НББСШУБХ: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

  2018-10-10 15:30  357

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2018.10.10/ хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.


Төслийн үзэл баримтлалыг хуулийн төсөл санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсан.

Тэрбээр, “Цэргийн албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д төрийн тусгай алба, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан журмын дагуу үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах,..төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх,..албан тушаалд хамаарахаар  тус тус тодорхойлсон.

Цэргийн албан хаагчийн хөдөлмөрийн энэхүү онцлог байдлаас шалтгаалан 25-аас доошгүй жил алба хаасан эрэгтэй, 20-иос доошгүй жил алба хаасан эмэгтэй бол нас харгалзахгүйгээр цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгож, энэхүү тэтгэврийн харилцааг Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар зохицуулдаг. Энэхүү хуулийн зохицуулалтад цэргийн албан хаагчаас гадна тагнуул, цагдаа, авилгатай тэмцэх, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын тусгай алба хаагчид хамрагддаг ба эдгээр албан хаагчийн өдөр тутмын бүхий л үйл ажиллагаа нь дүрэм, журмаар зохицуулагддаг, цагийн хязгааргүй  хөдөлмөр, байнгын бэлэн байдалд сэтгэл зүйн хүнд нөхцөлд алба хаах, гадаадад энхийг дэмжих ажиллагаанд оролцон урт хугацаагаар үүрэг гүйцэтгэх болон амь нас, эрүүл мэндийн эрсдэлийн төвшин өндөр байдгийг харгалзан тэдний эрх зүйн байдал, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн хамгааллын бусад асуудлыг тусгайлан авч үзэн хуулиар зохицуулж ирсэн ба цаашид ч зохицуулах шаардлагатай байна” гэлээ.


Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2018 оны 2 сарын 2-ны өдрийн хуулийг дагаж Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 хэсэгт өөрчлөлт орж, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсон. Энэхүү өөрчлөлт нь тус салбарт ажиллаж байгаад цэргийн тэтгэврээ 2019 оноос тогтоолгож байгаа албан хаагчдад хохиролтой тусч байна. Тухайлбал, энэхүү өөрчлөлтөөр тооцоход ахлагчийн тэтгэвэр нэг сард 30704-33512 төгрөгөөр, офицерын тэтгэвэр 48787-70081 төгрөгөөр,  ахлах офицерын тэтгэвэр 12834-35831 төгрөгөөр тус тус буурахаар байна хэмээн тэрбээр нэмж хэлсэн.  

2018 оны эхээр цэргийн байгууллагаас цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, тэтгэмж авахаар хүсэлт гаргах нь ихэсч байгаа нь энэхүү эрх зүйн байдал дордсон зохицуулалт нөлөөлж байна гэж төсөл санаачлагчид үзсэн бөгөөд зөвхөн цагдаагийн байгууллагаас жилд дунджаар тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргадаг алба хаагчдын тоо даруй тав дахин өссөн хэмээн онцоллоо.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж батлуулах шаардлага нь хэдийгээр иргэд даатгуулагчдыг тэтгэвэрт гарах насанд ойртох үедээ 5 жил дараалан шимтгэлээ өндрөөр төлж, бусад жилүүдийн цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон төлөхөд хүргэж байгаа нь тэтгэврийн сангийн орлого багасаж, тэтгэврийн зардал, улмаар сангийн алдагдал нэмэгдэхэд нөлөөлж байгаа гэж үзэн залруулах алхам боловч түүнийг дагаж тушаалаар ажил үүргээ гүйцэтгэдэг, тодорхой эрхүүдээ хуулиар хязгаарлуулдаг, байнгын бэлэн байдалд ажиллаж амьдардаг онцлогтой төрийн тусгай албан хаагчдын тэтгэвэр буурах ёсгүй хэмээн үзэж буйгаа төсөл санаачлагч илэрхийлсэн.  Ийнхүү тэтгэвэр буурах нь зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, цагдаагийн байгуулага, хил хамгаалах, шүүхийн шийдвэр, шүүхийн шинжилгээ, онцгой байдал зэрэг байгууллагын олон мянган албан хаагчдын итгэл мөхөсдөх, сөрөг уур амьсгал бий болох улмаар ажлын бүтээмж буурах, салбарын хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрэх сөрөг үр дагавартай гэж үзжээ.


