Олон Улсын Парламентын Холбооны зочид, төлөөлөгчид МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа

  2019-05-28 08:30  132

        

    Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулганд оролцож буй зочид, төлөөлөгчид Төв аймгийн Зуунмод сумын Мэргэжил сургалт үйлвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Төлөөлөгчдийг Төв аймгийн ИТХ-ын дарга Ц.Энхбат, МСҮТ-ийн захирал Б.Жаргалмаа нар угтан авсан юм.


 

    МСҮТ-ийн захирал Б.Жаргалмаа энэ үеэр хэлсэн үгэндээ, энэ онд 13 мэргэжлээр 350 гаран хүүхэд суралцаж байна. Төр, засгаас тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудалд анхааран МСҮТ-ийг дэмжин ажиллаж байна. Тухайлбал, МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад  2019 оноос сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэмж олгодог болсон. Энэ нь суралцагч оюутнуудын тоог нэмэгдүүлэх, тэднийг бодитоор дэмжиж байгаа томоохон шийдэл болсон гэдгийг онцолж байлаа. Мөн Зуунмод МСҮТ гадны төсөл хөтөлбөрүүдтэй хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллахаас гадна багшлах боловсон хүчний чадавхийг дээшлүүлэхэд анхаарч байгаагаа төлөөлөгчдөд танилцуулав.


 

    Төлөөлөгчид МСҮТ-ийн дадлагын байруудад очиж, оюутнуудын дадлага хичээлийн явцыг сонирхсон юм. Тогтвортой хөгжлийн зорилгыг хангах чухал үзүүлэлт бол мэргэжилтэй боловсон хүчин билээ. Хүн бүрийг ядуурлаас ангид байлгахын тулд ажилтай, боловсролтой байлгах нь төр засгийн бодлогоос хамаардаг. Энэ  чиглэлээр Монгол төрийн бодлого газар дээрээ хэрхэн хэрэгжиж байгааг харлаа. Газар дээр нь ирж биечлэн танилцахад маш их ирээдүй харагдаж байна хэмээн Шинэ Зеланд улсын Парламентын гишүүн Дэвид Картер ярьж байлаа.


     

    Манай улсын хэмжээнд 83 Мэргэжил сургалт үйлвэрлэлийн төв байдгаас дөрөв нь Төв аймагт байдаг аж. Сүүлийн жилүүдэд МСҮТ-үүдэд суралцах хүсэлтэй хүүхэд залуусын тоо нэмэгдэж байгааг сургуулийн багш нар хэлж байв. Судалгаагаар МСҮТ-ийн нийт төгсөгчдийн 70 гаруй хувь ажлын байртай байдаг гэсэн мэдээлэл байна. Иймээс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангах хүрээнд МСҮТ-ийг дэмжих нь зүйтэй гэдэг дээр Олон Улсын Парламентын Холбооны гишүүд санал нэгдэж байсан юм хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


  2019-05-28 18:00  132