"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 23 дахь дугаарын тойм

  2014-06-23 00:00  220

Эмхэтгэлийн өнөөдрийн дугаарт, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг бүрэн эхээр нь нийтэллээ.

Соёлын өвийг эрэн сурвалжлах, бүртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, үнэлэх, хадгалах, хамгаалах, сэргээн засварлах, сэргээн уламжлуулах, өвлүүлэх, өмчлөх, эзэмших, ашиглах, сурталчлахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулах ажээ.

Тодруулбал, соёлын өвийг биет ба биет бус гэж, харин соёлын биет өвийг түүх, соёлын үл хөдлөх дурсгал болон хөдлөх дурсгалт зүйл гэж ангилжээ. Үүнээс гадна ямар соёлын биет өвийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түүх, соёлын үл хөдлөх, хөдлөх дурсгал буюу дурсгалт зүйлд хамааруулахыг энэ хуулиар тодорхойлж өгсөн байна.

Хуульд соёлын өвийн талаарх төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх нь тодорхой тусгалаа олжээ.

Түүнчлэн соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сан ямар тогтолцоотой байх, судалгаа, шинжилгээг хэрхэн хийх, соёлын өвийг хэн, хэрхэн эзэмших, ашиглах, өмчлөх, өвлөн уламжлах асуудлыг тусгасны зэрэгцээ тэдгээрийн эдлэх эрх, үүргийг хуульчилж өгсөн байна.

Үүнээс гадна соёлын өвийг хамгаалах тогтолцоо ямар байх, дурсгалт газрыг хэрхэн хамгаалах, соёлын өвийг сэргээн засварлах, соёлын өвийг сурталчлах, хяналтыг хэрхэн гүйцэтгэх зэрэг асуудлыг энэ хуулиар зохицуулжээ.

Эмхэтгэлийн шинэ дугаарт, Соёлын өвийг хамгаалах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөх 15 хуулийг тус тус нийтлэв.

Компанийн тухай хуульд ямар хэсэг, заалтыг нэмж, өөрчлөн найруулсныг эмхэтгэлийн энэ удаагийн дугаараас танилцах боломжтой.

Эмхэтгэлд, Компанийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл буцаах тухай, Компанийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг Улсын Их Хурлын тогтоолыг тус тус нийтэллээ.

Мөн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай, Зарим шүүгчдийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай, Зарим шүүгчдийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Мөнгөн шагнал олгох тухай Засгийн газрын тогтоолыг тус тус нийтэллээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


  2016-09-22 09:12  220