Цэс

Холбоо барих

НББХ: Хорт хавдрын өвчлөлийн талаар мэдээлэл сонсч, Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.07/ хуралдаан 10.10 цагт эхэлж, Хорт хавдрын өвчлөл, өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсов.

ДЭМБ-ын харьяа Хорт хавдрын судалгааны агентлагийн 185 орныг хамруулсан 2020 оны статистик мэдээгээр жилд 19.2 сая хүн хорт хавдраар өвдөж, үүний улмаас 9.9 сая хүн нас баржээ.

Сүүлийн хоёр жилд манай улсад хорт хавдрын өвчлөл 2020 онд 6702, 2021 онд 5981 бүртгэгдсэн бөгөөд зонхилон тохиолдох хорт хавдрын өвчлөлийн бүтцэд элэгний хорт хавдар 32.7 хувь, ходоодны хорт хавдар 16.1 хувь, уушиг, гуурсан хоолойн хорт хавдар 7.5 хувь, улаан хоолойн хорт хавдар 5.7 хувь, умайн хүзүүний хорт хавдар 5.2 хувийг эзэлсэн байна хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээллээ.  


Хорт хавдрын өвчлөлөөр элэгний хорт хавдар нэгдүгээрт, ходоодны хорт хавдар хоёрдугаарт орж байгаа бол хорт хавдрын шалтгаант нас баралтаар нэгдүгээрт элэг орж, ходоодны хорт хавдар, улаан хоолойн хорт хавдар удаалсан аж.

Дэлхийн улс орнуудад хорт хавдрын өвчлөл улам бүр ихсэх төлөвтэй байгаа боловч нас баралтын түвшин улс орон бүрийн авч буй арга хэмжээнээс хамаарч харилцан адилгүй байгаа юм байна. ДЭМБ-аас 2040 он гэхэд манай улсад хорт хавдрын өвчлөлийн шинэ тохиолдол 11,647-д хүрч, хорт хавдрын шалтгаант нас баралт 8767 болж өснө хэмээн тооцон таамаглажээ.

Хавдраас шалтгаалсан нас баралт 1990 оноос хойш нас баралтын хоёр дахь шалтгаан болсоор байгаа бөгөөд 56.1 хувь нь эрэгтэйчүүд, насны хувьд 40-өөс дээш насныхан 94.9 хувийг эзэлж байгаа аж.

Жилд шинээр оношлогдож буй хорт хавдрын 72,4 хувь нь хожуу буюу 3-4 дэх үе шат буюу төгс эмчлэгдэх боломж багассан үедээ оношлогдож байгаагаас нас баралтын түвшин өндөр байна хэмээн сайд хэллээ.

2021 оны байдлаар 0-19 насны 115 хүүхэд хорт хавдраар өвчилсөн бөгөөд 55 хүүхэд нас баржээ. 2021 оны жилийн эцсийн байдлаар 24,141 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байгаагийн 456 нь хүүхдүүд байна.

ДЭМБ-аас хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлсэнээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хувь бууруулах боломжтой хэмээн зөвлөжээ.

Эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож байгаа хорт хавдрын өвчлөл болох умайн хүзүү, хөхний хавдрын чиглэлээр 2012 оноос эхлэн хүн амд суурилсан умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэг (скрининг)-ийг Монголын мянганы хөгжлийн сангийн санхүүжилтээр эхлүүлэн өнөөг хүртэл жил бүр зорилтот насны бүлгийн (30-60 нас) эмэгтэйчүүдийг гурван жилийн давтамжтайгаар хамруулж байгааг сайд С.Энхболд дурдсан.  

Эрүүл мэндийн сайдын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Журам батлах тухай” А/139 дүгээр тушаалаар гаргасан журмын дагуу “Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоо”-г орон даяар 2022 оны 5 дугаар сарын 1-ны өдрөөс эхлүүлээд байна. Энэ үзлэгээр улаан хоолой, ходоод, элэг, уушги, бүдүүн шулуун гэдэс, хөх, умайн хүзүүний хавдрыг эрт илрүүлэх боломжтой хэмээн сайд хэллээ.

