Цэс

Холбоо барих

“Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өндөрлөлөө

   

     “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний хурлын 3 дугаар салбар хуралдаан  Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд  үргэлжилж,   хуралдааныг Монгол улсын Гавьяат хуульч Н.Лувсанжав даргаллаа. 

    Энэ үеэр “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Хууль, эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяа “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт -2019: Баялгийн сан” сэдвээр тавьсан илтгэлдээ, өнөөдөр дэлхийд 120 баялгийн сан 11 их наяд ам.долларын хөрөнгийг таван төрлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгааг онцлоод энэхүү баялгийн сангуудын  үйл ажиллагааны зарчим, эрх зүйн зохицуулалт, баялгийн сангийн эрэмбийн талаар танилцуулахын сацуу Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөлд баялгийн сан байгуулахад зайлшгүй тусгах зохицуулалтын талаар дурдав. 

    Сэдвийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, судлаач О.Батнайрамдал, А.Мөнхболд нар баялгийн сангийн талаар санал хэлж, хуралдаанд оролцсон Ардын Их Хурлын депутатууд асуулт асууж, хариулт авлаа. 


    Гавьяат хуульч Н.Лувсанжав хуралдааны төгсгөлд хэлсэн үгэндээ, Баялгийн сангийн талаар ганц цаг яриад өнгөрөх бус цаашдаа өргөн хүрээнд олон удаа хэлэлцүүлэг хийх шаардлагатай сэдэв гэдэг нь харагдаж байна. Тиймээс эрдэм шинжилгээний хурлаас гарах зөвлөмжид баялгийн сангийн чиглэл, хөрөнгийн эх үүсвэр, орлого, эрх зүйн орчныг бүрдүүлэх, сангийн хөрөнгийн удирдлагыг бие даан ажиллах зарчмыг тодорхой болгох, улс төрөөс хараат бус байлгах, сангийн тухай хуулийг Үндсэн хууль болон бусад хуульд нийцүүлэх, уг хуулиа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогуудтай уялдуулах, сангийн хөрөнгийг удирдах үйл ажиллагаанд олон нийтийг хяналтыг зохистой хэлбэрээр хэрэгжүүлэх зэрэг асуудлыг тодорхой тусгах шаардлагатай  байна” гэдгийг онцлон тэмдэглэв.

    Хуралдаан Улс төрийн намын салбар хуралдаанаар үргэлжилж, хуралдааныг Trends.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Болор-Эрдэнэ даргалсан. 

    Энэ хүрээнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн профессор, Хууль зүйн ухааны доктор Д.Гангабаатар “Улс төрийн намын бодлого, үйл ажиллагааг Үндсэн хуулиар зохицуулсан нь” сэдвээр илтгэл тавив. Тэрбээр илтгэлдээ, улс төрийн намын үйл ажиллагааг Үндсэн хуулиар зохицуулдаг, зохицдаггүй улс гэж хувааж үздэг. Ардчилал удаан тогтсон хөгжингүй орнууд иргэний хуулиар улс төрийн намын үйл ажиллагаа зохицуулсан байдаг бол ардчилал хөгжиж буй, дайн, хувьсгал, нийгмийн шилжилт, тогтолцоогоо  өөрчилсөн орнуудад Үндсэн хуулиараа улс төрийн намын үйл ажиллагааг зохицуулж, хязгаарласан байдгийг дурдав. Мөн тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд улс төрийн намын талаар тусгасан шинэ зохицуулалт, ач холбогдлын талаар танилцуулсан.  


    Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Улс төрийн намын тухай хуулийг шинэчлэн найруулах төсөлд УИХ-ын гишүүн Н.Энхболд, судлаач Ц.Мөнхцэцэг, Д.Энхцэцэг,  Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн асан Д.Ламжав нар санал хэлж, хуралдаанд оролцсон Ардын Их Хурлын депутатууд асуулт асууж хариулт авав. 

    Хуралдаанд оролцогсод уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд улс төрийн нам нь улсын хэмжээний бодлого дэвшүүлэн ажиллах асуудлыг хуульчлах, сонгуулийн эрх бүхий иргэдийн нэг хувиас доошгүй тооны дэмжлэг авсны үндсэн дээр улс төрийн нам байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, иргэдийн нэг хувиас доошгүй дэмжлэг гэдэг нь намын гишүүнчлэлээс ялгаатай болох ойлголт гэдгийг нарийвчлан зохицуулах, намын санхүүжилтийн эх үүсвэр, зарцуулалт ил тод байх зэрэг асуудлыг тусгайлан нарийвчлан зохицуулах, шаардлагатай талаар санал хэлснээр хуралдаан өндөрлөв. 


    Салбар хуралдаанууд ийн өндөрлөсөн тул Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Н.Цогтсайхан “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний нэгдсэн хуралдааныг хааж, үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, Бидний дараагийн шатны зорилтууд нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагалдах органик хуулиудад оруулах нэмэлт, өөрчлөлт, эрх зүйн зөв механизмыг бүрдүүлэх явдал гэдгийг тодотгохын зэрэгцээ УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн агуулга, үзэл санаанд нийцүүлэх эрх зүйн шинэтгэх хийх хүрээнд 40 гаруй хууль тогтоомжийг шинээр болон шинэчлэн батлахаар төлөвлөж байгааг онцоллоо. Түүнчлэн тэрбээр эрдэм шинжилгээний хуралд үе үеийн хууль тогтоогчид, эрдэмтэн судлаачид төдийгүй тухайн асуудал хариуцсан салбарын яам, агентлагуудын төлөөлөл оролцож байгаад талархал илэрхийлэхийн сацуу тэдний санал эрх зүйн шинэтгэлийн үйл ажиллагаанд үнэтэй зөвлөмж болон ашиглагдана гэдгийг дурдав. 


  Ингээд таван салбар хуралдаан буюу Хууль тогтоох ба гүйцэтгэх эрх мэдлийн хяналт- тэнцэл, Шүүх эрх мэдэл, Нутгийн удирдлага, Байгалийн баялгийн зохицуулалт ба үндэсний баялгийн сан,  Улс төрийн намын салбар хуралдаан бүрээс Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн агуулга үзэл баримтлалын талаар нэг мөр ойлголттой болж, дагалдан гарах хууль эрх зүйн механизмыг бүрдүүлэх асуудалд тодорхой саналууд гаргасныг “Монгол Улсын Үндсэн хууль ба эрх зүйн шинэтгэл” эрдэм шинжилгээний хурлаас гарах зөвлөмжийн төсөлд тусгажээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 



Хуваалцах:

Холбоотой мэдээлэл