Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.11.30) үдээс хойших нэгдсэн хуралдаан 15 цаг 12 минутад эхэлж, Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүнээс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналыг үргэлжлүүлэн хэлэлцлээ.
Улсын Их Хурлын нэр бүхий 27 гишүүн Монгол Улсын Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, 43 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт болон 12 дахь заалтыг баримтлан 7 үндэслэл дурдаж Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах саналаа 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэн.
Нэр бүхий гишүүдээс Ерөнхий сайдыг огцруулахаар гаргасан саналыг чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхэлсэн бөгөөд энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асуухаар нэрсээ өгсөн 12 гишүүн Ерөнхий сайдаас асуулт асууж тодруулан хариулт авсан. Харин чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан, А.Ундраа, Ё.Баатарбилэг, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Д.Ганболд, М.Билэгт нар Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв.
Мөн Ерөнхий сайдыг огцруулах эсэхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Н.Номтойбаяр, С.Чинзориг, Х.Болорчулуун, Ц.Мөнх-Оргил, Ц.Гарамжав, Н.Амарзаяа, Л.Болд, М.Оюунчимэг, Д.Хаянхярваа, Н.Цэрэнбат, Ж.Эрдэнэбат, Н.Учрал, Д.Тэрбишдагва, О.Баасанхүү, Д.Эрдэнэбат, Ч.Улаан, С.Жавхлан, М.Энхболд, С.Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ж.Мөнхбат, Ж.Батзандан, Ц.Нямдорж, З.Нарантуяа, Б.Жавхлан, Б.Пүрэвдорж, Т.Аюурсайхан, С.Бямбацогт нарын 50 гишүүн үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ, олон жил хүлээгдэж байгаа нефть боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих, мөн эрчим хүч, хөнгөн болон хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, хүнс гээд манай Засгийн газраас хийж хэрэгжүүлж байгаа ажлууд бий. Эхлэл нь тавигдсан ажлууд ч бас байгаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бодит ажил хэрэг болгохын төлөө Засгийн газар бололцооны хэрээр ажиллаж байна.
Би Ерөнхий сайд болсноос хойш нийгэмд шударга ёс тогтоох, сахилга бат, дэг журам, ажлын хариуцлагыг төрийн албаны бүх шатанд хэрэгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангаж тогтвортой хадгалах гэсэн гурван зүйлийг гол болгон ажиллаж байгаа. Энэ зарчмаа Ерөнхий сайдаар томилогдох үедээ хэлж байсан, цаашид ч энэ зарчмаа тууштай барьж ажиллана.
Мөн цаашид МАНАН-гийн дэглэмийн эсрэг хатуу байр суурь барьж ажиллах болно. Энэ хүрээнд зарим албан тушаалтанд ёс зүйн болон улс төрийн хариуцлага хүлээлгэх асуудал ч бий. Нөгөө талаар хууль хяналтын байгууллагууд бие даасан, хараат бусаар үйл ажиллагаа явуулахад ихээхэн анхаарах шаардлагатай нь тод харагдаж байна. Хуулийн байгууллагууд улстөрждөг, улс төрийн зэвсэг болж хувирсан байна. Уг нь хууль хяналт, шүүх, прокурорын байгууллага хамгийн шударга ажилладаг байх ёстой. Үүний төлөө хамтарч тэмцэх, мөн томоохон хэргүүдийн ард хамтдаа гарах хэрэгтэй байна.
Одоо бид эх орноо бодох цаг болсон. Тиймээс нийгмийн шударга ёсны төлөө хамтдаа тэмцэхийг эрхэм гишүүд та бүхэнд уриалж байна. Засгийн газар огцорсон ч, эс огцорсон ч нийгэмд шударга ёс тогтоохын төлөө би тэмцэх болно, энэ байр суурин дээрээ хатуу зогсох болно гэлээ.
Ингээд Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжье гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 73 гишүүний 33 нь буюу 45.2 хувь нь дэмжиж, 40 нь буюу 54.8 хувь нь татгалзсанаар чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийг огцруулах шаардлагагүй гэж үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.