УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг Азийн паралимпийн хорооны ерөнхийлөгч Мажид Рашидтай уулзав
Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн Паралимпийн наадмын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид Азийн Паралимпийн хорооны ерөнхийлөгч Мажид Рашидтай уулзав.
Уулзалтаар Монголын Азийн паралимпийн тамирчдыг дэмжих, Монголд паралимпийг төрлүүдийг хөгжүүлэх, 2020 онд болох Токиогийн олимпод Монголын тамирчдын оролцох бололцоог нэмэгдүүлэх талаар Байнгын хорооны даргын тавьсан хүсэлтүүдийг Мажид Рашид нааштайгаар хүлээн авч буйгаа илэрхийлсэн юм. Түүнчлэн 2019 онд олимпийн эрх авах тэмцээнүүдэд Монголын паралимпийн тамирчид, дасгалжуулагч, шүүгчдийг сургах, дадлагажуулах, техник тоног төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлэх, Монгол Улсад шинээр хөгжиж байгаа паралимпийн төрлүүдийг хөгжүүлэхэд тусламж үзүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Ганболд, Монголын паралимпийн холбооны удирдлагууд оролцов.
УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Солонгос Улсын Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд Ро Тэкан, тус улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Ли Мён Хо, Япон Улсын паралимпийн хорооны дэд ерөнхийлөгч Масаюки Мизуно, Азийн паралимпийн наадмыг зохион байгуулах хорооны дарга Ража Сапта, Октохари нартай уулзав.
УИХ-ын гишүүд Азийн паралимпийн наадамд оролцож байгаа тамирчидтай уулзлаа
Бүгд Найрамдах Индонез Улсын Жакарта хотноо зохион байгуулагдаж байгаа Азийн паралимпийн наадамд оролцож байгаа Монголын баг тамирчидтай УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн Д.Ганболд нар уулзаж ярилцлаа.
Энэ удаагийн наадамд Монголын баг 40 гаруй тамирчин, 20 гаруй дасгалжуулагч, багш, эмч, менежерүүдийн хамт оролцож байгаа бөгөөд 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөх жүдо бөхийн 66 кг-ын жинд А.Мөнхбат хүрэл медаль аваад байна.
УИХ-ын гишүүд Азийн паралимпийн тоглолтын нээлтэд улсаа төлөөлөн оролцож, эмэгтэй суугаа волейбол, сурын харвааны тэмцээнүүдийг үзэж, тамирчдын хотхонд зочилж, баг тамирчдынхаа санал хүсэлтийг сонсож ярилцлаа.
Уулзалтын үеэр паралимпийн тамирчдын цалин хөлс бага, нийгмийн халамжийн зарим асуудал орхигддог, мөн бэлтгэл сургуулилт хийхэд хүндрэлтэй гээд асуудал олон байдаг талаар тамирдчын гаргасан санал хүсэлтийг судалж, холбогдох байгууллагуудтай хамтран шийдвэрлэх талаар ажиллахаа УИХ-ын гишүүд илэрхийллээ.
Наадмын үеэр УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг Азийн паралимпийн наадмын тэргэнцэртэй туялзуур сэлэмний эрэгтэйчүүдийн А, Б ангиллын шагналыг гардуулсан юм.