Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.06) хуралдаан 09 цаг 53 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх талаар Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулсан.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос албан тушаалаас чөлөөлж өгөх тухай хүсэлтээ…Засгийн газрын гишүүн нь Ерөнхий сайдад өргөн мэдүүлж болно” гэж мөн хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д Ерөнхий сайд “Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах, Засгийн газрын гишүүнийг томилох, албан тушаалаас чөлөөлөх, огцруулах тухай саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж тус тус заасан гэдгийг дурдав.
Батжаргалын Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан. Иймд Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг хуульд заасан журмын дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэн, танилцуулж байна гэж Шадар сайд Ө.Энхтүвшин танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.
Иймд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхий сайдын саналыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 60 хувь нь дэмжсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Элдэв-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.