УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тойргийн иргэдийнхээ үгийг сонслоо

  2019-06-21 20:28  101

Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан өнөөдөр /2016.06.21/ Төрийн ордонд тойргийнхоо сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах арга хэмжээг зохион байгууллаа.


Эхлээд, Улсын Их Хурлын гишүүн, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан  Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах болсон нийгмийн хэрэгцээ, шаардлагын талаар болон Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулах, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангах,  Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой дөрвөн багц асуудлын хүрээнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгаад байгаа талаар танилцуулав.


Дараа нь Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мөн Үндсэн хуулийн төсөлтэй холбогдуулан мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариуллаа.


Тойргоос сонгогдсон гишүүн Б.Энх-Амгалан мөн иргэдийн асуултад хариулахын зэрэгцээ санал бодлыг нь сонсож, хүлээн авлаа.




Хүрэлцэн ирсэн иргэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжиж буйгаа илэрхийлээд, цаашид хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн явцад Ерөнхий сайдаас бусад нь “давхар дээлгүй байх” зэрэг ард иргэдээс түлхүү гаргаж байгаа саналыг  төсөлд тусгах талаар санал бодлоо илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 


  2019-06-21 20:28  101