Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв

  2019-01-24 14:08  400


    Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.01.24) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 35 минутад гишүүдийн 53.3 хувийн ирцтэй эхэлж, дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

    Хуралдааны эхэнд Улсын Их Хурлын дарга М.Энхболд Пүрэв, Баасан гарагийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсан. Хэлэлцэх асуудалтай холбогдуулж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадаадад албан томилолттой яваа тул Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хойшлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь нь дэмжлээ.

    Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын санаачлан боловсруулж өргөн мэдүүлсэн “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай”, “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай”, “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай”, “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” гэсэн дөрвөн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуралдаанаараа уг тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжих нь зүйтэй гэж үзсэн байна.

    Хуралдаан “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв. Энэ талаарх холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан. 


   Хуралдаанд Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо болон холбогдох албан тушаалтнууд оролцов. 

    Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Билэгт асуулт асууж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Б.Энх-Амгалан нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ. Ажлын хэсгийн гишүүн С.Бямбацогт хариултдаа, тогтоолын төсөл нь Төрийн албаны зөвлөлийн  үйл ажиллагааг тодорхой болгож, улс төрөөс хараат бус бие даасан байх нөхцөл бүрдүүлснийг онцолж байсан. 

   Тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй гурван саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, дүрмийн төслийн “Нийтлэг үндэслэл” гэсэн нэг дэх хэсгийн 1.5 дахь заалтын “Зөвлөл үйл ажиллагаагаа бие даан явуулах нөхцөлийг хангахад Засгийн газар дэмжлэг үзүүлнэ” гэснийг, мөн 2.1.4 дэх дэд заалтын “төрийн албан хаагчийг хууль тогтоомжийн дагуу шагнаж урамшуулах” гэснийг тус тус хасахаар болсон. Ингээд “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Үргэлжлүүлэн “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


     Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ц.Даваасүрэн, М.Билэгт нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүдийн зүгээс төрийн албаны хүний нөөцийн бодлого алдагсаныг онцлоод төрийн албаны бүтэц данхайсан, албан хаагчийн мэдлэг, чадавхи сул, иргэдэд хүнд сурталтай үйлчилгээ үзүүлж байгааг цэгцлэх шаардлагатайг анхааруулж байв. 

    Тогтоолын төсөлтэй холбогдуулж Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Тэргүүн  түшмэл АА-2”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Орон  тооны шинжээч” гэж, мөн “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Эрхэлсэн түшмэл АА-5”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Ахлах референт” гэж, “Албан тушаалын ангилал зэрэглэл” гэсэн баганын “Ахлах түшмэл АА-6”, “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба” гэсэн хэсэгт “Референт” гэж тус тус нэмэхээр тогтлоо. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн. 

    Хуралдаан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр үргэлжлэв.


    Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсны дараа Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, Л.Элдэв-очир нар асуулт асууж, санал хэлсэн. 

    Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар төрийн албаны бүтэц цомхон байснаараа илүү дархлаатай болохыг онцолж байсан бол Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт иргэдийг аюулгүй, амгалан тайван амьдруулах, сурч боловсрох, эрүүл аж төрөхөд төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны орон тоог нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага байгааг тодотгов. Харин төрийн захиргааны албан хаагчдын бүтэц бүрэлдэхүүнд зайлшгүй дүн шинжилгээ хийж, цомхон чадварлаг болох шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хариултдаа төрийн албаны бүтэц данхайх асуудалд ялгамжтай хандахыг онцлохын зэрэгцээ одоогоор 191 мянган төрийн албан хаагч байгаагийн 135 мянга нь төрийн үйлчилгээ, 37 мянга нь төрийн тусгай, 19 мянга нь төрийн захиргааны албан хаагч байгааг тодотгов.

    Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооноос дэмжсэн Ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томьёоллоор санал хураахад гишүүдийн олонх дэмжлээ. Тухайлбал, тогтоолын төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-III”, “Улс төрийн албан тушаал” гэсэн хэсэгт “Шадар сайд гэж,  мөн төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-IVА”, “Тусгай албан тушаал” гэсэн хэсэгт “Монголбанкны Ерөнхийлөгч” гэж, төслийн хавсралтын “Зэрэг зиндаа” гэсэн баганын “ТӨ-VI” “Захиргааны албан тушаал” гэсэн хэсэгт “Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга” гэж,  төслийн хавсралтын “Адилтгах албан тушаалын зэрэглэл” гэсэн баганын “ТӨ-VIА”, “Тусгай албан тушаал” гэсэн хэсэгт “Монголбанкны” гэсний дараа “тэргүүн дэд” гэж тус тус нэмэхээр тогтсон. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.


    Хуралдааны төгсгөлд “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийсэн. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил, Н.Учрал, Б.Баттөмөр нар асуулт асууж, санал хэлэв.

     Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүдийн асуултад хариулахдаа, Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан эрх зөрчсөн эсэх маргааны талаар өмнө нь Төрийн албаны зөвлөл зөвлөмж, дүгнэлт гаргадаг байсан. Харин өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн эрхийг нэмэгдүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан талаарх маргааныг хянан шийдвэрлэхээр болсныг онцолж байлаа. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлагааны цаг болсон тул тогтоолын төслийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



  2019-01-24 13:29  400