Дээрх шаардлагыг үндэслэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулсан бөгөөд тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж цалин хөлсийг сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг 60 сард хуваан тооцохоор байсныг 2019 оноос 6 жил буюу 72 сар, 2020 оноос 7 жил буюу 84 сарын цалин хөлсний нийлбэрийн дунджаас тооцохоор болсоныг буцаан дараалсан таван жил болгохаар тусгажээ.

Хуулийн төслийн үзэл баримтлалын талаар гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Тухайлбал УИХ-ын гишүүн М.Билэгт, тэтгэвэр тогтоолгоход баримтлах сарын дундаж хөлсийг тооцохдоо зөвхөн цэргийн албан хаагчид гэж онцлох нь хэр зүйтэй вэ хэмээн тодруулж байсан. Энгийн иргэд ч мөн адил дараалсан 6, 7 жилийн цалингийн дунджаас бус 5 жилийн дунджаас тооцон тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгааг дурдсан.

Түүнчлэн гишүүд нийгмийн даатгалын сангийн алдагдлыг буруулах талаар, дээрх хуулийн төсөл батлагдсаны дараа шаардагдах хөрөнгө ирэх оны төсвийн төсөлд суусан эсэх асуудлаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Мөн УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг үндэсний шигшээ багийн тамирчдын цалин, тив дэлхийн чанартай тэмцээнд оролцож буй тамирчдын нийгмийн баталгаа, урамшуулал, паралимпийн тамирчдын уралдаанд тэмцээнд оролцох зардлын асуудалд хүндрэл учирч буй асуудлаар байр сууриа илэрхийлж, ирэх оны төсөвт тамирчдад тулгарч буй хүндрэлийг шийдэх мөнгийг тусгах асуудлаар холбогдох яам анхаарч ажиллахыг хүссэн.

Ингээд дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.9 хувь нь хэлэлцэхийг дэмжсэн тул Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Ажлын хэсгийн тайланг сонслоо

Мөн хуралдаанаар Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, соёл урлагийн байгууллагын үйл ажиллагаатай танилцан соёл, урлагийн салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах ажлын хэсгийн тайланг хэлэлцэв.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг тайланг танилцуулсан.


Тус ажлын хэсэгт УИХ-ын гишүүн Л.Болд, М.Билэгт, А.Ундраа, Л.Энх-Амгалан, С.Эрдэнэ нар ажиллаж, ажлын дэд хэсэгт Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яам, Гаалийн Ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, соёл судлаачид, төрийн бус байгууллагын холбогдох албан тушаалтнууд багтсан байна.

Ажлын хэсэг удирдамжид заасны дагуу соёл, урлагийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, Үндэсний номын сан, ГЕГ-ын харьяа Сайншанд дахь Гаалийн газар, говийн бүсийн аймгуудын байгаль, түүхийн дурсгалт газруудын нөхцөл байдал, соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, тулгамдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх, цаашид холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулж, эрх зүйн орчинг шинэчлэх талаар байгүуллагууд болон иргэдийн саналыг авч, төсөв, орон тоо, хамгаалалт, ажиллагсдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа зэрэг асуудалтай танилцан, Байнгын хорооны тогтоолд тусган Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзжээ.

Соёлын тухай хуулийн 21 зүйл, заалтаас үр дүнтэй буюу 90-100 хувийн хэрэгжилттэй 13 заалт, тодорхой үр дүнтэй буюу 70 хувийн хэрэгжилттэй 4 заалт, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувийн биелэлттэй 1 заалт, үр дүнгүй буюу 0-30 хувийн хэрэгжилттэй 2 заалт байна хэмээн Ажлын хэсгийн ахлагч танилцууллаа.

Тэрбээр, “Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихтай холбоотой 7 заалт байгаа ба бүгд эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувийн биелэлттэй байгаа нь хангалтгүй, хэрэгжилт удаан зорилтот түвшиндээ хүрээгүй байгаа нь соёлын асуудал хариуцсан нэгжийн удирдлага, зохион байгуулалтын хариуцлагыг сайжруулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага байгааг харуулж байна.

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн хяналт шалгалтын дүнгээс харахад аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал сум, дүүргийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтыг батлан, хилийн зааг, хамгаалалтын дэглэм тогтоон хяналт тавих асуудал хангалтгүй, соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй цаасан болон цахимаар бүрдүүлэх байдал буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгэх, мэдээллийг баяжуулах, тоон мэдээллийг шинэчлэх ажлыг Соёлын өвийн үндэсний төв хэрэгжүүлж байгаа бөгөөд 2017 оны байдлаар Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлсийн жагсаалтад орсон 212 дурсгалт зүйлийг дүрс бичлэгээр баримтжуулан, 11 дурсгалт зүйлийн тоон мэдээллийг 3D сканнер ашиглан цуглуулж боловсруулалт хийн мэдээллийг баяжуулжээ. Мөн хууль хяналтын холбогдох байгууллага /цагдаа, тагнуул, гаалийн байгууллага/-д хураагдаж, шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн 262 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэлийг үйлдэж хадгалсан байгаа бөгөөд тус төвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд төрийн болон орон нутгийн өмчийн 36 музей, мөн Монголбанкны Эрдэнэсийн сан, Үндэмний номын сангийн Үнэт ховор номын музей, Төвхөн хийд, Шанхын Баруун хийд, Гандантэгчилэн хийд, Данзанравжаа музей болон 20 аймгийн 257 сумын орон нутаг судлах музейд хадгалагдаж байгаа 35 955 ширхэг түүх, соёлын дурсгалт зүйлийн бүртгэл, соёлын биет бус өвийн 6700 гаруй өвлөн уламжлагчийн бүртгэл, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт 9537 газрын бүртгэл холбогдох гэрэл зураг, дүрс бичлэг бусад мэдээллийн хамт хадгалагдаж байна.

Мөн Соёлын өвийн үндэсний төвийн шинэ барилгын ажлын гүйцэтгэлд цэвэр, бохир, халуун хүйтэн усны шугамыг татах, гадна тохижилт, дэд бүтцийн ажилд 334.0 сая төгрөг, орон тоо, цалингийн санг нэмэгдүүлэх 371.0 сая төгрөг шаардлагатай байгааг анхаарч, 2019 оны Улсын төсөвт нэмж тусгах нэн шаардлагатай байна” хэмээн танилцуулсан.           

Ажлын хэсэг ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу ЮНЕСКО-д соёлын өвийг бүртгүүлж буй ажлын явц төлөвлөгөөтэй танилцан, Соёлын өвийн хадгалалт, хамгаалалт эрсдэлийн менежмент, олон улсын зах зээл, үнэлгээ, хамтын ажиллагаа, гааль, татвар, даатгалтай холбоотой тулгамдсан асуудлуудын талаар болон Соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн асуудал, ажлын байр нэмэгдүүлэх боломжийн талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсож, Шинжлэх ухааны байгууллагуудын ажлын уялдаа холбоо, байгаль дээрх биет өвийн хамгаалалтын талаархи мэдээлэл, судалгааг холбогдох байгууллагаас гаргуулан авах зэрэг ажлыг хийжээ.

2018 оны байдлаар төрийн болон орон нутгийн өмчийн соёл, урлагийн 430 байгууллагад 5496 хүн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 29 урлагийн байгууллага, 338 соёлын төв, соёлын ордон, 36 музей, 27 номын сан үйл ажиллагаа явуулж байна. Соёл, урлагийн салбарт ажиллагсдын 53 хувь нь мэргэжлийн, 47 хувь нь мэргэжлийн бус ажилтнууд байна гэсэн судалгаа, мэдээлэл байгаа аж.

2017 оны байдлаар соёлын ажилчдын дундаж цалин 563,4 мянган төгрөг байгаа нь улсын дундаж цалингаас 389,6 мянган төгрөгөөр бага гэсэн тооцоолол гарсан бөгөөд мэргэжлийн зэрэг, ур чадвар, үр дүнгийн болон орон нутагт ажилласан нэмэгдэл байдаггүй, цалингийн ангилал, зэрэглэл хэт доогуур байгаа нь соёл, урлагийн салбарын албан хаагчдын цалин, хөлс, нийгмийн баталгааны зардлыг нэмэгдүүлэх бодит шаардлагатайг харуулж байна гэлээ.

Соёлын салбарын төсөв нь 2010 онд тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүнд 0.6 хувь, улсын төсвийн орлогод 2.2 хувийг эзэлж байсан бол 2017 он дотоодын бүтээгдэхүүнд 0,28 хувь, улсын төсвийн орлогод 1.2 хувь болж буурсан байна.

Соёлын биет өвийн эх төрх, бүрэн бүтэн байдлыг хадгалахад музейн үүрэг чухлаар тавигддаг бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын байдлаар төрийн өмчийн 9 музейн эзэмшилд 27 барилга байгууламж, орон нутгийн өмчийн 19 музейн эзэмшилд 56 барилга байгууламж, нийт 83 барилга байгууламж ашиглагдаж байна. Төрийн өмчийн музейгээс өөрийн байргүй, орон нутгийн өмчийн барилга байгууламжийг түрээслэн үйл ажиллагаа явуулж байгаа 2 музей /Монголын Театрын музей, Монголын Уран зургийн галерей/, төрийн өмчийн барилга байгууламжийг хамтран эзэмших хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа 1 /Төрийн түүхийн музей/ музей байгаа бол, орон нутгийн өмчийн музейгээс өөрийн байргүй, орон нутгийн өмчийн барилга байгууламжийг хамтран эзэмших хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа 5 /Говьсүмбэр, Дархан-Уул, Орхон, Увс, Хөвсгөл аймгийн музей/ музей байгаа аж.

Төрийн өмчийн 9 музейн эзэмшиж байгаа 27 барилга байгууламжийн 4 нь музейн зориулалттай, 16 нь сүм хийд, ордны зориулалттай, 2 нь музейн сан хөмрөг, оффисын зориулалттай, 5 нь орон сууц, агуулах, худалдаа үйлчилгээ, сургуулийн зориулалттай барилга байгууламж байна. Орон нутгийн өмчийн 19 музейн эзэмшиж байгаа 56 барилга байгууламжийн 13 нь музейн зориулалттай 27 нь сүм хийд, ордны зориулалттай, 1 нь музейн сан хөмрөг, оффисын зориулалттай, 15 нь орон сууц, зочид буудал, худалдаа үйлчилгээ, номын сан, гэрэл зургийн студи гэх мэт музейн зориулалтын бус барилга байгууламжид үйл ажиллагаа явуулж байгаа юм байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн 36 музейн эзэмшиж байгаа барилга байгууламжид Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалтаар Байгалийн түүхийн музей, Хөшөө цайдам музей, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Ховд, Хэнтий аймгийн музейн эзэмшиж байгаа 12 барилга байгууламжид үйл ажиллагаа явуулах боломжгүй, зарим барилга байгууламжид их, бага хэмжээний засвар үйлчилгээ хийх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан байна. Мөн өнөөдрийн байдлаар түүх, соёлын дурсгалт зүйлс шаардлага хангахгүй нөхцөлд хадгалагдаж байна гэж Ажлын хэсэг үзжээ.

Төрийн болон орон нутгийн музейгээс хулгайд алдагдсан үзмэр, эд өлгийн зүйлийн талаар болон музейн үзмэр, эд өлгийн зүйлийг гадаадад үзэсгэлэнд оролцуулахаар явуулж эргэж ирээгүй асуудлуудад холбогдох хууль хяналтын байгууллагууд онцгой анхааран ажиллах шаардлага байгааг Ажлын хэсгийн ахлагч дурдсан.

Тус салбарт тулгамдаж байгаа нэг чухал асуудал бол Үндэсний урлагийн театр байгуулах асуудал бөгөөд 2008 оны улсын төсөвт 8 тэрбум төгрөг тусгагдсан боловч газрын асуудал шийдэгдээгүйгээс хөрөнгө хураагдсан, 2010 онд Тасганы овоонд 1.0 га газар олгосон боловч орох, гарах гарц дутмаг, орчны төлөвлөлт хийх зай талбай хүрэлцээгүй учир зураг төсөв хийх боломжгүй болсон зэрэг шалтгаанаас сүүлийн 20 гаруй жил хөөцөлдөж байгаа ч дээрх асуудлыг шийдвэрлэж чадахгүй байна.

Дээр дурьдагдсан соёл, урлагийн байгууллагуудын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар Засгийн газарт тогтоолоор үүрэг өгөх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзэж, тогтоолын төсөл боловсруулсан байна.

Ажлын хэсгийн тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Б.Саранчимэг, Ё.Баатарбилэг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд Ажлын хэсгээс боловсруулсан Байнгын хорооны тогтоолын төслийг ирэх хуралдаанаар хэлэлцэн батлахаар тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-10-10 15:30  357