ЭЗБХ: Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчийг Байнгын хороо дэмжив

  2018-10-05 17:15  105

    Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2018.10.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 11 цаг 27 минутад эхэлж “Засгийн газрын гишүүнийг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын сайд Г.Занданшатар танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 39.2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-ийг тус тус үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Янгугийн Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилуулахаар холбогдох төслийг танилцуулсан юм. 


    Нэр дэвшигчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Тэрбишдагва, Б.Ундармаа нар салбарын боловсон хүчний бодлогын талаар баримтлах бодлого,  нийслэл дэх түгжрэлийн асуудлыг шийдвэрлэх гарц, шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах чиглэлээр гаргах шийдлийн тодруулсан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ салбарын боловсон хүчний бодлогод гоц анхаарч ажиллахыг хүсэв. “Нийт боловсон хүчний хувьд тамтгаа алдчихсан юм шиг яриад байгаа нь буруу. Би өмнө нь Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, сайдаар ажиллахын зэрэгцээ мөн л боловсон хүчний бодлогод анхаарал хандуулж ажиллаж байлаа. Овоо гайгүй цэгцэлсэн, ажлаа мэддэг хүмүүстэй байх нь таны ажлын үр дүнд чухал нөлөөтэй” гэлээ. Түүнчлэн салбарын үйл ажиллагаагаа мэддэг, зарчимтай мэргэжилтнүүдтэй хамтран өмнөх УИХ, Засгийн газруудын хийж чадаагүй олон асуудлыг шийдэн, төмөр замын бүтээн байгуулалт тэргүүтэй олон ажлыг эхлүүлээд байгааг үргэлжлүүлэхийг хүсээд нэр дэвшигчийг дэмжиж буйгаа илэрхийллээ.


    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан санал хэлэх шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь  Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатарыг Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн хөгжлийн сайдаар томилохыг дэмжлээ. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  


  2018-10-05 11:55  105