Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

  2018-12-04 16:24  164

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.12.04/ хуралдаанаар Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.


    Төслийн талаар төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар танилцуулав.

    УИХ-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар сум, дүүргийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлагыг томилж, чөлөөлөх эрхтэй болсон бөгөөд уг зохицуулалтыг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.

    Дээрх хуулийн өөрчлөлтийг 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөд бэлтгэл ажлыг хангах шаардлагатай байгаагийн зэрэгцээ шинэчлэн баталсан бусад хуультай хэрхэн уялдах талаар зайлшгүй эргэж харах шаардлага үүсээд байна хэмээн УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар хэллээ.


    Улс төрөөс хараат бус, шударга, ил тод, хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэх, төрийн албан хаагч тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэргэшлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар, мэргэжлийн ёс зүйгээр тодорхойлогддог болох нөхцөл баталгааг хангах, чадахуйн зарчим буюу иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө.

    Гэтэл улс төрийн албан тушаалтан буюу сум, дүүргийн Засаг дарга тэрийн үйлчилгээний албан тушаалтныг томилж, чөлөөлөх нь мэдлэг, чадвартай иргэдэд нээлттэй өрсөлдөж, төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерын шатлан дэвших бололцоог төрийн албанд нэвтрүүлэхэд томоохон хязгаарлалт болж болзошгүй байна гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Тиймээс Боловсролын тухай хуульд 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгож хойшлуулах зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.

    Хуралдаан даргалагч хуулийг батлан хэрэгжүүлснээр улсын төсөвт ямар нэг байдлаар нөлөөлөх эсэх, Засгийн газрын байр суурь ямар байгааг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагаас тодруулсан юм.


    Салбарын сайд, уг хуулийг баталснаар төсөвт ямар нэг нэмэлт зардал гарахгүй гээд төсөлд тусгасан асуудлыг салбарын яам бодлогын түвшинд дэмжиж байгаа гэсэн хариулт өгөв.

    Харин УИХ-ын гишүүн Х.Баделхан Боловсролын тухай хуульд 2000 оноос хойш хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсныг тодруулсан юм.


    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Боловсролын тухай хуульд 24 удаа нэмэлт, өөрчлөлт орж байсан. Томилгоотой холбоотой өөрчлөлт хоёр удаа орсон гээд салбарын яам Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгаа гэсэн мэдээллийг өгсөн.


    Мөн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, УИХ-аас 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр баталсан Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх цаг нь хараахан болоогүй хэмээгээд боловсролын байгууллагын удирдлагыг томилох асуудалд нухацтай хандах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн.

    Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь нь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ


  2018-12-04 16:10  164