Цэс

Холбоо барих

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2019 оны үндсэн чиглэлийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Тогтоолын төслийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа танилцуулав.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулан боловсруулсан хэмээн сайд онцолсон юм.


Үндсэн чиглэлийн төсөлд татварын шинэчлэлийг эхлүүлэх, бизнесийн орчинг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бий болгох, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих зорилт, арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд дараахь үр дүн гарна хэмээн тооцоолжээ.

Эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 6.1 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас ихгүй байна гэлээ.

Монгол Улсын Засгийн газар татварын орчинг шинэчилж, хялбар энгийн болгох, шударга өрсөлдөөнийг урамшуулах, хөрөнгийн зах зээлийг татварын бодлогоор дэмжих, аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийн зардлыг бууруулах, элэгдэл тооцох хугацааг багасгах, татварын өр төлөх хугацааг сунгахаар төлөвлөн ажиллаж байна хэмээн сайд танилцуулгадаа дурдсан.

Мөн урт хугацааны тогтвортой өсөлтийг хангахаас гадна эдийн засгийн өсөлтийн үр шимийг олон нийтэд хүргэх, хүртээмжтэй өсөлтийг бий болгоход анхаарч байгаа гэв.

Засгийн газар ажлын байрыг нэмэгдүүлж, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг өсгөж, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, өсөлтийн хүртээмжийг сайжруулах бодлогыг хэрэгжүүлэх аж.

Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлж, мах, сүүний анхдугаар аян, “Үйлдвэржүүлэлт-21:100”, “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж, хөнгөн хүнсний салбар, жижиг, дунд үйлдвэрлэлийг бодлогоор дэмжин, Оюутолгойд газрын тосны үйлдвэр байгуулах, нүүрс угаах зэрэг уул уурхай, хүнд үйлдвэрийн томоохон төслүүдийг үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.

Одоогийн суурилагдсан цахилгаан, эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг өргөтгөн шинэ эх үүсвэрүүдийг нэмж барих замаар дотоодын хэрэглээгээ хангах зорилтыг мөн тавьсан байна.

Агаарын бохирдлыг бууруулах шинэ техник, технологийг нэвтрүүлж, цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн гэр хорооллын айл өрхийг түрээсийн орон сууц болон урт хугацаатай бага хүүтэй зээлд хамруулахын зэрэгцээ хэрэглэгчдийг инженерийн дэд бүтцээр хангах бичил дэд төвүүдийг барьж байгуулахаар тусгажээ.

2019 онд Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэх хүрээнд Яармагийн, Замын цагдаагийн газрын уулзварын, Баянзүрх, Сонсголонгийн гүүрэн гарцуудыг нэмж барих бөгөөд бодит салбарыг дэмжсэн эдгээр бодлогуудын үр дүнд эдийн засгийн өсөлт хангагдана хэмээн тооцжээ.

Үндсэн чиглэлд тусгагдсан 20 зорилт, 123 арга хэмжээг хэрэгжүүлэх нийтдээ 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад эх үүсвэр, хөрөнгө оруулалт, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэхээр төлөвлөн тусгасан гэлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.


Гишүүд хүүхдийн мөнгийг хүүхдүүдэд 100 хувь олгох, төрийн албан хаагчдын цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг тодруулж байлаа. Түүнчлэн сувилагчаар ажиллах хүмүүсийн тоо цөөрч, хомсдол үүссэнээс одоо ажиллаж буй сувилагч нарын ажлын ачаалал эрс нэмэгдээд байгааг гишүүд дурдаад эрүүл мэндийн, боловсрол, соёл, эрдэм шинжилгээ, спортын салбарт ажиллаж буй төрийн албан хаагчдын үндсэн цалингаас гадна олгох урамшууллыг нэмэгдүүлэх асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлж байсан. Түүнчлэн гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр хийх ажлын талаар лавлаж байсан.

Мөн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, сувилахуйн чиглэлээр суралцаж буй хүмүүсийг төрөөс бодлогоор дэмжих, соёлын байгууллагуудын барилгын ажил удаашралтай байгааг анхаарах зэрэг асуудлуудыг ч хөндсөн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, 2018 оны төсөвт багтаан хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна гээд цаашдаа бүх хүүхдэд олгох асуудлыг ОУВС-тай байгуулсан гэрээ, хэлэлцээг зөрчихгүйгээр шийдэхээр ярилцаж буйг дуулгасан. Төрийн албан хаагчдын цалинг 2018 оны дөрөвдүгээр улиралд инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэх талаар ОУВС-тай тохиролцоонд хүрээд байгаа бөгөөд 2019, 2020 онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг мөн инфлчцийн түвшинтэй уялдуулан нэмэхээр төлөвлөөд байгаа гэлээ.

Түүнчлэн ажлын хэсгийн гишүүдийн хариулснаар манай улсад бэлтгэгдсэн 40 мянга орчим сувилагч байгаа ч 10 мянга гаруй нь цалин бага, ажлын ачаалал өндөр байдгаас болоод мэргэжлээрээ ажиллахгүй байгаа аж.

Өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд есөн мянган сувилагч дутуу байна гэсэн судалгаа гарсан бөгөөд Эрүүл мэндийн яамнаас ирэх долдугаар сарын нэгэн гэхэд сувилагчийн тоог 900-гаар нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм байна.

Гэр бүлийн үнэт зүйлсийг бэхжүүлэх, гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр нэлээд ажил төлөвлөсний нэг нь Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл аж. Хуулийн төсөлд гэр бүлийн үнэт зүйлстэй холбоотой асуудлыг нарийвчлан тусгаснаас гадна гэр бүлээ цуцлуулсан иргэд хүүхдийн тэтгэмжээ өгөхгүй зугатдаг асуудлыг шийдвэрлэх зорилгоор тэтгэмжийн асуудлыг хуулиар хариуцлагажуулан тусгажээ.

Тогтоолын төслийг ийнхүү хэлэлцсэний дараа гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Байнгын хорооны тогтоолыг баталлаа

Мөн хуралдаанаар Боловсролын тухай, Дээд боловсролын тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн хэрэгжилтийг шалгах, Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаа, санхүүжилт, мэргэжлийн урлагийн салбарын хүний нөөцийг бэлтгэж байгаа байдалтай танилцах, цаашид авах арга хэмжээний тухай шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.

Дээрх ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Ундраагаар ахлуулан байгуулсан бөгөөд ажлын хэсэг 05 дугаар сарын 02-ны өдөр Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн үйл ажиллагаатай танилцан, багш, ажилтнуудтай уулзаж, санал бодлыг нь сонссон байна.

Ажлын хэсгийн тайланг УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил танилцуулсан.


Монгол Улсын Консерватори нь 1937 онд Театрын дэргэдэх “Уран сайхны сургууль” нэртэй анх байгуулагдаж байсан бөгөөд 1996-2017 он хүртэл Хөгжим бүжгийн коллеж нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж иржээ. 2017 оны 07 дугаар сард Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд заасны дагуу Хөгжим бүжгийн коллежийг ангилал ахиулж, Консерватори болгосон байна.

Консерватори 2017-2018 оны хичээлийн жилд үндсэн 179, гэрээт 43, цагийн 46 багш, захиргаа, аж ахуйн 68 ажилтантай, 12 мэргэжлийн тэнхимд 1-9 дүгээр ангид 229, 10-12 дугаар анги буюу коллежид 242, бакалаврт 544, нийт 1029 оюутан, сурагчид мэргэжлийн төгөлдөр хуур, чавхдаст хөгжим, үндэсний хөгжим, үлээвэр хөгжим, үлээвэр цохивор, бүжиг, цирк, хөгжмийн ухаан, дуулаачийн мэргэжлээр суралцаж байгаа аж.

Тус Консерваторийн үйл ажиллагаатай Ажлын хэсгийн гишүүд танилцаад, боловсролын чанартай үйлчилгээг үзүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлэхийн тулд тус сургуулийн үйл ажиллагааг төрөөс бодлогоор дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулжээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асууж тодруулж, үг хэлсний дараа хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Монгол Улсын Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолыг баталсан юм.

Уг тогтоолд Консерватори /хөгжмийн дээд боловсролын байгууллага/-ийг бага, дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, дээд боловсрол олгодог шаталсан сургалттай, сургалт, эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хэв шинжтэй их сургууль болгох бэлтгэлийг үе шаттайгаар ханган ажиллахыг Засгийн газарт чиглэл болгосон.

Түүнчлэн сургалтын орчны материаллаг бааз /хөгжмийн зэмсэг, номын сан, лингафоны кабинет зэрэг/-ыг бэхжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багц болон гадаад зээл тусламжийн эх үүсвэрээс жил бүр зохицуулж шат дараалалтай санхүүжүүлэх, сургуулийн хичээлийн зориулалтын барилга, байгууламжийн засвар үйлчилгээ, циркийн сургуулийн болон оюутны дотуур байр барих, сургалтын тоног төхөөрөмжийг сажруулах хөрөнгө оруулалтыг жил бүр үе шаттай төсвийн төсөлд тусган хэрэгжүүлэхээр тусгасан байна хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл