Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

  2018-05-15 15:49  686

    

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.15) хуралдаан 55.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 39 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Засгийн газраас 2018 оны тавдугаар сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт улсын бүртгэлийн үйл ажиллагааг онлайн горимд шилжүүлж, үндэсний цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх, “Нэг иргэн, нэг бүртгэл” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар бүртгэлийн тогтолцоог үе шаттай төгөлдөржүүлэх, бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй бөгөөд ил тод, нээлттэй болгох чиглэлээр одоо үйлчилж буй эрх зүйн орчныг сайжруулах, олон улсын чиг хандлагад нийцүүлэн боловсронгуй болгох юм байна. Засгийн газрын 2018 оны 42 дугаар тогтоолоор баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д ч бүртгэл, мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлсэн талаар Сангийн сайд дурдав. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамтаар УИХ хэлэлцэх явцдаа 2018 оны нэгдүгээр сард “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг буцаах тухай” УИХ-ын тогтоол гаргахаар шийдвэрлэсэн юм. Иймд төслийг холбогдох шаардлагад нийцүүлэн дахин боловсруулж, зарчмын шинжтэй дараах өөрчлөлтүүдийг тусгасан гэв. Үүнд, хуулийн зорилтыг нарийвчилж, тодорхой тусгасан байна. Нэр томъёог тодорхой болгох, бүртгэлийн бусад хуультай уялдуулах, цахим үнэмлэхний хэрэглээг нэмэгдүүлэхтэй холбоотой зохицуулалт, улсын бүртгэлийн суурь харилцааг хуулийн хүрээнд нийтэд ойлгомжтой байдлаар зохицуулах, мэдээллийн сантай холбоотой харилцаатай холбоотой асуудлаар холбогдох өөрчлөлтүүдийг нэмж тусгасан байна. 


Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Очир бүртгэлийн байгууллагын программ, техник хангамжийн талаар болон мэдээллийн нууцлалыг хамгаалах талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авсан юм. Мөн хуулийн этгээдийн бүртгэлд ашгийн болон ашгийн төлөө бус гэдгийн ялгааг нарийвчилах зохицуулалт төсөлд тусгагдаагүй учрыг лавлав. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамтаар Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүлсэн. Уг төсөлд гишүүний хэлж буй асуудал тусгагдаагүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хэллээ. Учир нь ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг компани буюу нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн эрх зүйн орчин нарийн зохицуулалтгүй явж ирсэн байна. Иймээс ч ашгийн төлөөх хуулийн этгээд нийгмийн тусын тулд ашгийнхаа тодорхой хувийг зарцуулахад түүнийг нь татвараас хөнгөлөх эсэх, төрийн бус байгууллага болон нийгэмд үйлчилдэг байгууллага үйл ажиллагаа явуулахтай холбоотой татварын асуудал мөн хөндөгддөг байна. 10 жилийн өмнө 5000 орчим байсан төрийн бус байгууллага 2017 оны арванхоёрдугаар сарын байдлаар 18300 болсон. Өөрөөр хэлбэл, төрийн бус байгууллага нэрээр халхавчлан ашгийн төлөөх үйл ажиллагаа явуулах байдал түгээмэл байна. Бизнесийн үйл ажиллагаа ийм бүртгэлтэй байхаар хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулах, хувь эзэмшил, өмчлөл, өв залгамжлах асуудал хөндөгдөхөд эрсдэл учирдаг. Иймээс энэ асуудлыг хуулийн хүрээнд нарийн зааглах шаардлага бий. Салбарын яамнаас энэ чиглэлээр иж бүрэн судалгаа хийж, хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа гэлээ. Энэ хүрээнд Компанийн тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Төрийн бус байгууллагын тухай, Иргэний хууль зэргийн уялдааг хангах байдлаар асуудлыг цогцоор шийдвэрлэх боломжтой гэж үзсэн байна. Хуралдааныг даргалаж  буй Л.Мөнхбаатар гишүүн бүртгэлийн байгууллагын шинэ барилгын явцын талаар тодруулж, хариулт авсан. Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэж буйтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Оюундарь санал хэллээ. Бизнесийн байгууллагууд цаг үеийн шаардлагаар технологийн дэвшлийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн иргэдийн хурууны хээгээр олон төрлийн үйлчилгээгээ хүргэж байгаа ч төсөлд “хаалттай мэдээлэл” гэсэн ангилалд тусгахаар оруулсан байгааг анхаарах шаардлагатай гэлээ. Аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүй, мөн нууцлалыг хадгалахтай холбоотой асуудлыг нарийвчлах, шашны байгууллагуудын бүртгэлийг нягтлах талаар болон иргэдэд таатай бүртгэлийн тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллах саналыг хэлсэн юм. Ингээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжих томъёоллоор санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд энэ талаарх санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов. 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив

    Үргэлжлүүлэн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Төсөл санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.


Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2015 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр баталж, мөрдөж байгаа бөгөөд 8 бүлэг 28 зүйлтэй. Энэ хуулиар Монгол Улсад хуулийн этгээд шинээр үүсэн байгуулагдсан, өөрчлөн байгуулагдсан, татан буулгасныг болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлийн мэдээллийн санд бичгээр болон цахим хэлбэрээр бүртгэх, иргэн хуулийн этгээдэд лавлагаа олгох, улсын бүртгэл хөтлөхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг байна. Гэсэн ч зарим зохицуулалтыг нягталж боловсронгуй болгох, хуулийн хэрэгжилт үр нөлөөг дээшлүүлэх, холбогдох бусад хуульд нийцүүлэх шаардлага үүссэн гэв. Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төслөөр зарчмын шинжтэй өөрчлөлтүүд орсноос гадна хуулийн нийт зүйл, заалтын талаас илүү буюу 14 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт орж байгаа тул Хууль тогтоомжийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ. Төсөлд хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах, бүртгэлийн зарим суурь харилцааг хуулийн хүрээнд илүү тодорхой болгох, бүртгэлийн байгууллагын зарим чиг үүргийг нийтэд ойлгомжтой болгох зорилгоор зарчмын шинжтэй өөрчлөлтүүдийг тусгасан байна. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлд хамаарах бүртгэлийн хугацааг шинэчлэн тогтоох замаар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн байгууллагаар үйлчлүүлэх хугацааг багасгах, өргөдөл гаргагчийн хуулийн этгээдийн нэрээ баталгаажуулснаас хойш 10 хоногийн дотор бүртгэлийн байгууллагад өргөдлөө гаргахаар заасан хугацааг уртасгаж тогтоосон байна. 


Танилцуулгатай холбогдуулан Ц.Мөнх-Оргил гишүүн тодруулга хийв. Бүртгэлийн багц хуулийн төслийг боловсруулахдаа Иргэний хуулийн 33 дугаар зүйл дэх “ Хуулийн этгээдийн төрөл”, энэ зүйл дэх “ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна”, “ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна” гэснийг өөрчлөх асуудлыг тусгаагүйг лавлав. Хуулийн ийм хязгаарлалтаас болоод Монгол Улсын Их Сургууль өнөөдөр боловсролын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын үйлдвэрийн газар гэдэг бүртгэлтэй байна. Гадаадын хөрөнгө оруулалттай зарим дунд болон их сургууль төрийн бус байгууллага гэж бүртгэлтэй байгаа.  Тухайлбал, ашгийн төлөө бусаар үйл ажиллагаа явуулж буй энэ байгууллагуудыг компани гэж бүртгэх шаардлагатай. Аж ахуйн үйл ажиллагаа явуулж, ашиг олно. Харин үүнийгээ ноогдол ашиг болгож тараахгүй, үйл ажиллагаагаа санхүүжүүлэх зарчмаар ашиглана. Үүнийг нь татварын алба хянадаг тогтолцоо байх нь зүйтэй. Бүртгэлээс үүдэн татварын ангилал нь ч өөр байх юм. Хуулийн этгээдийг бүртгэх төрийн гол зорилго бол тухайн байгууллага хэн нэгнийг хохироосон тохиолдолд хариуцлагыг хэн хүлээх вэ, удаад нь татвараа авах юм. Одоо танилцуулж буй төсөлд үүнийг өөрчлөх зохицуулалт шаардлагатай гэдгийг хэлсэн. Тулгамдаад буй асуудлыг хөндөж буйг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд хүлээн зөвшөөрөөд салбарын яам үүнийг цогцоор нь шийдвэрлэх зорилгоор дээр дурдсан ажлуудыг хийж байгаа бөгөөд хэлэлцэж буй төсөлд тодорхой өөрчлөлтийг тусгасан гэв. 


УИХ-ын гишүүн Ц.Гарамжав одоо хэрэгжиж буй хуулийн хэрэгжилтийн тайлан, төслөөр зарчмын ямар өөрчлөлт оруулж байгааг тодруулж хариулт авсан. Төслийн үзэл баримтлалтай холбогдуулан санал хэлэх гишүүн гараагүй тул санал хураалт явуулахад 66.7 хувь нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн үзэл баримтлалыг чуулганын нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. 

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэв

    “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгээр хуралдаан үргэлжилж, тус байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарагддаг төрийн байгууллагуудын удирдлагууд болон Сангийн сайд хуралдаанд оролцов. Ч.Хүрэлбаатар сайд танилцуулгадаа, татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийг орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй  төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшинг 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Сангийн сайд танилцуулгадаа урт хугацааны тогтвортой өсөлт чухал гэдгийг онцолсон юм. Засгийн газар татварын орчныг шинэчлэн хялбар, энгийн болгох,  шударга өрсөлдөөнийг урамшуулах, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, элэгдэл тооцох хугацааг багасгах, татварын өр төлөх хугацааг сунгахаар төлөвлөсөн байна. Ийн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахаас гадна эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг бий болгоход анхаарч ажилласан байна. Энэ хүрээнд цалин, тэтгэвэр, ажлын байр, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтыг хэрэгжүүлэхээр Үндсэн чиглэлийн төсөлд тусгажээ. Хөдөө аж ахуйн салбарыг эрчимжүүлэх “Мах, сүүний анхдугаар аян”, “Үйлдвэржилт 20:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүнд, хөнгөн болон жижиг дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих арга хэмжээнүүдийг төлөвлөсөн талаар танилцууллаа. Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.


Сайдын танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Батнасан, С.Бямбацогт, Ц.Гарамжав, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан. Хууль, эрх зүйн орчны шинэчлэлтийн хүрээнд томоохон хуулиуд шинээр батлагдан, хэрэгжиж байгаа бөгөөд хуулийн бүх байгууллагын төлөөлөл оролцсон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан гэдгийг дэд сайд Б.Энхбаяр дуулгасан. Энэ хүрээнд салбарын сайдын багцад 2640 орон тоо нэмэх шаардлагатай гэдэг тооцоолол хийгдсэн бөгөөд үүнд 295 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Харин улс орны төсөв, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн сүүлийн 4-5 жилд хуулийн байгууллага шинээр нэг ч орон тоо нэмэгдүүлэхгүйгээр ажиллаж байгаа гэлээ. Мөн салбарын яамны зүгээс зарим асуудлаа шийдвэрлэхдээ төсөв болон татвар төлөгчдөд дарамт учруулахгүйгээр гадны хөрөнгө оруулалт, тусламжаар шийдвэрлэх гарцыг эрэлхийлж байгаагаа хэлсэн. Гишүүдийн тодруулсны дагуу томоохон төслүүдийг хэрэгжүүлэх ажлын явцын талаар Сангийн сайд мэдээлэл өгсөн. Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр онцгойлон анхаарахгүй бол иргэдийн эрх зүйн боловсрол хангалтгүй байгаагаас иргэд эрх, эрх чөлөө нь зөрчигдөж байгааг мэдэхгүй хохирч байгааг О.Батнасан гишүүн хэлсэн. Иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх нь чухал ач холбогдолтой гэдгийг хууль зүйн салбарт хэрэгжсэн хөтөлбөр, арга хэмжээнүүдээс харж болно гэдгийг дэд сайд Б.Энхбаяр хэлээд тодорхой мэдээлэл өгсөн.  Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн 17.7-д “Иргэдийн эрэлт хэрэгцээг хангахуйц эрх зүйн мэдээ, мэдлэгийг цахим болон цахим бус байдлаар нээлтэй, хүртээмжтэй, энгийн, хялбарчилсан хэлбээр хүргэх тогтолцоог бүрдүүлэх” арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1.6 тэрбум төгрөгийг улсын төсвөөс, 0.1 тэрбум төгрөгийг гадаад эх үүсвэрээс санхүүжүүлэх шаардлагатай хэмээн тусгасан байна. Засгийн газраас хууль сахиулах үүргийг өгөхийн зэрэгцээ энэ үйл ажиллагааг явуулах төсөв, эдийн засгийн асуудлыг шийдэж байх ёстой гэдгийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлсэн. Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр нийтдээ 382 зорилттой, үүний 84 нь засаглал, эрх зүйн бодлого, хууль сахиулах үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилт юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 22 хувь нь хүний эрх, эрх чөлөөний баталгааг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журмыг хангахтай холбоотой зорилт байтал 2019 оны үндсэн чиглэлийн төслийн ердөө 6 хувийг эзэлж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл амаргүй байгаа хэдий ч хууль сахиулах, шударга ёсыг бэхжүүлэх тогтолцоог бэхжүүлэхэд анхаарах шаардлагатай гэдгийг тэрбээр дурдаад Хууль зүйн байнгын хорооны гишүүд хэлэлцүүлгийн явцад үүнд анхаарлаа хандуулах нь зүйтэй гэлээ. Ингээд “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй дөрвөн саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. Ингээд тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 75 хувь нь дэмжиж, энэ талаархи санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ. 


  2018-05-15 15:41  686