2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд улсын хэмжээнд 98,846 хүн хамрагдсанаас 56.1 хувь нь Улаанбаатар хотод, 43.9 хувь нь орон нутагт хамрагдсан байна

Цаашид хорт хавдраас сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж батлуулах,  Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн үндэсний сүлжээг Монгол улсын эрүүл мэндийн байгууллагыг түшиглэн бий болгож үр дүнтэй, зөв зохион байгуулагдсан тогтвортой хяналтын тогтолцоог “Хорт хавдрын урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлгийн нэгж”-д ажиллах эмч, мэргэжилтнүүдийн мэргэшүүлэх сургалтыг тасралтгүй зохион байгуулах шаардлагатай байна хэмээн С.Энхболд сайд мэдээлсэн.

Мөн хавдрын эмчилгээний төвлөрлийг бууруулах, орон нутагт хийх чадамжийг сайжруулах цогц арга хэмжээ төлөвлөх, хүний нөөцийг чадавхжуулах, багаар тасралтгүй сургах үйл ажиллагааг дэмжих, хорт хавдрын оношилгоонд хэрэглэдэг молекул, генетикийн оношилгооны лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх, хавдрын мэс засал эмчилгээг эрхтэн хадгалах (минималь инвазив), дурангаар хийх чиглэлд хөгжүүлэх, шаардлагатай багаж хэрэгслийн хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлага бий болоод байгаа аж.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хорт хавдрыг эмчлүүлэхэд их хэмжээний мөнгө хэрэгтэй болдог, энэ нь өрхийн орлогод хүндээр тусдагийг дурдаад, хорт хавдрын зургаан сарын эмчилгээнд 4-80 сая төгрөгийг зарцуулж байгаа энэ үед эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй агаар, ус, эрүүл ахуйн асуудалд анхаарах шаардлагатай байгааг онцолсон. Тэрбээр урьдчилан сэргийлэлт, эрт илрүүлэлт, Эрүүл мэндийн даатгалын санхүүжилт, ард иргэдээс ирж буй хүсэлт, гомдол гээд энэ асуудлаар өргөн хүрээтэй ярилцаж, холбогдох газар, албан тушаалтнуудад чиглэл өгөх нь зүйтэй гэдгийг ч дурдаж байлаа.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, манай улс ямар төрлийн хавдрын мэс заслыг амжилттай хийж байгаа, эндээ эмчлэх боломжгүй гээд гадаад орныг зорьсон иргэдийн эмчилгээ хэр амжилттай болдог, оношилгоо гадны эмнэлгийнхтэй таардаг эсэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хэдий хэрийн хөрөнгө төсөвлөсөн талаар тодруулсан.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хариулснаар, манай улс урьдчилан сэргийлэх үзлэгт жилд 20 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгадаг байсан бол энэ жил 60.8 тэрбум төгрөг зарцуулахаар тусгасан байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах иргэдийг насны бүлгээр зургаан хэсэгт хуваан 12-19 төрлийн шинжилгээ хийж байгаа бөгөөд долоон төрлийн хавдар оношлох, зонхилон тохиолддог зүрх, судасны өвчлөлөөс гадна цус, биохими, сахарын шинжилгээг оруулсан гэлээ. Эдгээр үзлэгээр ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох боломжтой бөгөөд ямар нэг эргэлзээтэй шинж тэмдэг илэрвэл нарийвчлан оношлох юм байна.

Хавдрын мэс заслын хувьд манай улсын эмч мэргэжилтнүүд сайн бэлтгэгдсэн гэж сайд хариулсан бөгөөд орчин үеийн тоног төхөөрөмжүүдийг ашиглаж эхэлснээр оношлох чадамж дээшилсэн гэлээ. Гэхдээ манай оронд цусны зарим төрлийн, тархины гүний хорт хавдар, зүрхний хавхлагын болон хүүхдийн зарим төрлийн хорт хавдрыг эмчлэх боломжгүй байгаа хэмээсэн. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмчилгээний аргыг нэвтрүүлснээр цаашид боломжууд нэмэгдэнэ гэдгийг ч мөн хэлсэн.

УИХ-ын гишүүд хорт хавдрын өвчлөл, оношилгоо, эрт илрүүлэлт, урьдчилан сэргийлэлт болон бусад асуудлаар асууж тодруулан, үг хэлж байр сууриа илэрхийлсэн. Мөн энэ асуудлыг Байнгын хорооны хуралдаанаар дахин хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад Байнгын хорооны тогтоолоор чиглэл өгөх асуудлыг мөн хөндсөн юм.

Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

Дараа нь Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулав.

Байнгын хороо Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийг баримтлан хуулийн төслүүдийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нэгдсэн бүртгэл, мэдээллийн сангийн талаар, УИХ-ын гишүүн С.Чинзориг, Б.Жаргалмаа нар амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгож байгаа нь давхардуулж олгож байгаа эсэх талаар асуулт асуусан юм.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Донор болон эрхтэн шилжүүлэн суулгах шаардлагатай иргэдийн мэдээлэл бүхий мэдээллийн сан бий. 360 гаруй амьд донороос ямар эрхтэн шилжүүлэн суулгасан, цусны бүлэг, хүлээгдэж буй эрхтний талаар гэх мэт бүхий л мэдээллийг багтаасан. Гэхдээ үүнийг хуульд тусгаж өгөхгүй бол Хууль зүй, дотоод хэргийн яам бүртгэдэггүй. ЭМЯ хянаж явах зохицуулалттай болгохоор хуулийн төсөлд тусгасан гэсэн хариулт өгсөн.

УИХ-ын гишүүн С.Чинзориг амьгүй донор даатгуулагч бол нийгмийн даатгалын сангаас оршуулгын тэтгэмж олгогдоно, даатгуулагч биш бол тэтгэмж олгогдохгүй бөгөөд нийгмийн халамжийн сан, улсын төсөв хэлэлцэхэд тус зардлыг тусгах шаардлагатай тул Байнгын хорооны санал дүгнэлтэд тэмдэглүүлж саналаа илэрхийлсэн.

Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед хууль санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Монгол Улсын Их Хурлын чуулганы дэгийн тухай хуулийн  20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасны дагуу Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг татаж авсанаа мэдэгдсэн юм.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд зарчмын зөрүүтэй саналыг нэг бүрчлэн хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, Байнгын хорооны тогтоол баталлаа

Мөн хуралдаанаар Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй танилцаж, Байнгын хорооны тогтоолын төсөл хэлэлцэв.

Санал, дүгнэлтийг Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа танилцуулсан юм.

Ажлын хэсэг Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан ахмад настанд үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Төрийн болон хувийн хэвшлийн ахмад настны асрамжийн газар болох “Ахмад настны үндэсний төв”, “Батгэрэлт ирээдүй” ТББ-ын дэргэдэх Хөгжлийн бэрхшээлтэй хүний асрамжийн газар, Ватиканы төлөөлөгчийн газрын дэргэдэх Дарь эх дэх ахмад настны эмэгтэйчүүдийн асрамжийн газар, Увс аймаг дахь Баруун бусийн ахмад настны асрамж, үйлчилгээний төв, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж, үйлчилгээний төв зэрэг асрамжийн газрууд болон ахмад настанд “өдрийн үйлчилгээ” үзүүлж буй “86400” ТББ-ын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцжээ.

Түүнчлэн ажлын хэсгийн гишүүд Хэнтий, Орхон, Хөвсгөл, Увс аймгуудад ажиллаж, аймгийн Засаг дарга, ИХТ-ийн дарга болон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, орон нутгийн ахмадын сувиллын үйл ажиллагаа, ахмадын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулан, Ахмадын сангийн үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилтийн явцад тулгамдаж буй асуудлууд болон цаашид хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцсон байна.


Ажлын хэсэг дээрх газруудад ажиллахдаа ахмад настны нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэтгэвэр, тэтгэмж, тусламж, дэмжлэгийг үе шаттайгаар нэмэгдүүлэх, ахмад настны амьжиргаа, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог төрийн бодлогоор дэмжих, ахмад настанд чиглэсэн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, “Ахмадын сан”, “Ахмадын өргөө”, “Ахмадын амралт сувилал” зэрэг ахмад настанд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, төсөв, санхүүгийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, орон нутгийн түвшинд ахмадад чиглэсэн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх шаардлага үүсч байгаа талаар харилцан ярилцаж, санал солилцсон хэмээн танилцуулсан.

