Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

  2018-04-17 17:29  350

Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

    Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.04.17) хуралдаан 09 цаг 21 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Эхлээд Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа нарын гурван гишүүний 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр өргөн мэдүүлсэн Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаархи Ажлын хэсгийн танилцуулгыг Байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир танилцууллаа. 


Төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлыг 2017 оны тавдугаар сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонх дэмжсэн юм. Дээрх төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны холбогдох шатны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгээр ахлуулан энэ оны нэгдүгээр сарын 25-нд байгуулсан. Энэ хугацаанд Ажлын хэсэг гурван удаа, дэд ажлын хэсэг зургаан удаа хуралдсан бөгөөд төслийг Хууль тогтоомжийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөх, найруулга нэр томъёо, үг хэллэг жигдлэх зэргээр гүйцээн боловсруулж зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг бэлтгэсэн байна. Ажлын хэсгийн гишүүд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хүрээнд хүнсний зарим үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзалт зохион байгуулсан талаар Л.Элдэв-Очир гишүүн дурдлаа. 

    Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат, Д.Цогтбаатар, Ж.Энхбаяр, Х.Болорчулуун нар асуулт асууж, зарим зүйлийг тодрууллаа. Иргэдийн эрүүл мэндтэй хамааралтай учраас хүнсний асуудалд нухацтай хандах нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн А.Сүхбат илэрхийлээд баяжуулсан хүнсийг нарийвчлан шинжлэх боломжтой олон улсад итгэмжлэгдсэн лаборатори манай улсад бий эсэхийг тодруулсан юм.


2000-2007 онд Монгол Улсад гурил баяжуулах үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд энэ хугацаанд зөвхөн хүнсний баяжуулагч бэлдмэлийг илрүүлэн таних хэмжээнд шинжилгээ хийж байсан талаар ажлын дэд хэсгийн гишүүн, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал Ж. Туяацэцэг мэдээлэл өгөв. Одоо бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын лаборатори,  ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лабораториуд, ЭМШУИС-ийн дэргэдэх лабораториуд орчин үеийн шинжилгээний аргыг нэвтрүүлсэн байгаагаас ШУТИС-ийн дэргэдэх Хүнс судлалын төвийн лаборатори олон улсын магадлан итгэмжлэл авсан гэв. Хүнс баяжуулалтын талаарх олон улсын туршлагын талаар лавласан Х.Болорчулуун гишүүний асуултад хариулт өглөө. Улс орнууд өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах бодлого баримталдаг бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 130 гаруй улсад албан журмаар давсыг, 85 улс оронд гурилыг, 14 улс тос, будааг баяжуулах зохицуулалттай байдаг аж. Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнийг баяжуулах нь иргэдэд нэмэлт амин дэмийн бэлдмэлийг хүргэхээс хэд дахин өртөг багатай болохыг холбогдох судалгаа, мэдээллээс авч болох юм байна. Байнгын хорооны дарга, Ажлын хэсгийн гишүүн Л.Элдэв-Очир төслийг боловсруулах болсон үндэслэл шалтгааны талаар тайлбарлахдаа “Монгол Улсын хүн амын хоол тэжээлийн байдлыг судалж, үнэлгээ өгөх зорилгоор Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв 2016-2017 онд 21 аймгийн 94 сум, нийслэлийн 8 дүүргийн 30 хороонд хийсэн судалгаагаар иргэдийн дунд аминдэм, эрдсийн дутлын тархалт түгээмэл хэвээр, 2010 оны түвшингээс буураагүй гэсэн дүгнэлт гарсан. Мөн судалгааны үр дүнд тав хүртэлх насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийг олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, өндөр тунт А, Д аминдэмээр тасралтгүй хангах, тогтмол хэрэглээг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүнийг аминдэм, эрдсээр баяжуулах тухай хуулийг батлан, хэрэгжүүлэх шаардлагатай болохыг тусгасан байгаа” хэмээлээ. Д амин дэмийн дутагдал монголчуудын эрүүл мэндэд тулгамдаад буй асуудлын нэг гэсэн сүүлийн үед яригдаж буй мэдээлэл нь бодит эсэхийг тодруулсан Ж.Энхбаяр гишүүний асуултад Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын алба 1992 оноос эхэлж дээрх төрлийн судалгааг хийж эхэлсэн бөгөөд тухайн үед зөвхөн эмнэлзүйн шинжээр тодорхойлж байсныг холбогдох албаны мэргэжилтэн тайлбарлалаа. 2010 оноос цусан дахь Д амин дэмийг тодорхойлж эхэлсэн бөгөөд үе үеийн дүн мэдээнээс бүх насны иргэд энэ төрлийн амин дэмийн дутагдалтай байсныг харж болох аж. Хүнсийг баяжуулах замаар бүх нийтийн эрүүл мэндийг тэтгэх асуудал физилогийн, химийн, биохимийн түвшний чухал ойлголт гэдгийг холбогдох мэргэжилтнүүд тайлбарласан юм. 


    Ийнхүү төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбогдуулан хуралдаанд оролцсон гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явууллаа. Ажлын хэсгээс боловсруулсан төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг буюу хуулийн зорилтыг өөрчлөн найруулах, хүнс баяжуулах үйл ажиллагаатай холбоотой зохицуулалт бүхий 5 дугаар зүйлийг шинээр нэмэх, баяжуулсан хүнс үйлдвэрлэгчийн эрх, үүргийн талаарх зохицуулалт бүхий холбогдох зүйл, заалтыг өөрчлөн найруулах, баяжуулагч бэлдмэл импортлогчийн эрх, үүргийг зохицуулах 8 дугаар зүйлийг шинээр нэмэх зэрэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Мөн хуралдаанд оролцсон гишүүдээс төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёолол нэг бүрээр санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Ингээд Баяжуулсан хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 


Ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ 

Дараа нь Ажлын хэсэг байгуулах асуудлыг шийдвэрлэв. Хуралдаанд оролцсон гишүүд хэлэлцээд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулан байгуулахаар болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 


  2018-04-17 12:40  350