Цэс

Холбоо барих

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2022 оны 15 дугаарын тойм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаарт Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудлыг түшиглэн “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс” байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тогтоолоор Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн газрын талбайн хэмжээг 1000 га-аар тогтоож, газрын байршил, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбицлыг баталсан байна.

Мөн дугаарт “Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай” Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигийг нийтэлсэн бөгөөд зарлигаар Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Одын Очийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Европын Холбооны дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лувсанвандангийн Болдыг томилжээ.

Түүнчлэн эмхэтгэлийн шинэ дугаарт “Журам шинэчлэн батлах” тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг нийтэлсэн бөгөөд тогтоолын хавсралтаар “Засгийн газрын гадаад зээллэгийн хөрөнгийг дамжуулан зээлдүүлэх журам”-ыг баталсан байна. Уг журмаар Засгийн газрын гадаад зээллэг, тухайн зээллэгтэй холбоотой буцалтгүй тусламж (цаашид “гадаад эх үүсвэр” гэх)-ийн болон дотоод эх үүсвэрээс бүрдүүлсэн хөрөнгийг дотоодод дамжуулан зээлдүүлэх нөхцөл, шаардлагыг тогтоож, дамжуулан зээлдүүлэх зээлийн гэрээ байгуулах, гэрээнд оролцогч талуудын үүрэг, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, төлбөр, тооцоо бүртгэх, тайлагнах, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хяналт тавих, хариуцлага тооцохтой холбогдсон харилцааг зохицуулна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 


Хуваалцах:

Холбоотой мэдээлэл