд нийт 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. 2018.06.11 http://www.parliament.mn/n/zijy


 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэв. Мөн хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Төгсөлд нь Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийнүзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.06.12 http://www.parliament.mn/n/33jy

 


“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын уулзалтыг нээж УИХ-ын дарга М.Энхболдын хэлсэн үг. 2018.06.12 http://www.parliament.mn/n/ajjy


 

Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн Төрийн ордонд эхэллээ. 2018.06.12 http://www.parliament.mn/n/abjy

 


“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөний эхний хэсэг “Хүн ам зүйн шилжилт, хүн ам зүйн насжилт” сэдвээр явагдаж, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын гишүүн Хектор Аппухами хурлыг удирдлаа. 2018.06.12 http://www.parliament.mn/n/a3jy

 


“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын үдээс хойшхи зөвлөгөөн “Залуучууд, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх” болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд парламентчдын гүйцэтгэх үүрэг” сэдвүүдээр үргэлжиллээ. 2018.06.12 http://www.parliament.mn/n/3bjy


 

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар гэр хорооллын дахин төлөвлөлт, дахин барилгажуулалт, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилгын засвар, үйлчилгээ, орон сууцтай холбоотой бусад асуудлыг цогцоор шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналын дагуу Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг батлав. Үргэлжлүүлэн 1995 оноос өмнө тогтоолгосон тэтгэвэр болон тэтгэврийн доод хэжээг нэмэгдүүлэх, нэг удаагийн тэтгэмжийг нөхөн олгуулах асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэн Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан саналыг тусган Монгол Улсын Засгийн газарт Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөхөөр тогтлоо. 2018.06.12 http://www.parliament.mn/n/aijy

 


УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн “Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх мэдээлэл”-ийг сонсов. Хуралдааны төгсгөлд Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимд хийв. 2018.06.12 http://www.parliament.mn/n/apjy

 


УИХ-ын дэд дарга Я.Санжмятав БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Боловсрол, шинжлэх ухаан, соёл, эрүүл мэндийн хорооны орлогч дарга Лю Чиан тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцов. 2018.06.12 http://www.parliament.mn/n/3fjy

 


УИХ-ын гишүүн, Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Ундармаа ноён Б.Н.Гауд тэргүүтэй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Талууд хоёр орны боловсрол, эрүүл мэнд, программ хангамж, шинжлэх ухаан, уул уурхай, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах өргөн боломж байгааг ашиглах, Монголын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг Энэтхэг улсад сургах, мэргэжил дээшлүүлэх бололцоог бүрдүүлэх, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг эрчимжүүлж, бэхжүүлэх зэрэг асуудлыг хөндөж, санал солилцов. 2018.06.12 http://www.parliament.mn/n/3jjy

 


УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Тайландын парламентын бүлгийн дарга Х.Болорчулуун Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөнд оролцохоор ирсэн Тайландын Вант Улсын парламентын гишүүн, Хүн ам, хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жетн Сиратранонттай уулзлаа. 2018.06.12 http://www.parliament.mn/n/3jjy


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв Үүний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Дараа нь Бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.06.13 http://www.parliament.mn/n/4fjy


УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх үеэр уг хуулийн төслийг төсөл санаачлагчид нь буцаав. 2018.06.13 http://www.parliament.mn/n/4pjy


УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр УИХ-ын гишүүнээс чөлөөлөхийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд -ийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн мэдээллийг сонсов. 2018.06.13  http://www.parliament.mn/n/4jjy


Улаанбаатар хотноо болсон “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт ээлжит зөвлөгөөнд оролцогч Ази, Номхон далайн бүсийн 13 орны парламентын 30 гаруй элч төлөөлөгч Төв аймагт зочиллоо. 2018.06.13 http://www.parliament.mn/n/4ijy


Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг Чингэлтэй дүүрэгт боллоо. Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг удирдаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны газрын дарга Б.Алимаа, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адьяа, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар болон Чингэлтэй дүүргийн ажил олгогч эзэд, хөдөлмөр эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо. 2018.06.13 http://www.parliament.mn/n/43jy

 

 

УИХ-ын гишүүн, Монгол, БНАСАУ-ын парламентын бүлгийн дарга О.Баасанхүү БНАСАУ-ын Ардын дээд хурлын депутат, БНАСАУ, Монголын парламентын бүлгийн дарга, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа. 2018.06.14 http://www.parliament.mn/n/5tjy


Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын депутат, Ардын Дээд Хурал дахь БНАСАУ-Монголын парламентын бүлгийн дарга, БНАСАУ-ын Дээд боловсролын сайд, Ким Ир Сений нэрэмжит их сургуулийн захирал Тэ Хён Чөл тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. 2018.06.14 http://www.parliament.mn/n/57jy


Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар эхлээд Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжив. Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулгын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжив. Дараа нь Монгол Улсын Их Хурлын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. 2018.06.14 http://www.parliament.mn/n/hfjy


УИХ-ын 2018 оны хаврын ээлжит чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлал, мөн  Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжив. Дараа нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг шаардлагагүй гэж үзэв. Дараа нь Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалын хэлэлцэхийг дэмжив. Үргэлжлүүлэн  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив.  Хуралдаанаар үргэлжлүүлэн Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд мөн  “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төсөл болон  Иргэний улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг тус тус хийв. 2018.06.14 http://www.parliament.mn/n/hjjy


УИХ-ын чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. Үргэлжлүүлээд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дараа нь “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж эхлэв. 2018.06.15 http://www.parliament.mn/n/h3jy


УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд М.Оюунчимэг гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад хандаж тавьсан “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”-х асуулгын хариуг сонсов. Үргэлжлүүлээд төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр харъяалах Байнгын хороодод шилжүүллээ. Дараа нь “Хуулийн төсөл буцаах тухай” УИХ-ын тогтоолын төсөл батлагдав. Энэ өдрийн хуралдааны төгсгөлд Төслийг буцаах тухай Байнгын хорооны саналыг дэмжсэнгүй. 2018.06.15 http://www.parliament.mn/n/7tjy


Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 2018.06.15 http://www.parliament.mn/n/7fjy

 

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

 

 

 


  2018-06-18 09:08  479