Цэс

Холбоо барих

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг маргааш үргэлжлүүлэхээр боллоо


Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.27) үдээс хойших хуралдаанаар 2016 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Чуулганы үдээс өмнөх хуралдаанд дээрх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Хууль зүйн байнгын  хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар танилцуулсан юм.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд Ажлын хэсэг болон төсөл санаачлагчдаас асуулт асууж, хариулт авлаа. Хуулийн хэрэгжилтийг хангах, амьдралд нийцүүлэх үүднээс нэмэлт, өөрчлөлт оруулдаг байх нь зүйтэй гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл илэрхийлээд, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхдээ иргэдийн мэдэх эрх болон сэтгүүлчдийн мэдээлэх, эрэн сурвалжлах эрхийг хязгаарлах зохицуулалтыг тусгах нь шударга бус хэмээн үзэж байна гэлээ. 2002 онд батлагдсан, өнөөдөр хэрэгжиж буй Эрүүгийн хуулиар гүтгэх үйлдлийг гэмт хэрэг гэж тооцон “Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр торгох буюу 1-3 сар хүртэлх хугацаагаар хорих" шийтгэл ногдуулах зохицуулалттай хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариулт өгөв. Мөн энэ оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Зөрчлийн тухай хуульд “Хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хувь хүнийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт бий. Нэг нэгж нь 2000 төгрөгтэй дүйцэх байсныг шинэчилсэн найруулгын төслөөр 1000 төгрөг болгон буурлсан. Ингэснээр хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийг 20 сая төгрөгөөр торгохоор болж торгуулийн хэмжээ буурч байгаа аж. Харин Хууль зүйн байнгын хорооны анхны хэлэлцүүлгийн явцад торгуулийн хэмжээг нэмэгдүүлэх зарчмын зөрүүтэй санал гишүүдээс гарсан гэдгийг тэрбээр тайлбарлав. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг хүний эрхийг баталгаажуулах, хангах шаардлагын үүднээс Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг анхаарах, задалж үзэх шаардлага бий гэдэг байр суурийг илэрхийлж, гүтгэх үйлдлийг зөв тодорхойлон хуулийн төсөлд тусгах шаардлага бий гэв. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын эрэн сурвалжлах үйл ажиллагааг бусдын нэр хүндэд халдах, гутаах зорилготой зохион байгуулалттай  ажиллагаанаас ялгаж үзэх нь зүйтэй гэдэг саналыг хэллээ.

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахыг дэмжихгүй гэдгээ Улсын Их Хурлын гишүүн Л.Болд илэрхийлэв. Өдгөө хэрэгжиж буй эрүүгийн эрх зүйн харилцааны үр дүнд жижиг зөрчил гаргасан иргэн, хүнд ноцтой гэмт хэрэгтнүүдтэй хамт хоригдох нөхцөл бүрдсэн байсныг өөрчлөхөөр 2015 оны арванхоёрдугаар сард Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулийг шинэчлэн баталсан. Харин Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хэлэлцүүлэгт бэлтгэж буй энэ төсөл нь хүний эрх, эрх чөлөөг хангах үндсэн концепциос хазайсан, баривчлах шийтгэл ногдуулах зохицуулалттай болсон. Зөрчлийн тухай хууль бол нийгмийн бүх давхарга, Монгол Улсын иргэн бүрт үйлчлэх эрх зүйн зохицуулалт, хүн бүр энэ зохицуулалтын эргүүлэгт хамрагдах үр нөлөөтэй гэдгийг анхаарах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Хэлэлцэж буй хуулийн төслөөр нийтдээ 600 гаруй төрлийн зөрчлийг зохицуулж байгаа, үүнээс гэр бүлийн хүчирхийлэл, танхай, хулгай, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг таван төрлийн зөрчилд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулах, үүнийг шалган шийдвэрлэх хугацаа нь 14 хоног байхаар тусгасан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарлав. Ирэх долдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжих Эрүүгийн тухай, Зөрчлийн тухай хуульд үйлдлээр нь эрүүжүүлдэг шинэ систем нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт үйлдлийн нийгмийн хор аюул, хохирлын хэр хэмжээнээс эс шалтгаалж, зөвхөн эрх зүйн эсрэг чиглэсэн үйлдлээр нь эрүүжүүлэхээр байсныг бид нийгэмд учруулсан хор аюулын хэмжээг тооцох нь зүйтэй гэж үзсэн хэмээн хариулт өгсөн юм. Улсын Их Хурлын гишүүн Н.Тогтохсүрэн Захиргааны хариуцлагын тухай хууль болон салбар хуулиудад байсан захиргааны арга хэмжээг Зөрчлийн тухай хууль болгон нэгтгэж байгаа гэдгийг тэмдэглэн хэллээ. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зөрчил үйлдсэн тохиолдолд баривчлах ял ногдуулах зохицуулалттай болгосон нь одоо мөрдөгдөж буй хуулиудад байдаг эсэхийг, мөн зөрчлүүдийн тоо бол торгууль хэмжээ нэмэгдэж байгаа эсэхийг лавлан асуулаа. Өнөөдрийн байдлаар 240 орчим хуулиар иргэн, аж ахуйн нэгжид захиргааны хариуцлага хүлээлгэж байгаа бөгөөд нэг зөрчилд хэд хэдэн хуулиар хариуцлага тооцохоор нөхцөл байдал үүсчихээд байгаа эмх замбараагүй байдлыг цэгцлэх шаардлага үүссэн хэмээн Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хариулав. Одоо мөрдөгдөж буй хуулиудаар 15-16 төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулж буйг багасган Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд таван төрлийн зөрчилд баривчлах шийтгэл ногдуулахаар тусгасан гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарласан. Төсөлд зөрчил гаргасан хувь хүнд ногдуулах торгуулийн хэмжээ нь 10.000-20.000.000 төгрөг, зөрчил гаргасан хуулийн этгээдийг 100.000-100.000.000 төгрөгөөр торгохоор тусгасан. Тодруулбал, баривчлах хоног, торгуулийн хэмжээ нэмэгдээгүй гэв. Иргэд нийтээрээ амар тайван амьдрах, аюулгүй амьдрах баталгаа нь Эрүүгийн болон Зөрчлийн тухай хууль байх болно, нийтлэг эрх ашгийг хамгаалах үүднээс танхайрсан, бусдыг зодсон, бусдын эд хөрөнгийг хулгайлсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зэрэг тодорхой зөрчлүүдэд ногдуулах хариуцлагыг чангатгах нь зүйтэй хэмээн үзэж баривчлах шийтгэл хадгалагдах ёстой гэдэг байр суурийг Ажлын хэсэг баримталж ажилласан гэлээ. Хуулийн төсөлд тусгагдсан 600 гаруй зөрчлийг 11.300 субьект шийднэ, эдгээр нь янз бүрийн ажил мэргэжлийн хүмүүс байх учир зөрчил хянан шийдвэрлэх явц нь хуулийн дагуу явагдсан эсэхэд прокурор хяналт тавих зохицуулалтыг тусгасан байна.


Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан энэ хуулийн төслийг нийгмийн зөвшилцлөөр, ойлголт нэгтэйгээр батлах нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв. Тиймээс хуулийн төслийн хэлэлцүүлэгт ашиг сонирхол нь хөндөгдөж буй бүх талууд хэлэлцүүлэгт оролцох нь зүйтэй гэлээ. Мөн торгуулийн хэмжээ буурах эсэх, эрх хасах, тусгай зөвшөөрлийг цуцлах зэрэг аж ахуйн нэгж, байгууллага, бизнесийн хэвийн үйл ажиллагаанд чөдөр тушаа болдог эрх зүйн зохицуулалтууд өөрчлөгдөн нөхцөл байдал дээрдэх эсэхийг тодрууллаа. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд төрийн хяналт шалгалтын үндсэн үзэл баримтлалаасаа давсан зохицуулалттай салбар, салбарын хяналт, шалгалтын хуулиудтай болсон байсан нь энэ хуулийн төслийг боловсруулах нэг үндэслэл болсныг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар тайлбарлалаа. Зөрчлийг нэгтгэн, төрөлжүүлж хууль батлахаар ажиллаж буй нь төрийн хяналт шалгалтыг шалган туслах зарчимд нийцүүлэхээр эрмэлзэн хийж буй нэг ажил гэлээ. Зөрчил гаргасан хүн бүрт шийтгэл ногдуулахаас гадна эрх зүйн эсрэг чиглэсэн үйлдлээ таслан зогсоохыг сануулдаг чиглэл рүү зөрчил хянан шалгах ажиллагаа явагдана хэмээн үзэж байгаагаа хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат Зөрчлийн тухай хууль гэдэг бол аль нэг намын хууль биш, монгол хүн бүртэй хамаатай эрх зүйн зохицуулалт учир хүний амьдралд өдөр тутам гарч байдаг жижиг зөрчлүүдийг эрүүлээр шийдэх зорилгоор энэ хуулийг батлах нь зүйтэй гэлээ. Зөрчил гарган баривчлах шийтгэл хүлээсэн иргэн хаана хоригдох талаар тэрбээр лавлав. Улаанбаатар хот, 21 аймаг бүрт баривчлах байр бий, үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байгаа гэдгийг Ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар хэлсэн юм. Өдгөө жилд дунджаар 5300 хүн баривчлах шийтгэл эдэлдэг болохыг холбогдох газруудын дүн мэдээнээс харж болно. Өнөөдрийн байдлаар 15 төрлийн зөрчилд баривчлах ял ногдуулж байгаа бол энэ хуулийн төсөл батлагдвал тав болж багасна, үүнээс үүдэн дээрх дүн мэдээ буурах магадлал бий гэсэн тооцоолол байгаа хэмээн хариулт өглөө. Зөрчилд баривчлах шийтгэл ногдуулдаг энэ харилцаа бол шинэ зүйл биш, АИХТэргүүлэгчдийн 111 дүгээр тогтоолоор жижгээр танхайрсан, тодорхой төрлийн зөрчил гаргасан иргэнийг 30 хоног баривчилдаг байхаар анх шийдвэрлэсэн. Зөрчилд баривчлах шийтгэл ногдуулах төрөл хэлбэр Монгол Улсын хууль зүйн тогтолцоонд нэвтрээд удаж байгаа гэдэг тайлбарыг мөн тэрбээр хийсэн.

Одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуулиар гэмт хэрэг хэмээн тооцогддог гүтгэх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд зөрчил хэмээн хөнгөвчилж тусгагдаад, хувь хүний нэр төр, алдар хүнд, амьдрал, хөдөлмөрийг гүтгэн, доромжлоход торгууль төлөх хариуцлага ногдуулахаар тусгасан байгааг Улсын Их Хурлын гишүүн Ц.Гарамжав тодотгов. Гүтгэх үйлдэлд ногдуулах торгуулийн хэмжээтэй холбоотой саналыг зөвхөн хэвлэл мэдээллийн салбарт зориулагдсан гэж хүлээн авсан нь буруу гэж тэрбээр тайлбарлаад “Бусдыг гүтгэн доромжилдог хүнлэг бус, ёс суртахуунгүй байдал нийгэмд тархаад байгааг зогсоох нь зүйтэй гэдэг үндэслэлээр уг зөрчилд ногдуулах торгуулийн хэмжээг нэмэх саналыг гаргасан” гэж тайлбарлав. Мөн Байнгын хорооны хуралдааны үеэр гаргасан саналаа татан авч буйгаа мэдэгдлээ. Үүний зэрэгцээ хэвлэл мэдээллийн байгууллагуудын үйл ажиллагааг хамгаалсан эрх зүйн тодорхой зохицуулалтууд байгааг тэрбээр уншиж танилцууллаа. Тухайлбал хэвлэл мэдээллийн байгууллагын хэвлэн нийтлэх, сэтгүүлчийн үйл ажиллагааг хязгаарлахаар хүч хэрэглэх, зохисгүй байдал гаргавал торгох, баривчлах гээд дөрвөн төрлийн шийтгэл ногдуулдаг байна. 


Бусдыг гүтгэн, доромжилдог энэ байдалд анхаарал хандуулах шаардлагатай гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэллээ. Одоогийн мөрдөгдөж буй хуулиар “гүтгэх” үйлдэл нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогддог. Төсөлд зөрчил хэмээн тусгасан. Ингэснээр гүтгэсэн гэдэг нь батлагдвал торгууль төлнө, үүний дараа дээрх үйл явцаас үүдэн нэр хүнд, амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын хохирол учирсан бол иргэний журмаар нэхэмжлээд шүүхээр шийдвэр гаргуулан хохирлоо барагдуулах зохицуулалт нь Иргэний хуулиар нээлттэй байгаа. Бусдад гүтгүүлснээс болж амь насаа алдсан тохиолдолд ч бий, энэ төрлийн гэмт хэрэг түгээмэл гарч байгаа, Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн энэ төрлийн зохицуулалт нь зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагуудад зориулагдаагүй, нийгэмд түгээмэл гарч буй нийтлэг зөрчлийг зохицуулах зорилгоор тусгагдсан гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт хэлсэн юм. Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн үйл ажиллагааны явцад зөрчилтэй холбоотой тоо баримтыг цагдаа, прокурор, шүүх гэсэн гурван байгууллагаас гаргуулж авсан гэдгээ Х.Нямбаатар гишүүн танилцуулсан. Жилд дунджаар 1.3 сая зөрчил бүртгэгддэг дүн мэдээ байгааг тэрбээр хэлээд “Энэ хууль батлагдснаар зөрчлийн тухай нэгдсэн сантай болох боломж бүрдэж, зөрчлийн шийтгэлийг үндэслэлтэй, хуулийн дагуу ногдуулсан эсэхэд прокурорууд хяналт тавьж ажиллах боломж бүрдэнэ” хэмээн хариулсан.

Ийнхүү гишүүд асуулт асууж, Ажлын хэсэг болон төсөл санаачлагчаас хариулт авсны дараа Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх зарчмын зөрүүтэй 86 саналын томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэх явцад, 18 цаг 15 минут болсон тул санал хураалтыг хойшлуулахаар шийдвэрлэж, чуулганы өнөөдрийн  нэгдсэн хуралдааныг өндөрлүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл