БОХХААБХ 2016 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

  2016-09-05 01:00  407
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.09.05/ 17 цаг 05 минутад 63.2 хувийн ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Хуралдаанаар эхлээд Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт, оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.
Гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлын улмаас эдийн засгийн идэвхжил суларч, 2016 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр ДНБ-ий өсөлт 1.3 хувьд хүрэх төлөвтэй байгаа талаар хуралдааны эхэнд Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны эхний 7 сарын гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.2 хувьтай, нийт зарлага 91 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 2 орчим их наяд төгрөгийн алдагдалтай буюу ДНБ-ий 8.1 хувьд хүрээд байна. Түүнчлэн 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын гүйцэтгэл төлөвлөснөөс 1.7 их наяд төгрөгөөр буурах төлөвтэй болохыг онцолсон. 
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг 175,4 тэрбум төгрөгөөр төсөвлөсөн байна. Салбарын сайд П.Сэргэлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөвт оруулсан өөрчлөлтүүдийг дэлгэрэнгүй танилцуулаад, хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн асуудал Хүнс, хөдөө аж ахуйн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжин ирсэн боловч хөнгөн үйлдвэрийн салбарын хэрэгжүүлэх арга хэмжээ нь Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгагдаагүй байгааг тэмдэглэн хэллээ. Мөн тэрээр Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд нэмж тусгуулах гурван саналыг танилцуулав. Тодруулбал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2016 оны батлагдсан төсвийн зарцуулагдаагүй үлдэгдэл болох 400,0 сая төгрөгийг хасуулахгүй байх, Япон Улсын Засгийн газраас зөвшөөрөл нь шийдвэрлэгдсэн “КР-1” төслийн тусламжийн хөрөнгөөр Тариалан эрхлэлтийг дэмжих санд хэрэгжүүлэх арга хэмжээний санхүүжилт 3,4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хасагдуулахгүй байх, Үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журмын дагуу 2015 онд үндэсний боловсруулах 19 үйлдвэрт Улаанбаатар хот, 21 аймгийн 261 сумаас адуу, үхрийн шир, хонь, ямааны арьс тушаагаад байгаа бөгөөд үүнд шаардагдах 9.85 тэрбум төгрөгийг тусгуулах зэрэг саналыг танилцуулсан юм. Түүнчлэн ХХААХҮ-ийн салбарын өндөр настны тэтгэвэрт гарч буй албан хаагчдад олгох тэтгэмжийн санхүүжилт дутгагдаж байгааг талаар танилцуулгадаа дурдсан юм. 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Я.Санжмятав, Д.Тэрбишдагва, Л.Элдэв-Очир, А.Сүхбат, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, хариулт авав. Мал аж ахуй болон газар тариалангийн салбар нь улирлын чанартай учир тулгамдаж буй асуудлуудыг зөв цаг хугацаанд оновчтой шийдвэрлэх шаардлагатай болохыг гишүүд тэмдэглэн, ХХААХҮЯ-аас Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд тусгуулах саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлж байв. Мөн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихээр төрөөс олгож буй урамшуулал, зээл нь үр дүнтэй эсэхийг нягтлах, одоогоор хуримтлагдаад буй арьс, ширийг экспортлох асуудлыг шийдвэрлэх, цаашдаа энэ салбарын нөхцөл байдалд дүн шинжилгээ төрөөс баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулах нь зүйтэй талаар гишүүд санал хэллээ. Түүнчлэн Засгийн газар, яамд асуудлуудаа цогцоор нь хянан шинжилж, харилцан уялдаатай ажиллаж байх шаардлагатай байгааг сануулж, хөдөө аж ахуйн салбарын экспортыг төлөвийг анхаарч, нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагатай болохыг онцолсон юм. 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн, малын гаралтай түүхий эд, ноолуур, ноос, арьс, ширийг боловсруулж, зах зээлд нийлүүлдэг болох зорилгоор гаргасан Засгийн газрын 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 300 дугаар тогтоол, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 330 дугаар тогтоолоор арьс, ширийг хагас боловсруулж экспортлохоор шийдвэрлэсэн. Гэвч арьс, ширийг дотооддоо хагас боловсруулах боломж тааруу байгаа. Тиймээс өнөөдрийн байдлаар үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн хурааж, хуримтлуулсан арьс, ширийг түүхийгээр нь экспортлох бололцоог бүрдүүлэх шаардлага үүсээд байгаа бөгөөд ХХААХҮ-ийн яамнаас энэ чиглэлээр тодорхой ажлыг төлөвлөөд байгаа талаар гишүүдэд танилцуулав. Мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт хэрэгжиж буй их хэмжээний санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүд, зээл, тусламж, урамшуулал хэр үр дүнтэй байгааг нягтлахаар бүх чиглэл, салбарууддаа ажлын хэсэг байгуулан, судалгаа хийлгэж байгаа бөгөөд дүн албан ёсоор нэгтгэгдэх үеэр Байнгын хороонд албан ёсоор танилцуулах болно гэв. 
Байгаль орчин, аялал жуулалын сайдын 2016 оны тодотгосон төсвийг тус яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга, Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Батжаргал танилцуулав. Монгол Улсын 2016 оны төсвийн тодотголын саналд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын багцын төсөв 57,366.1 сая төгрөгөөр батлагдснаас тодотголоор 3,333.8 сая төгрөгөөр буурч, 54,032.3 сая төгрөг болохоор тусгагдсан байна.  
Хасагдахаар төлөвлөгдсөн зардлуудаас санхүүжих Засгийн газрын 2016 оны 38 дугаар тогтоолын дагуу 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө гэрээ байгуулж, ажил эхэлсэн, хийгдэж дууссан, дуусах шатандаа байгаа болон энэ онд зайлшгүй хийгдэх шаардлагатай ажлуудын санхүүжилт болох  656.7 сая төгрөгийг төсвийн тодотголд нэмж төлөвлүүлэх саналтай байгаагаа танилцууллаа. Үүнд, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн санд 30.0 мянган га талбайд өрөөсгөл хүр эрвээхэйн өндөг түүж, устгах ажлыг механик аргаар яаралтай хийхэд шаардлагатай 150.0 сая төгрөг, хүрээлэн буй орчны судалгаа шинжилгээний зардлаас хийгдсэн байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлуудын санхүүжилт болох 506.7 сая төгрөгийг тусгуулах шаардлагатай хэмээв. 
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Г.Мөнхцэцэг, Д.Тэрбишдагва, Ц.Гарамжав нар асуулт асууж, хариулт авсан бөгөөд хуралдаанаар үргэлжлүүлэн гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжлээ.
Энэ өдрийн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. 
Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвын тодруулсны дагуу тэтгэвэрт гарахад олгох тэтгэмжийг салбар харгалзахгүйгээр ажилласан жилийг харгалзан 1-12 сар хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож олгох зарчмын хүрээнд Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулсан болохыг Ажлын хэсгээс танилцууллаа. Мөн Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат,  Г.Мөнхцэцэг, Д.Тэрбишдагва нар санал хэлж, хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хуулийн төслийг хэлэлцсэн талаарх санал дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Тэрбишдагвын гаргасан саналын дагуу Пүрэв гарагийн хуралдааны үеэр 2016 оны намрын ургац хураалтын явцын талаар  мэдээлэл сонсохоор тогтов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

  2016-09-22 23:53  407