Ахмад настны тухай хууль 2017 онд батлагдан мөрдөж эхэлсэн бөгөөд ахмад настанд үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгаа, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн төсөв, үйл ажиллагааны орлогоосоо цалингийн нийт сангийн 3 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгөөр “Ахмадын сан” байгуулан ажиллах хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа бөгөөд энэ талаарх хууль, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох хэрэгцээ шаардлага бий болсон байна гэж Ажлын хэсэг дүгнэжээ.

Тиймээс дараах үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгөх нь зүйтэй гэж үзсэн байна. Үүнд:

1/Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-д заасны дагуу Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Ахмад настны тухай хууль болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаас өмнө өргөн мэдүүлэх;

2/Ахмад настны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ”-г үнэлэх, шинэчлэх, зарим төрлийн үйлчилгээг санхүүжүүлэх төсвийг “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ, дэмжлэг, хөнгөлөлт”-ийн ангиллаас тусад нь “Ахмад настанд үзүүлэх үйлчилгээ” гэсэн зардлын ангилалаар нийгмийн халамжийн сангийн төсөвт тусгах;

3/Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Ахмадын сангийн хэрэгжилтийг сайжруулах хүрээнд төсөвт байгууллагууд тухайн жилийн төсвийн төсөлдөө ахмадын санд төвлөрүүлэх хөрөнгийг тусган батлуулж, ахмадын санг байгуулан Монголын Ахмадын холбоотой хамтран ажиллах;

4/Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, санхүүжилтийг үр ашигтай, ил тод зарцуулах, нийгмийн хөгжилд ахмад настны оролцоог нэмэгдүүлэх;

5/Ахмад настны тухай хуульд заасан ахмадын зориулалттай амралт, сувиллын газрын эрхийн бичгийн нэг ор, хоногт нийгмийн халамжийн сангаас олгох  хөнгөлөлтийн хэмжээг инфляцийн өсөлттэй уялдуулан 2023 оноос нэмэгдүүлэх тооцоо судалгааг хийх;

6/Улсын хэмжээнд сум бүрийг Ахмадын өргөө”-тэй болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж, Ахмадын өргөөний урсгал зардал, ажиллаж буй ахмадын урамшууллыг тухайн орон нутгийн төсөвт тусгаж, санхүүжүүлэх;

7/Нийгмийн халамжийн үйлчилгээг үе шаттай цахимжуулах хүрээнд 2022 онд багтаан Ахмад настны бүх төрлийн үйлчилгээг ehalamj.mn системд шилжүүлэх;

8/Орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төрөлжсөн асрамжийн газрын барилга байгууламж, засвар, хөрөнгө оруулалтын шаардлагатай зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган шийдвэрлэх, орон нутгийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагааг сайжруулах;

9/Геронтологийн үндэсний төвийн барилга угсралтын ажлыг эрчимжүүлэх, шаардлагатай санхүүжилтийг 2023 оны Улсын төсөвт тусгаж,  2025 онд ашиглалтад оруулах;

10/Ахмад настанд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг (оношлогоо, эмчилгээний нэр төрөл, өрөө тасалгааны тоо хүртээмж, мэргэшсэн эмч, мэргэжилтний тоо) нэмэгдүүлэх;

11/Ахмад настны эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ажлын хэсэг дээрх асуудлуудыг тусган Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газарт “Чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ.

Байнгын  хорооны тогтоолын төсөлтэй холобгдуулан УИХ-ын гишүүд асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд хуралдаанд оролцсон гишүүд тогтоолын төслийг батлахыг дэмжсэн юм.

Үргэлжлүүлэн 2022 оны 06 дугаар сард хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоол баталлаа. Тус Байнгын хороо 06 дугаар сард Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл,

Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн зарим гишүүдийг чөлөөлөх, томилох  тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эцэст нь Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой хяналтын сонсголыг 2022 оны 06 сарын 13-ны өдрийн 14.00 цагаас хийхээр товлосноор хуралдаан өндөрлөлөө хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл