Цэс

Холбоо барих

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд сэтгүүлчдэд мэдээлэл өгөв

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал агуулгад хөндлөнгийн хяналт тавьж буй Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Ц.Сарантуяа, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, доктор Г.Чулуунбаатар нар өнөөдөр (2017.04.29) 14.30 цагт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа хэлэхдээ, 1992 онд баталсан, эдүгээ үйлчилж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх, эсэх асуудлаар анхдугаар зөвлөлдөх уулзалт болж байна. Энэ зөвлөлдөх уулзалтын зохион байгуулалтад Зөвлөлдөх зөвлөл анхнаас нь оролцож байгаа. Тухайлбал, УИХ-аас тогтоосон зургаан сэдвийн хүрээнд нийт санал асуулгад оролцогчдод хүргэх мэдээлэл бэлтгүүлэх, түүнийг хянах асуудлыг хариуцаж ажилласан.

Өнөөдөр хоёр дахь шатанд нийт санал асуулгад оролцсон 1570 хүний тэн хагас орчим нь буюу 735 хүн оролцож байна.  Эдгээр хүмүүс тус бүр 15 хүнтэй 49 хэсэгт хуваагдаж, УИХ-ын тогтоолоор баталсан сэдвийн хүрээнд өөр хоорондоо ярилцан, санал бодлоо солилцож, шинжээчдэд тавих асуултаа гаргаж, тодруулж байна. Энэ үйл ажиллагааг Зөвлөлдөх зөвлөлийн найман гишүүн анхааралтай ажиглаж байгаа. Бид ямар шалгуураар ажиглалт явуулах вэ гэсэн тодорхой шалгуур гаргасан. Тухайлбал, нөлөөнд автагдаж байна уу, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадаж байна уу, зохион байгуулалт, идэвх хэр зэрэг байна гэх зэрэг арван шалгуурын хүрээнд ажиглалт хийж байгаа.

Эхний сэдвийн хүрээнд буюу “Төрийн эрх мэдлийн хоорондын тэнцэл-хяналтыг хангах” гэсэн асуудлаар оролцогчид мэдээлэл авсныхаа дараа хэсэгт хуваагдаж хэлэлцүүлэг өрнүүлээд, үргэлжлэн явагдсан нэгдсэн хуралдаанаар үзэл бодлоо илэрхийлэн асуусан асуултад нь шинжээчид хариулт өгсөн. Зөвлөлдөх зөвлөлийн гишүүд бид энэ бүхнийг ажиглаад шинжээчид байр сууриа илэрхийлэхдээ эерэг болон сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой юм байна гэдгийг зохион байгуулагч, удирдаж байгаа УИХ-ын гишүүдэд анхааруулсан.

Одоо 2, 4 дүгээр сэдвийг хэлэлцэх гэж байна. Тухайлбал, “Ерөнхийлөгчийн эрх хэмжээг тодорхой болгох”, “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх”  асуудлыг хөндөж ярилцана. Энэ талаар УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж, оролцогчдод мэдээлэл хийсэн гэлээ.




Дараа нь сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авсан юм. “Санал асуулгад оролцож байгаа төлөөллийг хэрхэн сонгосон бэ, нөлөөнд автахгүй байх талаасаа боломж бүрдсэн гэж үзэж байна уу, ил тод нээлттэй байна уу, оролцогчид хоорондоо харилцан ярилцаж, ойлголцож чадаж байна уу, хоёр өдрийн дотор асуудлаа хэлэлцэж амжих уу, нэгдсэн тайлан мэдээ хэзээ гарах вэ” зэрэг асуултад Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Ц.Сарантуяа, Г.Чулуунбаатар нар хариулт өгөв.

Тэд “Иргэдийн оролцоог хангахын хувьд өргөн боломж олгосон юм байна гэж харлаа. Энд нийгмийн бүх давхаргын төлөөлөл иржээ. Харагдахуйц хөгжлийн бэрхшээлтэй, хүүхэд төрүүлээд удаагүй бүсгүйчүүд, бичиг үсэг сайн мэдэхгүй иргэд, оюутнууд, малчид байна. Тиймээс оролцоог сайн хангаж чадсан гэж хэлэхээр байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хүмүүст нэг хэсэгт орсон бусад хүмүүс нь хэлж өгч, тусалж байна. Бичиг үсэг сайн мэдэхгүй хэрнээ улсынхаа Үндсэн хуулийг боловсронгуй болгоход чин сэтгэлээсээ оролцож, идэвхтэй байгаа нь ажиглагдлаа. Хүмүүсийг нэг аймгаас, нэг дороос ирснээр биш нь 735 хүнийг дотор нь хүн амын жигд төлөөллийг харгалзсан санамсаргүй түүврийн аргаар дахин хуваарилж, биенээ мэдэхгүй, өндөр настай, хамгийн залуу, дээд боловсролтой, малчин зэрэг хүмүүсийг нэг хэсэгт оруулжээ. УИХ-ын Тамгын газар зохион байгуулалтыг нарийн хийж байна. Бүх ажил хөтөлбөрт заасан цаг, хугацааны дарааллаар явагдаж буй учир хоёр өдрийн дотор төлөвлөсөн бүх ажил бүрэн дуусах бололцоотой нь харагдлаа. Нэгдсэн тайланг санал асуулгын үр дүнд тулгуурлан боловсруулаад, УИХ-аас тогтоосон хугацаа буюу тавдугаар сарын 06 гэхэд зөвлөмж гарган УИХ-д өргөн барина.

Зөвлөмжийг үндэслээд УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай юу, үгүй юу гэдэг шийдвэрээ гаргаад явах учиртай. Бидний үүрэг зөвлөмж гаргаж өгснөөр дуусгавар болно. Энэ бүхний үр дүнг Үндсэн хуульд заавал өөрчлөлт оруулна гэсэн үг биш гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл түүвэр аргаар хийсэн судалгааны үр дүнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэсэн үр дүн гарах боломжтой” хэмээн хариуллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл