Цэс

Холбоо барих

Зөвлөлдөх санал асуулгын хоёр, дөрөвдүгээр сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг хийлээ

Төрийн ордонд өнөөдөр (2017.04.29) эхэлсэн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зохион байгуулж буй анхдугаар зөвлөлдөх санал асуулгын хоёр дахь шат үргэлжилж байна.



Үдээс хойш 14.20 цагт зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар сэдэв болох “Үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх, энэ чиглэлд ажил үүргийн давхардлыг арилгах үүднээс Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох”, дөрөвдүгээр сэдэв буюу "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх" талаар хэсэг тус бүртээ хэлэлцүүлэг хийлээ.



Зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар сэдвийн хүрээнд:

- Ерөнхийлөгчийг 4 жилийн хугацаатайгаар сонгодог байсныг 6 жилийн хугацаатайгаар сонгох, ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлын өргөтгөсөн хуралдаанаас сонгодог болох, 1 удаа улируулан сонгодог байсныг зөвхөн 1 удаа сонгохоор өөрчлөх саналыг Үндсэн хуульд тусгах эсэх;

- Үндсэн хуульд заасан Ерөнхийлөгчийн хууль санаачлах, Засгийн газарт чиглэл өгөх зарлиг гаргах эрхийг хасах талаар яригдаж байна. Дээр дурдсан Ерөнхийлөгчийн эрхийг хассах эсэх талаар ярилцсан юм.

Үүний дараа “Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх” дөрөвдүгээр сэдвээр хэсгүүд хэлэлцүүлэг явууллаа.


Дөрөвдүгээр сэдвийн хүрээнд:

- Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэл, хотод гэж хуваахаар өөрчлөлт оруулах. Аймаг нь сум, хотод, сум нь баг, тосгонд, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдах асуудал;

- Баг, хороо, тосгоны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга шууд томилж болох тухай асуудлыг Үндсэн хуульд тусгах эсэх талаар хэсгүүд хэлэлцүүлэг өрнүүлж, хэлэлцүүлэг 16.20 цагт өндөрлөлөө.

Одоо дээрх хоёр сэдэв тус бүрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хэсгүүдээс гаргасан асуултад экспертүүд хариулт өгнө гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл