Цэс

Холбоо барих

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 24 дэх дугаарын тойм

Эмхэтгэлийн энэ улирлын сүүлчийн дугаарт, Үндэсний баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэллээ. Хуулийн холбогдох заалтын “далай” гэснийг хасч, энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө энэ хуулиар тогтоосон болзлыг хангасан бөхөд харгалзах цолыг олгохоор заасан байна. Уг хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөх аж.

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг нийтлэв.

Тогтоолоор гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг бүртгэлжүүлэн мэдээллийн сан бүрдүүлэх, нийгмийн халамж болон сэтгэл засал, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байранд зуучлах зэрэг тэднийг нийгэмшүүлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвтөө тусган хэрэгжүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.

Мөн гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг бодлогын болон мэргэжил, арга зүйн зөвлөлгөөгөөр хангаж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд үүрэг болгосон байна. Үүний зэрэгцээ Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Амьдрах ухаан-сургалт үйлдвэрлэлийн тусгай төвийн үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн баталж, үйл ажиллагааг өргөтгөн шинэчилж зохион байгуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд даалгаасан байна.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Улсын тэргүүний /загвар/ сум шалгаруулах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Улсын тэргүүний /загвар/ сум нь шалгаран шагнагдсан шагналынхаа мөнгөний 90 хувийг тухайн суманд үйлдвэрлэл, үйлчилгээг өргөжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд зээл олгох, сумын төвийн тохижилтыг сайжруулахад зориулахаар тогтоожээ.

Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчдын орон тоог бууруулах, зардал хэмнэх чиглэлээр ямар асуудлыг шийдвэрлэхээр үүрэг болгосныг Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолоос мэдэж болно. Тэдгээрийн дотор чиг үүргийн давхардалтай эсхүл нэг төсвийн ерөнхийлөн болон төвлөрүүлэн захирагчийн харьяанд байгаа чиг үүрэг ойролцоо, харилцаа уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсөвт байгууллагуудыг нэгтгэн зохион байгуулах замаар удирдлагын зардлыг бууруулах, Засгийн газрын тусгай сангууудын зориулалт, зохицуулалт, үйл ажиллагааг оновчтой болгох, давхардлыг арилгах, зарцуулалтын үр ашгийг сайжруулах зорилгоор улсын төсвөөс дийлэнх санхүүжилтээ авдаг тусгай сангуудыг төсөвт шингээх, биеийг нь даалгах, Засгийн газрын тусгай сан, үндэсний зөвлөл, хороо, төслийн ажлын албадыг харьяалагдах төсвийн захирагчийн үндсэн харьяалалд нэгтгэх замаар татан буулгах, бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагын газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөх зэрэг орон тоог цөөлөх, цомхотгохыг үүрэг болгожээ.

Түүнчлэн төсвөөс санхүүжилттэй боловч өөрийн орлогоор санхүүжилтийн тодорхой хэсгээ бүрдүүлдэг төсвийн байгууллага, улсын үйлдвэрийн газруудыг аж ахуйн тооцоонд шилжүүлэх замаар улсын төсвөөс үе шаттайгаар гаргах арга хэмжээ авах, яам, агентлаг, төсөвт байгууллагууд төв, орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан төсвийн хөрөнгөөр олон нийтэд зайлшгүй мэдээлэх хууль тогтоомж, албан ёсны шийдвэр болон тэдгээрийн хэрэгжилтийг сурталчлан таниулахаас бусад зорилгоор өөрийн байгууллага, хамт олныг рекламдах, телевизийн шоу уралдаан, тэмцээн зохион байгуулах, цуврал олон ангит кино хийхгүй бөгөөд баяр ёслол, байгууллага, салбарын ой, тэмдэглэлт өдөр зохион байгуулахтай холбогдуулан төсвийн хөрөнгөөр мэндчилгээ илгээх, бэлэг дурсгалын зүйл, цүнх, календарь зэрэг зүйлс бэлтгэх, ивээн тэтгэхийг дээрх Засгийн газрын тогтоолоор хориглож байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл