Цэс

Холбоо барих

Хүүхдийн төлөө сан байгуулахаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслүүд болон Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнөөдөр (2021.03.19) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа.


    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл: Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих Хүүхдийн төлөө сан байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах хуулийн төслийг боловсруулсан байна.

    Автотээврийн улсын бүртгэлийн дугаарыг үнэ хаялцуулах дуудлага худалдаагаар борлуулж, орлогыг хүүхдийн хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа, бүтээн байгуулалтад зарцуулах талаар Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийг Зам, тээврийн хөгжлийн сайдын хэрэгжүүлсэн. Энэ төрлийн дуудлага худалдааны босго үнийн дүнгээр тооцоход жилд 387 сая төгрөгөөс 6.0 тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр бүрдэх тооцоо гарсан байна.

    Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Хүүхдийн төлөө сангийн хүүхдийн төлөө бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгыг тодорхойлж, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг автотээврийн сонирхол татахуйц улсын дугаарын үнэ хаялцуулах дуудлага худалдаанаас олсон орлого, гадаад улс, олон улсын байгууллага, аж ахуйн нэгжээс хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгосон хандив, тусламж, хувь хүн, хуулийн этгээдээс өргөсөн хандив, буцалтгүй тусламж болон хүүхдийн сайн сайхны төлеө зохион байгуулсан соёл, урлагийн тоглолт, спортын арга хэмжээний орлого, хандиваас бүрдүүлэхээр тодорхойлсон.

    Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийн зарцуулалтыг хүүхдэд зориулсан бодит бүтээн байгуулалт, тив, дэлхийн соёл урлаг, спортын уралдаан тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах гэсэн хоёр чиглэлийг тодорхойлж, Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмыг Засгийн газар батлах заалтыг тусгасан.

    Төсөл батлагдсанаар “НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооны Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим” -ийн хэрэгжилтийг хангах, хүүхдийн хөгжих эрхийн төлөө иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас нийгмийн хариуцлагын хүрээнд өгсөн хандив, тусламжийн хөрөнгө нэгдсэн зохицуулалтаар хүүхдийн хөгжлийг дэмжсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулагдах эрх зүйн орчин бүрдэх ач холбогдолтой.

    Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Эрүүгийн хэргийн яллагдагч төдийгүй иргэн, захиргааны зарим хэрэг, маргаанд оролцогч төлбөрийн чадваргүй хүн, зорилтот бүлгийн иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа нь Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх судалгаануудын дүнгээс харагддаг байна. Иймд эрх зүйн орчныг илүү боловсронгуй болгохоор төслийг шинэчилсэн найруулгын хэлбэрээр боловсруулсан бөгөөд хуулийн төсөлд одоо байгаа хууль зүйн туслалцааны тогтолцоог хэвээр үлдээхийн зэрэгцээ зарчмын шинжтэй зарим зохицуулалтуудыг шинээр тусгажээ. Тухайлбал, улсын өмгөөллийн үйлчилгээг зөвхөн төлбөрийн чадваргүй яллагдагчаар хязгаарлахгүй байхаар төсөлд тусгасан байна. Эрүүгийн хуулийн 12 дугаар бүлэг (хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг), 16 дугаар бүлэг (хүүхдийн эсрэг гэмт хэрэг)-т заасан гэмт хэргийн арван найман насанд хүрээгүй хохирогч, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйл (гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх), 13.1 дүгээр зүйл (хүн худалдаалах)-т заасан гэмт хэргийн төлбөрийн чадваргүй хохирогч, эсхүл хохирогч хүүхэд, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон газар өмчлөх эрх нь зөрчигдсөн захиргааны хэргийн төлбөрийн чадваргүй оролцогч түүнчлэн гэмт хэргийн гэрч хүүхэд, Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл (Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих), 6.20 дугаар зүйл (хүүхдийн эрхийг зөрчих)-д заасан зөрчлийн улмаас эрх нь зөрчигдсөн болон Хүүхэд хамгааллын тухай хуульд заасан эрсдэлт нөхцөлд буй хүүхдэд улсын өмгөөллийн үйлчилгээг үзүүлэхээр хуульчлан, хамрах хүрээг өргөжүүлсэн байна.

    Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэхээс татгалзах үндэслэл, татгалзах шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхийг тодорхой болгох, түүнтэй холбоотойгоор хууль зүйн туслалцаа авч байгаа иргэн болон хуулийг хэрэгжүүлэгч байгууллагын хариуцлагын асуудлыг төсөлд нэмж тусгасан. Түүнчлэн одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа төлбөрийн чадваргүй иргэдэд үзүүлж буй хууль зүйн туслалцааны албан болон албан бус тогтолцоог уялдуулах замаар хууль зүйн туслалцааны нэгдсэн тогтолцоо, мэдээллийн санг бий болгох нь зүйтэй хэмээн үзсэн байна.

    Үүний зэрэгцээ хууль зүйн туслалцаа үзүүлж буй байгууллагын тогголцоо, зохион байгуулапт, чиг үүргийг тодорхойлж, улсын өмгөөлөгчийн эрх зүйн байдал, ажиллах нөхцөл, баталгаа түүнтэй холбоотой бусад харилцааг тодорхой болгож тусгасан.

    Хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагааны санхүүжилтийг бусад орлогын эх үүсвэрээс санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төсөлд тусгасан байна. Мөн хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаан дахь бусад байгууллагын оролцоо, хувийн өмгөөлөгч оролцуулах журам, өмгөөллийн хөлсний санхүүжилтийг тодорхой болгохоор холбогдох зохицуулалтыг тусгажээ.

    Төсөл батлагдсанаар төлбөрийн чадваргүй иргэнд үзүүлэх хууль зүйн туслалцааны тогтолцоо боловсронгуй болж, төлбөрийн чадваргүй байдлаасаа болж хууль зүйн туслалцаа авах эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлж, Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах зэрэг эрх, эрх чөлөө нь баталгаажиж, иргэний үндсэн эрхийн баталгаа сайжирна гэж төсөл санаачлагч үзсэн байна.

    Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл: Согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэх, хэрэглэх, архидан согтуурахтай тэмцэх, архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг цогц байдлаар зохицуулахаар 7 бүлэг 45 зүйлтэй хуулийн төслийг боловсруулжээ.

    Төсөлд “согтууруулах ундаа” гэж хүнсний зориулалтын түүхий эдээр үйлдвэрлэсэн спирт, бүх төрлийн архи, 2-оос дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан дарс, тэдгээрийн үндсэн дээр бэлтгэсэн ундаа, шар айраг, сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг тодорхойлсон байна. Харин “согтууруулах ундааны эргэлт гэж согтууруулах ундааг үйлдвэрлэх, импортлох, экспортлох, хадгалах, худалдах, түүгээр үйлчлэх, хэрэглэхийг тус тус ойлгохоор тодорхойлжээ.

    Төслийн 2 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаатай олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгохоор тусгажээ. Мөн согтууруулах ундааны үйлдвэрлэлд тавигдах шаардлагуудыг шинээр тодорхойлохдоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний тоо хэмжээ, хатуулгийг бүртгэж, эрх бүхий байгууллагад тогтмол мэдээлэх төхөерөмжтэй байх, үйлдвэрлэх шаардлагатай бүтээгдэхүүний зохих доод хэмжээг тусгай зөвшөөрөлд тусгах, орц, найрлага, түүхий эд, этилийн слиртийн агууламж ижил, нэг төрлийн согтууруулах ундааг нэгээс дээш нэрээр үйлдвэрлэхийг хориглох заалтууд оруулсан байна.

    Согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор төсөлд тусгажээ. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийг олгох хэмжээг нийгмийн зарим үзүүлэлтүүдийг харгалзан, урьдчилан тогтоосны үндсэн дээр олгох, ингэхдээ худалдах тусгай зөвшөөрлийг ашгийн төлөө худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд, харин согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хоол үйлдвэрлэл,  үйлчилгээний чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдэд олгохоор тусгасан байна.

    Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох газар, зүйлийн талаарх зохицуулалтыг шинээр боловсруулж, хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд зааснаас гадна согтууруулах ундааг зайнаас (холбоо, мэдээллийн сүлжээ ашиглан) болон өөртөө үйлчлэх автомат төхеерөмж ашиглан, эсхүл гap дээрээс, эсхүл согтууруулах ундааг хаягаар хэрэглэгчид хүргэхийг хориглохоор тусгажээ. Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглох өдөрт Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр, сонгуулийн санал авах өдрийн өмнөх, дараах өдөр гэх зэргийг нэмж “Архигүй өдрийн” тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзсэн байна.

    Аймаг нийслэлийн Засаг дарга, чөлөөт бүсийн захирагч нар харьяалах нутаг дэвсгэртээ согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтыг тусгасан байна.

    Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч нь үйлчлүүлэгчид зориулсан худалдан авсан согтууруулах ундааг хэрэглэх танхимтай байх; тус танхимд халуун, хүйтэн зуушаар үйлчлэх болон ундны усаар үнэ төлбөргүй үйлчлэх; үйлчлүүлэгч худалдан авсан согтууруулах ундаагаа зөвхөн зориулалтын танхимд хэрэглэх; 35 хувиас дээш хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундааг согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөл эзэмшигч үйлдвэрийн лонх, савалгаатай нь худалдаж үйлчлэхийг хориглох гэх зэрэг согтууруулах ундааны хэрэглээ, түүний худалдаатай холбоотой үйл ажиллагааны талаарх шинэлэг зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Мөн согтууруулах ундаагаар үйлчлэх танхимд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох болон хэтрүүлэн хэрэглэсний улмаас үүсэх хор уршгийн талаар санамж, такси, нийтийн тээврийн үйлчилгээний талаарх мэдээллийг байршуулах; согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн бусдад үйлчлэх үүрэг бүхий ажилтан нь согтууруулах ундааны хариуцлагатай үйлчилгээний сургалтад хамрагдсан байх; шаардлагатай тохиолдолд насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн бичиг баримтыг шалгах; 21 насанд хүрээгүй, эсхүл согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцах зохицуулалтыг төсөлд тусгасан байна.

    Төслийн 6 дугаар бүлэгт архидан согтуурах, согтууруулах ундааны хэрэглээг нэмэгдүүлэх зорилго бүхий аливаа үйл ажиллагааг хориглох зохицуулалтуудыг тусгасан бол 7 дугаар бүлэгт согтууруулах ундааны үйлдвэрлэл, импорт, экспорт, реэкспорт, худалдаа, үйлчилгээнд хяналт тавих журам болон хяналт тавих эрх бүхий субъектүүдийг тодорхойлж, тэдгээрийн хэрэгжүүлэх чиг үүргийг тусгасан байна.


    Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл: Дэлхийн шуудан холбоо нь олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тааламжтай нөхцөл бий болгох үүднээс шуудангийн салбарын үйл ажиллагааг зохион байгуулах, боловсронгуй болгон хөгжүүлэх, түүнчлэн шуудангийн салбарт техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн агентлаг юм. Өнөөгийн байдлаар тус холбоонд 192 орон гишүүнээр нэгдсэн бөгөөд холбооны төв нь Щвейцарийн Холбооны Улсын Берн хот, Ази-Номхон далайн бүс нутгийн салбар нь Тайландын Вант Улсын Бангкок хотноо байрладаг байна.

    Дэлхийн шуудан холбооны эрх барих дээд байгууллага нь Бүрэн эрхт төлөөлөгчдийн Их хурал бөгөөд дөрвөн жилд нэг удаа хуралдаж, холбооны дүрэмд оруулах шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хэлэлцэн баталж, уг өөрчлөлтүүдийг гишүүн орнууд дотооддоо хууль болгон батламжилдаг аж.

    Манай улс 1963 онд тус холбооны бүрэн эрхт гишүүнээр элсэж, 1964 онд Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотноо болсон Их хурлаар хэлэлцэн баталсан Дэлхийн шуудан холбооны дүрмийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсныг 1968 онд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар соёрхон баталсан бөгөөд үүнээс хойш 2002 онд Дэлхийн шуудан холбооны дүрмийн 3, 4, 5, 6 дугаар, 2006 онд 7 дугаар, 2011 онд 8 дугаар, 2019 онд 9 дүгээр нэмэлт протоколыг Монгол Улсын хуулиар тус тус соёрхон баталсан байна.

    2018 оны есдүгээр сард Дэлхийн шуудан холбооны Бүрэн эрхт төлөөлөгчдийн ээлжит бус гуравдугаар Их хурал Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Этиоп Улсын нийслэл Аддис Абаба хотноо хуралдаж дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг баталсан байна. Дэлхийн шуудан холбооны дүрэм, түүнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт протоколыг эрх бүхий байгууллагаар заавал батламжлуулах талаар тус дүрмийн 25, 30 дугаар зуйлд заасны дагуу 10 дугаар нэмэлт протоколыг УИХ-аар соёрхон батлуулах шаардлага үүсчээ.

 

Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Хуваалцах:

Холбоотой мэдээлэл