Канадын Парламентын Нийтийн танхимын дарга Монгол Улсад айлчилна

  2016-09-07 01:00  288

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид 2016 оны 9 дүгээр сарын 7-10-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
 
Айлчлалын хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нар хэлэлцээ хийнэ. Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Ерөнхий сайд, Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, УИХ дахь Монгол-Канадын парламентын бүлгийн гишүүдтэй тус тус уулзана.
 
Айлчлалын үеэр хоёр талын хамтын ажиллагааны зарим баримт бичиг, тухайлбал, Хөгжлийн туслалцааны тухай Засгийн газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичиг, хоёр орны парламентын Тамгын газар хоорондын Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
 
Канад Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш, Хойд Америк дахь стратегийн чухал түнш орон бөгөөд томоохон хөрөнгө оруулагч орон юм. Түүнчлэн Канадын Засгийн газар ирэх 4 жилд нийт 55,4 сая канад долларын өртөг бүхий хөгжлийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөрийг манай улсад хэрэгжүүлэхээр шийдвэрлээд байна. Эдгээр төсөл нь уул уурхайн олборлох салбарын болон байгалийн баялгийн менежментийг сайжруулах, нийтийн албаны ил тод байдлыг дэмжих, сарлагийн ноос болон ноолууран бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, баялгийн болон хүнсний аюулгүй байдлыг сайжруулах зэрэг чиглэлээр хэрэгжих юм. 
 
Мөн төлөөлөгчид Канадын бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, "Канад сан”-гийн хэрэгжүүлж буй зарим хөтөлбөрийн үйл ажиллагаатай танилцана.
 
Энэхүү айлчлал нь Монгол, Канадын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, улмаар Монгол, Канадын харилцааг “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэхэд чухал ач холбогдолтой юм.  
 
Канад Улсын Парламентын Нийтийн танхимын
дарга Жиофф Реганы товч намтар
Канадын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган нь 1959 онд Нова Скошиа мужид төрсөн. Хуульч мэргэжилтэй. Канадын Либерал намын гишүүн.
 
Тэрбээр 2015 оны 12 дугаар сарын 3-нд Канад Улсын Парламентын Нийтийн танхимын 36 дахь даргаар сонгогдсон. 
 
1993-2000 онд Канад Улсын Нийтийн танхимын гишүүн, 2001-2003 онд Нийтийн танхимын Засгийн газрын Парламентын нарийн бичгийн дарга, 2003-2006 онд Канадын Загас агнуур, далайн асуудал эрхэлсэн сайдаар тус тус ажиллаж байсан.  
 
2006 оны Парламентын сонгуулийн дараа сүүдрийн Засгийн газрын гишүүн, Либерал намын байнгын хорооны гишүүн, Байгаль орчны тогтвортой байдлын байнгын хорооны дэд дарга, Байгаль орчны байнгын хорооны даргын албыг тус тус хашжээ. 
 
2008-2011 онд  Нийтийн танхимын Байгалийн баялгийн байнгын хорооны дэд дарга, сүүдрийн Засгийн газрын гишүүнээр тус тус ажилласан.

Улсын Их Хурлын Тамгын газрын

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


  2016-09-22 23:54  288